Tuesday, October 1, 2013

Кенийн цэргүүдийг дэлгүүр тоносон хэмээн хардав

Хэд хоногийн өмнө Кенийн нийслэл Найроби хот дахь “Уэстгейт” худалдааны төвийг лалын алан хядагчид барьцаалж, чөлөөлөх ажиллагааны үеэр 70 орчим хүн амиа алдсан билээ. Кенийн цэргийнхэн тус төвийг довтолж чөлөөлсний дараа тэнд байдаг дэлгүүрүүдээс үнэт эдлэл, гоёл, гар утас, архи болон касснаас бэлэн мөнгө алдагдсан хэмээн дэлгүүрийн эзэд мэдэгдэж байна. Гэвч бизнесмэнүүдэд үүнийг нотлох баримт байхгүй байгаа аж.
Цэргийнхэн худалдааны төвийг дайран эзэлсний дараа эрх баригчид тус төвийг бүсэлж, зөвхөн тусгай хүчнийхэн болон Засгийн газрын төлөөлөгчдийг оруулж байсан юм. Дэлгүүрийн эзэд өчигдрөөс эхлэн ажлын байр руугаа орж, үлдсэн бараагаа шалгаж байна. Тэд алга болсон барааныхаа жагсаалтыг гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болжээ.

В.Путинийг Нобелийн шагналд нэр дэвшүүлэв

Дэлхийн улс орнуудын холбооны Олон улсын академиас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгааг тус академийн тэргүүн Георгий Трапецников мэдэгдлээ. “Дайн мөргөлдөөнтэй бүс нутагт Ерөнхийлөгч Путиний гүйцэтгэж буй энх тайванч бодлогыг дэлхий даяараа мэднэ. Сири дахь хямралыг яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх үйлст Кремлийн тэргүүн онцгой хүчин чармайлт гаргасан” хэмээн тэрээр онцоллоо. Нобелийн шагналд тодорхойлж буй захидлыг есдүгээр сарын 16-нд Нобелийн шагналын хороонд илгээсэн байна. Захидлыг хүлээж авснаа Нобелийн шагналын хорооноос мэдэгдсэн аж.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “В.Путин Нобелийн шагнал авах ёстой хүн. Түүний хүчин чармайлтаар Сирийн дайныг зогсоох боломжтой болсон” хэмээн ярьжээ. Энэ долоо хоногт Москвад айлчлалаар ирэх Венесуэлийн парламентын тэргүүн Диосдадо Кабельо В.Путинтэй уулзаж Н.Мадурогийн дэмжлэгийг албан ёсоор гардуулах юм.

М.Мурсийг дэмжигчид дахин Тахририйн талбайд цуглав

Египетийн Ерөнхийлөгч асан Мохамед Мурсийг дэмжигчид Каир хот дахь Тахририйн талбайд цуглаж эсэргүүцлээ илэрхийлэх үеэр цагдаа нар хүчээр тараажээ. Цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар, экс Ерөнхийлөгчийг дэмжигч зуу гаруй хүн жагсаалд оролцож, одоогийн эрх баригчдын эсрэг уриа лоозон хашгирч байжээ. Жагсаалын үеэр иргэд болон худалдаачдын хооронд зодоон болсон ч цагдаа нар ирж зохицуулсан байна. Цэргийн шинэ эрх баригчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг нухчин дарах ажиллагаа явуулж буйг жагсагчид эсэргүүцсэн аж.

