Monday, October 14, 2013




Максим Галкин: Алла шөнө босч хүүхдүүдээ хооллож, живхийг нь сольдог

Жил хагасын өмнө л Примадонна (Алла Пугачева)-гийн дотны найз Алина Редель “Алла, Максим хоёр эцэг эх болохыг мөрөөдөж байна” гэж ярьж байсан билээ. Тэгвэл өнөөдөр оддын хосын мөрөөдөл биелжээ. 64 настай Алла Пугачева, 37 настай Максим Галкин нар Гарри (хүү), Элизабет (охин) гэсэн ихэр хүүхэдтэй болоод байна. Үүнд түрээсийн эх тусалсан ч Алла, Максим хоёр хүүхдүүдийнхээ биологийн эцэг эх юм. Хүүхдүүд есдүгээр сарын 18-нд мэндэлсэн ч өнгөрсөн долоо хоногоос эхлэн баярт мэдээг олонд түгээжээ. Ихрүүд “Мать и дитя” эмнэлгийн Москвагийн захын салбарт алдарт эмч Марк Курцерийн хяналтад төрсөн байна. Лиза, Гарри хоёрт эцгийнх нь овгийг өгчээ. Жүжигчин, элэглэгч, шоумен Максим Галкин “КП” сонинд энэхүү баярт мэдээгээ хуваалцжээ.

-Танд баяр хүргэж, хүүхдүүдэд эрүүл энхийг ерөөе. Алла Борисовна та хоёр ихэр хүүхэд төрнө гэдгийг мэдээгүй гэсэн. Хүү, охины алийг нь илүү хүсч байв даа?
-Ихэр төрөх гэж байна гэдгийг нэлээд хойно мэдсэн л дээ. Энэ бол тун таатай мэдээ байсан. Би зөвхөн хүүхэд л хүссэн. Харин Алла дахин ээж болохыг хүссэн юм. Ямар ч хувилбар бидэнд таатай байсан. Хүү-охин, хүү-хүү, эсвэл охин-охин аль нь байсан хамаагүй, эрүүл саруул мэндлээсэй, аз жаргалтай байгаасай л гэж хүссэн дээ.

-Хүүхэдтэй болъё гэж хэн анх ярьсан бэ?
-Энэ нь Аллагийн санаачилга байсан. Бид хуримаа хийснийхээ дараа л энэ тухай ярих болсон. Алла бүр 11 жилийн өмнө өндгөн эсээ хөлдөөгөөд хадгалчихсан гэж надад хэлсэн юм. Тэгээд л түүний эцэг эх болъё гэсэн гайхамшигтай санааг нь шууд дэмжсэн.

-Та түрээсийн эхийн жирэмслэлтийг хянаж байсан уу?
-Хянаад, үзээд байх нь хаашаа юм, энэ үг тохирохгүй. Алла бид хоёр түрээсийн эх ямар нөхцөлд амьдарч байна, хэрэгцээтэй зүйл нь юу байна, гэдэс нь томрох тусам зохих хувцсаа өмсөж байх ёстой гэдэг дээр анхаарал тавьж байсан. Сүүлийн хэдэн сард гадагшаа гарах зэрэг дээр тээртэй болоод ирэхэд нь түүнд туслах нэг эмэгтэйг гаргаж өгсөн юм. Эмнэлэгт үзүүлэх гээд явахад нь Алла байнга дагаж явсан шүү. Өөр хүнээр хүүхдээ тээлгэх бас л хэцүү юм байна.

-Хүүхдүүдийг өсгөхийн тулд хоёр асрагч хөлсөлсөн гэсэн. Асрагчдыг яаж сонгож авсан бэ?
-Асрагчдыг Алла сонгож авсан. Таньдаг, найз нөхдөөсөө л олж авсан. Асрагч олоход эхнэрийн минь ах, бидний сайн танил дуучин Ирсон Кудикова нар тусласан. Энэ асуудалд их нухацтай хандсан л даа. Жирэмсний сүүлийн хэдэн сард Алла л их анхаарал тавьсан. Би зураг авалттай байсан болохоор олигтой дэм болж чадаагүй. (Максим Украинд “Все могут короли” киноны зураг авалтад оролцож байгаа).

-Хүүхдүүдээ ямар мэргэжилтэй болгохыг бодож амжсан уу?
-Юу ярина вэ! Тэр талаар бодох ч сөхөө алга. Хүүхдүүд маань цагтаа хоолоо идэж, цагтаа унтаж байх нь л чухал байна. Асрагч хөлсөлсөн ч Алла шөнө босч хүүхдүүдээ хооллож, живхийг нь сольдог. Тэд том болоод хэн болж, юу хийх нь одоо сонин биш байна.

-Хүүхдүүддээ тоглоом авч өгсөн л биз дээ?
-Тэгэлгүй яахав. Эргэлддэг тойруулгахан авч өгсөн. Нүднийх нь хөгжилд сайн гэсэн. Жаахан хүүүхдэд ямар тоглоом авч өгдөг билээ дээ, тэр бүгдийг авсан. Бүл нэмэх гэж байгаа гэдгээ ойр дотныхондоо хэлчихсэн байсан. Тэд ч зөндөө тоглоом авч өгсөн. Кристина (Орбакайте), миний ах Дима нар мэдэж байсан болохоор тоглоомоо бэлдчихсэн байсан.

-Гадаадад, гадаад түрээсийн эхэд яагаад хандаагүй юм бэ? Илүү найдвартай юм биш үү?
-Эмнэлгийн энэ салбар манай оронд өндөр түвшинд хөгжжээ. Хоёрдугаарт, энэ тал дээр би их итгэдэг Марк Курцер гээд тодорхой хүн байж байна. Гуравт, би үргэлж ажил дээрээ байж байдаг хүн. Америк, Израильд түрээсийн эхэд хандсан бол эндэх шиг хянаад, анхаарал тавиад байж чадахгүй. Зөвхөн Орост ингэх ёстой гэдэг дээр надад ямар ч эргэлзээ байгаагүй.

-Алла Борисовна хүүхдүүдээ мэндлэхэд нь байсан уу?
-Хийсвэр хагалгаа хийсэн юм. Эхийг нь унтуулсан гэсэн үг. Тийм ээ, Алла тэнд байсан.

-Максим, та их завгүй хүн, телевизийн нэвтрүүлэг, кино гээд. Хэдийдээ хүүхдүүдээ өсгөх болж байна аа?
-Бүх л эцэг эхийн адилаар хүү, охиноо ч өсгөнө, ажлаа ч хийнэ.

Алла Борисовна “КП” сониноор дамжуулан талархлаа илэрхийлжээ.

“Максим бид хоёрын төлөө, хүү, охины минь төлөө баярласан шүтэн бишрэгчиддээ талархлаа. Нөхөр бид хоёр хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан. Энэ хүүхдүүд бол бидний баяр баясгалан. Хүүхдүүд минь эрүүл, жаргалтай байгаасай л гэж хүсч байна. Тэднийгээ хөл дээр нь босгож, өсгөх хүч, эрүүл мэндийг Бурхан надад хайрлаасай. Хүүхдүүд жинхэнэ хайранд умбаж өсөх нь хамгийн чухал. Тэд их бяцхан, их сайн хүүхэд. Максим бид хоёр хүүхдүүдээ харж, хооллож, гар дээрээ авахдаа тун ч жаргалтай байдаг, үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа”.

No comments:

Post a Comment