Monday, October 7, 2013





Э.Сноуден Москвад дэлгүүр хэсч явна

АНУ-ын тагнуулын сүлжээний хамаг нууцыг дэлгээд зугтаасан Эдвард Сноуден хэд хэдэн улс дамжин нуугдсаны эцэст Орост оршин суух эрхтэй болсон билээ. Тэрээр улс төрийн орогнол олж авснаасаа хойш Москва дахь Шереметьево нисэх буудлыг орхин гарч сураг алдраад байсан юм. Тэгвэл тэр цагаас хойш Сноуден анх удаа олон нийтийн өмнө үзэгдлээ. Тэрээр Москва дахь нэгэн дэлгүүрээс худалдаа хийгээд гарч явахдаа гэрэл зурагчийн дуранд олзлогджээ. Өмгөөлөгч Анатолий Кучерений мэдэгдэж буйгаар, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг болон Тагнуулын төв газрын экс ажилтан Эдвард Сноуден одоогоор эрх чөлөөтэй байгаа ч хувийн хэд хэдэн бие хамгаалагчтай явж байгаа аж.
Сноуден дэлгүүрийн тэргэн дээр бараагаа түрэн “америк стиль”-ээр гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаа нь хальсанд буужээ. Ямартай ч тэрээр Оросоос явалгүй, нийслэлд нь суурьшин амьдарч байгаа нь нотлогдов бололтой. Сноуден 2013 оны зургадугаар сард АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн PRISM тагнуулын програм болон бусад нууцыг “The Guardian”, “The Washington Post” сониноор дамжуулан дэлгээд эх орноосоо зугтаасан юм.

Хойд Солонгос армиа бэлэн байдалд оруулав

Өмнөд Солонгосын тал АНУ-тай хамтарсан цэргийн хээрийн сургууль хийх гэж байгаатай холбогдуулан Хойд Солонгосын арми өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ. “АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Вашингтон хэзээ ч Хойд Солонгосыг довтлох санаа агуулаагүй гэж мэдэгдэж байсан нь худлаа боллоо. АНУ хээрийн сургуульд оролцох гэж байгаа нь үүнийг нотлон харуулж байна” хэмээн Пхеньяны төлөөлөгч мэдэгджээ.
Хойд Солонгосын цэргийн анги, нэгтгэлүүд Америк, Өмнөд Солонгосын цэрэг, техникийн хөдөлгөөнийг алдалгүй хянаж, ямар ч тохиолдолд цохилт өгөхөд бэлэн байна хэмээн мэдээлж байна. Хээрийн сургуульд АНУ-ын “Жорж Вашингтон” тээгч хөлөг онгоц оролцох гэж буй нь Пхеньян дургүйг хүргэж байгаа аж. “АНУ Солонгосын хойгийг зэвсэггүй бүс болгохыг хүсч байгаа бол энэ алхмаа өөрсдөөсөө эхэлж хийх ёстой” хэмээн Хойд Солонгосын эрх баригчид мэдэгдэв. Өмнөд Солонгос, АНУ, Японы хамтарсан цэргийн хээрийн сургууль өчигдөр эхэлж гурван өдөр үргэлжлэх ёстой байсан ч бүс нутгийг дайрсан далайн шуурганы улмаас хойшлоод байна.  

“Аль-Кайда”-г дэмжсэн америк иргэн 14 жилийн ял сонслоо

Миссури мужийн шүүх “Аль-Кайда” байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн АНУ-ын иргэн Халид Уазанид 14 жилийн ял оноолоо. Уазани лалын алан хядагч байгууллагад 23 мянган доллар шилжүүлж, цаашид ч санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр зэхэж байсан нь нотлогдсон юм. Мөн тэрээр Ойрхи Дорнод руу явж лалын дайчдын эгнээнд элсэхээр бэлтгэж байжээ.
Уазани террорист бүлгийг санхүүжүүлснээ хүлээж, мөрдөн байцаалтад туслахаа илэрхийлсэн тул прокурорын газраас шаардаж байсанчлан 65 жилийн ял авахаас зайлсхийжээ. Түүний мэдүүлгийн тусламжтайгаар хоёр хамсаатныг нь баривчилж чадсан байна. Мароккогийн уугуул Халид Уазани 2006 онд АНУ-ын иргэн болж байжээ.

Камбожид үер буужээ

Камбожийн бүх газар нутгаар аадар бороо үргэлжлэн орж, хэд хэдэн мужид үер буужээ. Байгалийн гамшиг 83 хүний аминд хүрсний 34 нь хүүхэд байна хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв. Үер 120 мянган га тариалангийн талбайг сүйтгэж, 800 мянган гэр бүлд хохирол учруулаад байна. Олон тооны орон сууц, сургууль, сүм хийд эвдэрч сүйджээ. Засгийн газраас цэргүүдийг дайчилж, гамшигт өртсөн бүс нутагт тусламж үзүүлж байна.

Г.Каспаров, К.Илюмжинов нар ФИДЕ-гийн тэргүүнд нэрээ дэвшүүллээ

Эстонийн нийслэл Таллин хотод Дэлхийн шатрын холбооны (ФИДЕ) ерөнхий чуулган эхлээд байна. ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийн суудалд одоогийн тэргүүн Кирсан Илюмжиновоос гадна шатрын 13 дахь дэлхийн аварга Гарри Каспаров нэрээ дэвшүүлсэн нь хамгийн онцлох үйл явдал боллоо. ФИДЕ-гийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль 2014 оны наймдугаар сард болох юм. Энэ үеэр Тромс хотод дэлхийн шатрын олимпиад болох ажээ.

Иран улс Facebook, Twiiter-ийг сэргээхгүй

Иран улс Facebook, Twitter нийгмийн сүлжээнд холбогдох эрхийг сэргээх гэж байна гэсэн мэдээллийг тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны сайд Махмуд Ваези няцаалаа. “Facebook, Twitter нийгмийн сүлжээнд тавьсан хоригийг цуцлахгүй” хэмээн тэрээр албан ёсоор мэдэгджээ. Ираны Ерөнхийлөгч Хасан Рохани Америкийн “NBC телевизэд ярихдаа Ираны энгийн иргэдийн интернэтэд орох эрхийг хязгаарлах талаар дурдсан юм. Үүний дараа сайд дээрх мэдэгдлийг хийжээ. Өнгөрсөн есдүгээр сард Иранд Facebook, Twitter санамсаргүй тохиолдлоор нээгдсэн ч тэр даруйд нь буцааж хаасан билээ.

Японд 115 нислэг цуцлагдав

Японы зүүн хойд хэсгийн Кюшю арал дээр онц байдал зарлаад байна. Ойртон ирж буй “Данас” далайн шуурганы улмаас 115 нислэгийг хойшлуулжээ. Ихэвчлэн Японы төвийн нутгаас Кюшю, Сикоку арал руу хийдэг нислэгүүд цуцлагдсан аж.
Өчигдөр Кагошима мужийг дайрсан хар салхи цахилгаан дамжуулах шугамыг гэмтээж 17 мянган байшин гэрэл цахилгаагүй болжээ. Далайн шуурганы хурд секундэд 60 метр хүрч байна. Шуурга болж буй бүс нутагт далайн давалгаан өндөр арван метрт хүрчээ.

No comments:

Post a Comment