Wednesday, October 2, 2013



Энрике, Анна хоёр салсан уу

Испанийн алдарт дуучин Энрике Иглесиас, Оросын теннисч бүсгүй Анна Курникова нарыг тойрсон шуугиан дэгдсэний дараа “New York Times” сонин хосыг тусдаа амьдрах болсныг мэдээлжээ. Тэд Майами дахь Бэй Пойнт дүүрэгт хамтын амьдралаа цэцэглүүлэх тансаг байшин бариулж байснаа худалдаанд тавьжээ. Усан сан, цэцэрлэг, гурван унтлагын өрөө, бяцхан амьтны хүрээлэнтэй энэ байшинг зуучлалын пүүсээр дамжуулан 10 сая доллараар худалдаанд тавьсан нь тодорхой болоод байна. Анна хайрт испани залуугаа гэрлэх санал тавихыг хүлээсээр байгаад залхсан гэж хэвлэлд бичжээ. Харин Энрике гэрлэхгүйгээр хүүхэдтэй болцгооё гэдэг бололтой. Дуучин, тамирчин хоёр 12 жил хамт амьдарч байгаа билээ.

Кенийн цэргүүдийг дэлгүүр тоносон хэмээн хардав

Хэд хоногийн өмнө Кенийн нийслэл Найроби хот дахь “Уэстгейт” худалдааны төвийг лалын алан хядагчид барьцаалж, чөлөөлөх ажиллагааны үеэр 70 орчим хүн амиа алдсан билээ. Кенийн цэргийнхэн тус төвийг довтолж чөлөөлсний дараа тэнд байдаг дэлгүүрүүдээс үнэт эдлэл, гоёл, гар утас, архи болон касснаас бэлэн мөнгө алдагдсан хэмээн дэлгүүрийн эзэд мэдэгдэж байна. Гэвч бизнесмэнүүдэд үүнийг нотлох баримт байхгүй байгаа аж.
Цэргийнхэн худалдааны төвийг дайран эзэлсний дараа эрх баригчид тус төвийг бүсэлж, зөвхөн тусгай хүчнийхэн болон Засгийн газрын төлөөлөгчдийг оруулж байсан юм. Дэлгүүрийн эзэд өчигдрөөс эхлэн ажлын байр руугаа орж, үлдсэн бараагаа шалгаж байна. Тэд алга болсон барааныхаа жагсаалтыг гаргаж, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болжээ.

Ливийн шоронд найман мянган хүн хууль бусаар хоригдож байна

Ливийн шорон гянданд экс Ерөнхийлөгч Муаммар Каддафийн дэглэмийг дэмжсэн хэрэгт буруутгагдсан найман мянга орчим хүн хууль бусаар хоригдож байгааг НҮБ-ын Хүний эрхийн дээд байгууллагаас дуулгалаа. Тэдгээр хүмүүс өмгөөлөгч авах, гэр бүлийнхэнтэйгээ уулзах боломжгүй байгаа аж. 
Каддафийн дэглэм нуран унасны дараа Ливийн шоронгуудад тамлан зовоолт хэрэглэх явдал гаарч, энэ нь үхлээр төгсөх тохиолдол ч гарсан байна. 2012 онд Ливийн шоронд тамлалт, эрүү шүүлтийн улмаас 27 хүн амь насаа алджээ. Баривчлагдсан хүмүүсээс мэдээлэл авч, гэмт хэрэг тулган хүлээлгэхийн тулд эхний өдрүүдэд эрүү шүүлт ашиглаж байгааг НҮБ-ын илтгэлд онцолсон байна. Дамшрамд сонирхуулахад, М.Каддафийн том хүү Саиф аль-Исламыг шүүх хурал арванхоёрдугаар сар хүртэл хойшлогджээ.

No comments:

Post a Comment