Хоёр сая ажилтан Хятад дахь интернэтэд хяналт тавьдаг
Хятад дахь интернэтийг хянаж, цагдах ажилд Бээжингийн
Засгийн газрын хоёр сая гаруй ажилтан цаг заваа зарцуулж суудаг хэмээн албаны “The Beijing News” сонин мэдээлэв. Эрх баригч коммунист дэглэм мэдээлэл, харилцааны кибер
орон зайг хэрхэн, ямар далайцтайгаар хянадаг талаар анх удаа мэдээлэл өгч буй
нь энэ юм. Дээрх хоёр сая төрийн албан хаагч нь мэдээллийг устгах бус, харин
мэдээллийг “замаас нь шүүрч”, олон нийтийн санаа бодол, сэтгэгдэлд дүгнэлт хийх
үүрэгтэй. Харин эрх баригчид энэ дүгнэлт, анализ дээр үндэслэн шийдвэр гаргадаг
аж.
“The
Beijing News” сонин энэ албанд зургаан сар ажиллаж буй Тан Сяотао
хэмээх залуутай уулзаж ярилцсан байна. “Бид өдөр бүр компьютерийн ард сууж, тусгай
програм ашиглан сөрөг мэдээлэл, сэтгэгдлийг шүүрдэж авдаг хэмээн тэрээр ярьжээ.
Энэ зорилгоор ашигладаг програм нь хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологитой
байдаг бөгөөд Хятадын дотор ч, гадна ч веб хуудсуудыг хянах чадвартай байдаг
хэмээн Британийн “ВВС” агентлаг уламжилж байна.
Хятадын коммунист дэглэм интернэт, тэр тусмаа гадаадын хэвлэл
мэдээллийн хэрэгслүүд, нийгмийн сүлжээг хатуу хянаж байдаг билээ. Энэ нь улс
төрийн эсэргүү, тэрс үзлийг дэлгэрүүлэхгүй, нухчин дарж байх аргуудынх нь нэг
юм. Хятадад Weibo
хэмээх олон нийтийн сүлжээ байдаг. 2010 онд байгуулагдсан
энэ сүлжээ нь 500 сая хэрэглэгчтэй, өдөрт 100 сая зурвас, сэтгэгдэл үлдээж
байдаг хамгийн том интернэт сүлжээ юм. Гэвч энэ сүлжээнд улс төрийн утга
агуулгатай үг, зурвас бичигдвэл хэдхэн минутын дараа алга болдог аж. Интернэт,
олон нийтийн сүлжээг хатуу хянадаг нэг жишээ нь энэ юм. Тус улсад сөрөг,
эсэргүү мэдээллийг илрүүлэх үүрэгтэй хоёр сая гаруй хүн ажиллаж байдаг нь интернэтийн
хяналтын цар хүрээг илтгэн харуулж байна.
“АВС”
No comments:
Post a Comment