Sunday, October 20, 2013



Парагвайн Ерөнхийлөгчийн хүү саатуулагдав

Майами дахь цагдаа Парагвайн Ерөнхийлөгч Орасио Картесийн хүүг баривчилжээ. 29 настай Хуан Пабло Картес хүн зодсон хэргээр баривчлагдаж, цагдаагийн хэсэг дээр хүргэгдсэн юм. Түүнийг таван цаг хорьсны эцэст 1500 долларын барьцаагаар сулласан байна. Хуан Пабло Майамид сургуульд сурдаг аж. Тэрээр танхайн хэргээр гурав дахь удаагаа хүргэгдсэн нь энэ бөгөөд дахиад хэрэг түвэг удвал сургуулиас нь хөөнө хэмээн сануулжээ. Ерөнхийлөгч эцэг нь Парагвайн хамгийн баян хүмүүсийн нэг юм. Орасио Картес хүнс, ундаа, тамхины үйлдвэрлэл эрхэлдэг томоохон бизнесмэн ажээ.

“Алиалагчид” мафийн толгойлогчийг бууджээ

Мексикийн Доод Калифорниа мужид болсон хүүхдийн баярын үеэр алиалагчийн хувцастай этгээдүүд “Тихуана” мафийг удирддаг Арельяно Феликсийн гэр бүлийн нэг гишүүнийг буудаж алжээ. 63 настай Франсиско Рафаэль Арельяно Феликс дээр алиалагчийн хувцастай хүмүүс дөхөж ирээд толгой, хүзүү рүү нь буудсан байна.
Франсиско Рафаэль нь “Тихуана” мафийг удирддаг долоон ах дүүгийн хамгийн том нь юм. Түүний дөрвөн дүү Эдуардо, Рамон, Бенхамин, Хавьер нар 1990-ээд оны эхээр Мексикийн хамгийн том мафиудын нэг “Тихуана”-г үүсгэн байгуулж удирдаж байв. Рамон 2002 онд цагдаа нарт буудуулж амиа алджээ. Бусад гурав нь АНУ-д ял эдэлж байна. Эдүгээ “Тихуана” мафийг тус гэр бүлийн эмэгтэй гишүүн Энедина болон түүний хүү Луис Санчес Арельяно удирдаж байна. “Тихуана” нь АНУ-д оруулдаг хар тамхины 30 хувийг хянадаг ажээ.

Афганистанд 22 босогчийг устгав

Афганистанд болсон тусгай ажиллагааны явцад 22 босогчийг устгалаа хэмээн “АР” мэдээлэв. Сүүлийн үед тус улсад талибуудаас гадна бие даасан босогчдын бүлэг олноороо гарч ирж, халдлага, дээрэм хийх нь ихэсчээ. Тусгай ажиллагаа Урузган, Кандагар, Газни мужид явагдсан байна. Ихээхэн хэмжээний зэвсэг, дэлбэрэх бодис хурааж авчээ. Афганы арми ямар ч хохирол амссангүй. Афганистанд өвлийн улирал эхэлж буйтай холбоотой талибуудын байлдааны үйл ажиллагаа эрс цөөрчээ.

АНУ-ын тусгай албад Мексикийн Ерөнхийлөгчийг тагнаж байжээ

АНУ-ын тусгай албад Фелипе Кальдероныг Мексикийн Ерөнхийлөгч байхад нь цахим шуудан руу нь нэвтэрч тагнаж байсан тухай Spiegel мэдээлэв. Энэ нь ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноудений задруулсан нууц материалаас харагдаж байгаа аж. АНУ мөн Кальдероны Засгийн газрын хэд хэдэн сайдын цахим шууданг хулгайлж, Мексикийн дипломат харилцаа, эдийн засаг, аюулгүй байдлын талаарх нууц мэдээллийг олж авч байжээ. 2010 онд эхэлсэн Мексикийн удирдагчдыг тагнах чагнах ажиллагаа Flatliquid хэмээх нэртэй байсан аж. ТТГ-ын экс ажилтны задруулсан нууц мэдээллийг нийтэлсэн “Guardian” сонин хэд хэдэн нэр хүндтэй шагнал хүртсэн билээ.

Египте М.Мурсийг дэмжигчдийг баривчиллаа

Каир хотын хууль сахиулах байгууллагын ажилтнууд экс Ерөнхийлөгч Мохамед Мурсийг дэмжсэн оюутны жагсаалд оролцсон 50 хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн ихэнх нь дэлхийд томоохонд тооцогддог “Аль-Азхар” лалын их сургуулийн оюутнууд байв. Тус сургуулийн 500 орчим оюутан зам хааж, цагдаа нарыг мод, чулуугаар нүүлгэжээ. Мөн хэдэн оюутан их сургуулийн засаг захиргааны байрыг эзэлж, орхин явахыг эсэргүүцсэн тул цагдаа нарт зодуулсан байна. Египетэд өнгөрсөн зургадугаар сард цэргийнхэн Ерөнхийлөгч Мохамед Мурсийг эрх мэдлээс хүчээр зайлуулснаас хойш нөхцөл байдал тогтворгүй хэвээр байна.

Маогийн төрсөн өдрийг 2.5 тэрбум доллараар тэмдэглэнэ

БНХАУ-ын эрх баригчид улс орныг үндэслэгч Мао Зедуны мэндэлсний 120 жилийн ойг нижгэр тэмдэглэхээр зэхэж байна. Моа 1893 оны арванхоёрдугаар сарын 26-нд Хунань мужийн Шаошань хотод төржээ. Шаошань хотын дагуул хот Сянтаньд гол арга хэмжээ болох бөгөөд ойн зочид, шүтэн бишрэгчдийг угтаж авахын тулд барилга байгууламж барих, зам өргөтгөх зэрэг томоохон ажил хийх юм.
Гэвч иргэд, тоймчид Сянтань хотын санаачилгыг ихээхэн шүүмжилж байна. Орчин үеийн Хятад оронд байгаль, ядуурал, эрүүл мэндийн системийн шинэчлэл гээд шийдэх асуудал их байхад нэг хүний ойд ийм их мөнгө зарцуулах нь утгагүй хэмээн олон хүн үзэж байна.

No comments:

Post a Comment