400 мянган хүнийг шуурганаас зайлуулав
Энэтхэгийн эрх
баригчид түгшүүр зарлаж, улс орны зүүн эргийн 400 мянга гаруй оршин суугчийг шуурганы
аюулаас зайлуулаад байна. “Файлин” хэмээх 240 км/цаг хурдтай далайн шуурга тус
нутгийг дайрч байгаа аж. Английн цаг уурчид шуурганы зэрэглэлийг “нэн аюултай”
хэмээн тодорхойлсон байна.
Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг сургуулийн байранд оруулжээ.
“Файлин” шуурга тосгон, суурингийн модон, сүрлэн байшинг ихээр сүйтгэлээ хэмээн
эрх баригчид зарлав. Сүүлийн 14 жилд Энэтхэгийг ийм хүчтэй шуурга дайрч
байгаагүй аж. 1999 оны далайн шуурганд арван мянган хүн хохирч байжээ.
Венесуэль америк геологчдын хөлөг онгоцыг саатуулав
Венесуэлийн тэнгисийн цэрэг АНУ-ын таван иргэнтэй явж
байсан Teknik
Perdana хөлөг онгоцыг саатуулжээ. Уг хөлөг Венесуэль, Гайана
улсын хоорондох маргаантай усанд геологийн эрэл хайгуул хийж байсан аж. АНУ-ын Anadarko Petroleum
Corp. компанийн захиалгаар ажиллаж байсан Teknik Perdana хөлгийг Венесуэлийн Маргарита арал дээр авчран хориод байна.
Хөлөг онгоц манай мэдлийн усанд зөвшөөрөлгүй орж ирсэн
тул баривчилсан хэмээн Каракас мэдэгдэв. Teknik Perdana хөлөг
онгоц Гайана улсын усанд хайгуул хийж яваад Венесуэлийн усан хилийг нэвтэрсэн
бололтой. Америкийн иргэдтэй хөлөг онгоц баривчлагдсан талаар АНУ-ын эрх
баригчид ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.
Шоколадны академи байгуулагдлаа
Даралт бууруулдаг, сэтгэл сэргээж уран бүтээлийн онгод
өгдөг, исэлдлийн эсрэг сайн эх сурвалж, тансаг гал тогооны нэг салшгүй хэсэг
зэргээр шоколадны магтаал мундахгүй. Зүгээр л амтанд нь дурладаг хүмүүс маш
олон. Тэгвэл Эквадорт энэхүү амттаны сайн талыг сурталчлах, дэлгэрүүлэх
зорилготой Шоколадны академи байгуулагджээ. Мөн шоколадны гол түүхий эд какаог
хэрэглэх соёлыг түгээж, хүмүүсийг шоколаданд улам дурлуулж, какао
үйлдвэрлэгчдийг дэмжиж, нэгтгэх юм.
Андын нурууны Эквадор улс нь жилд 100 мянган тн какао
хурааж авдаг нь дэлхийд зургаад орох үзүүлэлт юм. Мэдээж энэ үзүүлэлтээр
Африкийн Зааны ясан эрэг улс тасархай тэргүүлдэг. Эквадорт хагас сая хүн
какаоны үйлдвэрлэлд ажилладаг ажээ. Шоколадны академийн бас нэг зорилт нь
шоколадыг хамгийн бага хэрэглэдэг Ази тивийг шоколад, какаонд дурлуулж, шинэ
зах зээлийг нээх. Эквадорчууд ийнхүү шоколадны шинэ “тэсрэлт”-ийг эхлүүлэх
санаатай байна.
Хятадууд Их Британид ЦЦС барина
Их Британийн газар нутаг дээр шинэ цөмийн цахилгаан станц
(ЦЦС) барих төсөлд Хятадын төрийн компани оролцохоор боллоо. Их Британийн
Засгийн газар зохих зөвшөөрлийг өгсөн тухай “Financial Times”
сонин мэдээлжээ. Сангийн сайд Жорж Осборн энэ долоо
хоногт Хятадын талтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Ийнхүү Chinese General Nuclear Power Group
Английн баруун хэсгийн Сомерсет гүнлэгт цөмийн цахилгаан станц барихаар болж
байна. Уг төслийн өртөг 21.5 тэрбум доллар. Шинэ ЦЦС-ын нэг мегаватт эрчим хүч одоогийн цахилгааны бөөний үнээс (92 паунд) хоёр дахин үнэтэй байх ажээ.
Эрх чөлөөний хөшөө нээгдлээ
Эрх чөлөөнйи хөшөө байрладаг Либерти-Стейт-Парк зочид
гийчдэд дахин нээгдээд байна. Нью-Йорк мужийн захиргаа АНУ-ын хамгийн алдартай
хөшөөний үйл ажиллагааны зардлыг хариуцахыг зөвшөөрсөн тул ийнхүү дахин нээгдэж
байна хэмээн “АР” агентлаг мэдээлэв. АНУ-ын гол хоёр нам төсөв батлах тал дээр
тохиролцож чадаагүйн улмаас засаг захиргаа зогсолт хийж, улмаар музей,
цэцэрлэг, хөшөөнүүд хаагдаад байгаа билээ. Нью-Йорк муж засаг захиргааны
зогсолт дуустал буюу аравдугаар сарын 17 хүртэл хөшөөний өдөр тутмын 61 мянган
долларын зардлыг гаргахаар болсон байна. Эрх чөлөөний хөшөөнөөс гадна Аризона
муж дахь Их Хавцал, Юта, Колорадо дахь хөшөө дурсгал, цэцэрлэгүүд нээгдэх ажээ.
Аравдугаар сарын 2-нд Эрх чөлөөний хөшөө хаагдсанаар нэг сая долларын хохирол
учраад байгаа юм.
Венецийг үерээс хамгаалах шинэ системийг туршив
Италийн Венеци хотод үерээс хамгаалах шинэ системийг
туршиж байна. Хамгаалалтын анхны дөрвөн хаалтын туршилтад Тээвэр, дэд бүтцийн
сайд Луки Кецио, Венеци хотын дарга Жоржо Орсони нар байлцжээ. Үерийн
хамгаалалтын систем 2016 оноос эхлэн бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Төслийн
нийт өртөг 5.4 тэрбум еврод хүрчээ.
78 хаалттай хамгаалах
систем Венеци хотыг “Өндөр ус” (“Acqua alta”)-наас хамгаалах юм. Энэ
үед далайн усны түвшин 110 см-ээр нэмэгдэж Венецийн гудамж тэр чигээрээ усанд
автдаг ажээ. Тус хотод жилд 5-7 удаа тохиодог Alta aqua нь уран барилгын түүхэн өвд ноцтой заналхийлж,
ард иргэдийн амьдралд ч ихээхэн хохирол учруулдаг ажээ.
No comments:
Post a Comment