Sunday, October 20, 2013





Хятад мөрөөдөл: цэргээс тэрбумтан хүртэл

Ван Жианлин гурван аравны дотор жирийн бор цэргээс улс орны хамгийн баян хүн болж “Хятад мөрөөдөл”-ийн шинэ дүрээр тодорчээ. “Форбс” сэтгүүлд нийтлэгдсэн Азийн луу улсын баячуудын жагсаалтыг тоосгоны бизнесээр “хөл дээрээ боссон” Ван Жианлин 14.1 тэрбум долларын хөрөнгөөр тэргүүлжээ. Түүний үүсгэн байгуулсан Dalian Wanda групп эдүгээ Хятад дахь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр манлайлагч болжээ. Тус улс дахь үл хөдлөх хөрөнгийн наймааны “тэсрэлт” болон Жианлины ухаалаг хөрөнгө оруулалтын ачаар түүний хөрөнгө сүүлийн нэг жилийн дотор гэхэд л зургаан тэрбум доллараар нэмэгдсэн байна. Хэдийгээр энэ оны эдийн засгийн өсөлт 1999 оноос хойш хамгийн бага түвшинд байсан ч баячуудын хөрөнгө чинээ буурсангүй, харин ч үлэмж нэмэгджээ. Тэнд наймаа, арилжаа коммунист хэмээх тодотголтой дэглэмийн хараа хяналт дор явагддаг. Магадгүй энэ шалтгааны улмаас ч баячуудын хэтэвч улам зузаарсан байж болох юм.
Сычуань мужийн уугуул (1995) Ван Жианлин эцгийнхээ араас замнаж өсвөр насандаа Ардын чөлөөлөх армийн эгнээнд элсчээ. Эцэг нь 1934-35 онд Мао Зедуны хамтаар “Урт жагсаал”-д оролцож, японуудын эсрэг дайнд тулалдаж явжээ. Ван армид элсээд цол ахин офицер болж, 16 жил зүтгэсний дараа Хятадын хойд хэсгийн Далиан боомт дээр үл хөдлөх хөрөнгийн наймаа эрхлэхээр шийджээ. Далиан боомтыг хариуцаж байсан үл хөдлөх хөрөнгийн компани нь өр ширэндээ баригдсан хэцүүхэн газар байлаа. Тэрээр ажилсаг, сэргэлэн чанараараа шалгарч, албан тушаал ахисаар 1993 онд компанийнхаа ерөнхий захирал болжээ. Яг энэ үед алдарт Бо Силай хотын даргаар ирж байсан гэдэг. Бо Силайн алдар цуу хэсэг мандаж байснаа гэнэт авлигын хэрэгт холбогдон өнгөрсөн есдүгээр сард насаараа хоригдох  ялаар шийтгүүлсэн билээ.
Улс төр, цэрэг, эдийн засгийн эрх мэдэл нь нягт сүлбээ холбоотой байдаг авторитар дэглэмд Ван Жианлины Dalian Wanda групп хөгжин цэцэглэх шиг л болсон нь зүгээр санамсаргүй тохиолдол байж ч болох. Ван бол бүхнээс хүчирхэг Хятадын армитай дотно, зузаан харилцаа, сүлбээтэй, Далианд Бо Силайтай ч ойрхон байсан болохоор үл хөдлөх хөрөнгийн “тэсрэлт” автоматаар ашиг орлогыг нь нэмэгдүүлсэн гэж хэлэх хүн байдаг. Сүүлийн хэдэн жилд Хятадад үл хөдлөх хөрөнгийн наймаа, үнэ цэнэ “хаданд гарч”, ард иргэдийн амьдралын түвшин сайжирснаар олон тэрбумтныг төрүүлсэн юм. Сүүлийн 20 жилд улс орон даяар “Wanda Plaza буюу Ван Жианлины эзэмшлийн 72 худалдааны томоохон төв баригджээ. Тэнд супермаркет, албан өргөө, кино театр гээд бүх юм бий. Жианлин өнгөрсөн онд AMC Entertainment Holdings группыг хоёр тэрбум еврогоор худалдаж авснаар кино театрын дэлхийн хамгийн том сүлжээний эзэн болоод байна.
“Хятад дахь хэрэглээ өндөр түвшинд хүрчихсэн. Төсөөлөхийн ч аргагүй өндөр, их болсон байгаа” хэмээн тэрээр зургадугаар сард Бээжин хотноо сэтгүүлчдийн өмнө мэдэгдэж байв. Ван Жианлин “эзэнт гүрэн”-ээ өргөжүүлж, ирэх онд “Wanda Plaza”-гийн тоог 110-д хүргэхээр төлөвлөж байна. Түүний олж буй ашиг зөвхөн Хятад дахь кино театр болон үл хөдлөх хөрөнгөөр зогссонгүй. Ван өнгөрсөн зургадугаар сард Жеймс Бондын кинон дээр гардаг дарвуулт хөлгийг нийлүүлдэг Британийн хөлөг онгоцны Sunseeker International Ltd компанийг 1.2 тэрбум еврогоор худалдаж авсан байна. Хятадын тэргүүн баян гадаад дахь нэр, нөлөөгөө нэмэгдүүлж, хэтэвчээ зузаатгахын тулд Лондоны Темза мөрний эрэг дээр тансаг орон сууц барих гэж байгаа нь ил болоод байгаа юм.
Гэвч Ван Жианлины сүүлчийн төсөл нь үнэхээр бахдууштай. Тэрээр зүүн хэсгийн Киндао хотод 20 кино театр, студи, дээд зэрэглэлийн найман зочид буудал, сэдэвчилсэн парк, усанд шумбах клуб тэргүүтэй “Made in ChinaHollywood-ийг барьж байгуулах юм. Нээлтэд нь Леонардо ди Каприо, Николь Кидман, Жон Травольта нарын оддыг урихаар төлөвлөж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 30-нд санхүүгийн жил хаахад Ван Жианлины цэвэр орлого 19.4 тэрбум еврогоор тоологджээ. Дэлхийн шинэ хүчирхэг гүрний хамгийн баян хүн болж чадсан жирийн цэрэг эрийн бизнесийн амжилт “Хятад мөрөөдөл”-ийн тод жишээ болж байна.

No comments:

Post a Comment