Ливийн шоронд найман мянган хүн хууль бусаар хоригдож байна

Ливийн шорон гянданд экс Ерөнхийлөгч Муаммар Каддафийн дэглэмийг дэмжсэн хэрэгт буруутгагдсан найман мянга орчим хүн хууль бусаар хоригдож байгааг НҮБ-ын Хүний эрхийн дээд байгууллагаас дуулгалаа. Тэдгээр хүмүүс өмгөөлөгч авах, гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжгүй байгаа аж.  
Каддафийн дэглэм нуран унасны дараа Ливийн шоронгуудад тамлан зовоолт хэрэглэх явдал гаарч, энэ нь үхлээр төгсөх тохиолдол ч гарсан байна. 2012 онд Ливийн шоронд тамлалт, эрүү шүүлтийн улмаас 27 хүн амь насаа алджээ. Баривчлагдсан хүмүүсээс мэдээлэл авч, гэмт хэрэг тулган хүлээлгэхийн тулд эхний өдрүүдэд эрүү шүүлт ашиглаж байгааг НҮБ-ын илтгэлд онцолсон байна. Дамшрамд сонирхуулахад, М.Каддафийн том хүү Саиф аль-Исламыг шүүх хурал арванхоёрдугаар сар хүртэл хойшлогджээ.

Зимбабвейд 91 зааныг хордуулж алжээ

Зимбабвейн хулгайн анчид цианид хэмээх бодисоор 91 зааныг хордуулж алсан тухай “АР” агентлаг мэдээлэв. Хулгайн анчид Хванга дархан цаазат газар нэвтрэн орж, хар зах дээр өндөр үнэ хүрдэг зааны соёог авахын тулд ийнхүү зэрлэг амьтдыг хядсан байна. Зааныг ийм олноор нь алж байсан тохиолдол гарч байгаагүй аж. Заануудыг алт олборлоход ашигладаг цианидаар хордуулсныг мэргэжилтнүүд тогтоогоод байна.






П.Маккартни фэнийхээ захидалд 50 жилийн дараа хариу илгээв

“Битлз” хамтлагийн гишүүн Пол Маккартни 1963 онд шүтэн бишрэгчээс нь ирж байсан захидалд саяхан хариу өгчээ. “ВВС” агентлаг 50 жилийн өмнө дээрх захидлыг илгээж байсан эздийг олж чадсан аж. Ливерпуль хот дахь The Beatles Story музейд сэр Полын захидлын хариуг тэдэнд гардуулж өгчээ. “Таны захидалд талархлаа. Хариу эзэндээ очсон нь сайн хэрэг. Хэзээ ч үгүй байснаас оройтсон нь дээр” хэмээн П.Маккартни хариу захидалдаа бичсэн байлаа. Дашрамд сонирхуулахад, Пол Маккартни саяхан New хэмээх цомгоо гаргажээ. Цомгийн албан ёсны нээлт аравдугаар сарын 14-нд болохоор төлөвлөгдөөд байна.

Сирийн дайнд 115 мянган хүн амиа алджээ

2011 оны гуравдугаар сараас хойш Сирид үргэлжилсээр байгаа иргэний дайн 115 мянга 206 хүний аминд хүрээд байгаагийн гуравны нэг нь энгийн иргэд байна хэмээн НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас мэдэгдлээ. 2011 оны гуравдугаар сарын 18-нд өмнөд хэсгийн Дераа хотод анхны энгийн иргэн амь насаа алдсанаас хойш 41 мянга 533 иргэн амь үрэгдээд байгаа юм. Тэдний зургаан мянга нь хүүхэд, таван мянга орчим нь эмэгтэйчүүд байна. Сөрөг хүчний 21 мянган цэрэг амиа алдсан бол, Сирийн армийн бие бүрэлдэхүүний 28 мянган цэрэг амь эрсэджээ. Ерөнхийлөгч Башар Асадын талд Ливаны “Хезболла” бүлгийн дайчид байлдаж байгаа бөгөөд тэдний эгнээнээс 200 орчим цэрэг амь үрэгдээд байна.
Сирийн армийн цэргүүдэд баривчлагдсан арван мянган хүн хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. Харин сөрөг хүчнийхэн Асадын талыг баримтлагч гурван мянган цэргийг олзлоод байгаа юм. Сирийн иргэний дайны хөлөөс хоёр сая гаруй хүн зугтаж дүрвээд байна хэмээн НҮБ-аас мэдэгдлээ.

No comments:

Post a Comment