Сирид Улаан загалмайн ажилтнуудыг хулгайлжээ
Сирийн Идлиб мужид Олон улсын Улаан загалмайн долоон
ажилтныг хулгайлжээ. Хулгайлагдсан ажилтнууд ямар улсын иргэншилтэйг
мэдээлсэнгүй. Тэд орон нутгийн эмнэлэгт эм, тариа хүргэчихээд Дамаск руу буцаж
явсан аж. Хүмүүнлэгийн ажилтнуудыг босогчид, эсвэл Башар Асадын талынхан
хулгайлсныг мэдэх боломжгүй байна.
Сирийн баруун хойд хэсгийн Идлиб мужид босогчдын янз
бүрийн бүлэг холхиж байдаг аж. Энэ сард Сирид Францын хоёр сэтгүүлч
хулгайлагдсан юм. Мөн есдүгээр сард Испанийн нэг сэтгүүлч барьцаалагджээ.
Барьцаалагдсан хүний ар гэр болон ажил олгогчдоос золиосны мөнгө нэхэж байгаа
аж.
Сэжигтний ам зургийг гаргажээ
Их Британийн цагдаа 2007 онд Португалд англи охин Мадлен
Макканнийг хулгайлсан хэрэгт холбоотой байж болох эрийн ам зургийг гаргаж
тараалаа. Фото робот дээр дүрслэгдсэн эр Мадлен охин алга болох өдөр
Прайа-де-Луж амралтын газар үзэгдсэн аж. Хоёр гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн
дээрх ам зургийг гаргажээ.
Мадлен охин 2007 оны тавдугаар сарын 3-нд Португалын
Прайа-де-Луж амралтын газраас алга болсон юм. Эцэг эх түүнийг ой дөрвөн сартай
ихэр дүүтэй нь орхиод хооллохоор явсан байжээ. Португалын цагдаа энэ хэрэгт 41
хүнийг сэжиглэн шалгасан ч гэмт хэрэгтнийг олж чадаагүй билээ. Британийн цагдаа
дээрх ам зургийг Португалын цагдаад өгчээ. Британийн цагдаа энэ эрийг Мадлен
охиныг хулгайлсан хэрэгт холбоотой хэмээн үзэж байна. Тэрээр 30-40 орчим
настай, германаар ярьж байсан аж.
Шахцалдаанд 100 гаруй хүн амиа алдлаа
Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид олон хүний шахцалдаан
болсны улмаас 100 гаруй хүн амь насаа алдаад байна. Тэдний дотор 30 орчим
хүүхэд байгаа аж. Сүмд мөргөхөөр явж байсан хүмүүс гүүрэн дээр байхад
шахцалдаан үүсчээ. Гүүр нурах гэж байна гэж сонссон хүмүүс эмх замбараагүй
байдал үүсгэж, цагдаа нар бороохойтой ирж зохицуулах гэж оролдсоноор байдал бүр
мууджээ. Олон хүн хүмүүсийн хөлд дарагдаж, зарим нь амь аврагдахын тулд гол руу
үсэрчээ. 50 мянга орчим мөргөлчин шашны баяр тэмдэглэхээр сүмд цуглаад байсан
аж. Эрх баригчид олон хүнийг үхэлд хүргэсэн нөхцөл байдлыг судалж, зарим хүнийг
баривчлаад байна.
В.Жириновский цагаачдыг хөөж гаргах санал дэвшүүлэв
Дум дахь Либерал ардчилсан намын хэсгийн ахлагч Владимир
Жириновский улс орноос гадаадын цагаачдыг хөөж гаргах санал дэвшүүлжээ. “Үндэсний,
дотоодын цагаач иргэдэд ажил өгөх хэрэгтэй. Гадаадын ажиллах хүчнээс татгалзах
гурван жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй” хэмээн тэрээр ярьж
байна.
Түүний санал болгосноор, хөдөлмөр эрхэлж буй гадаадын
цагаачдын бичиг баримт, гэр, ажлын байрыг нь шалгаж, галт зэвсэг, хүйтэн зэвсэг
илэрвэл шууд хөөж гаргах ёстой аж. Гэмт хэрэг үйлдээгүй ч хөөж гаргах ёстой
хэмээн үзэж байна. Харин тэдний үлдээсэн ажлын байрыг дотоодын цагаачдад өгөх
нь зүйтэй хэмээн Жириновский үзэж байна.
Хятадын эрх баригчид хоёр мянган нүүрсний уурхайг хаана
Нүүрс олборлолтын үеэр гарч буй эмгэнэлт явдал
түгшүүртэйгээр нэмэгдэж буйтай холбогдуулан Хятадын Засгийн газар хоёр мянга
гаруй уурхайг хаахаар зэхэж байна. Уурхайчдын амь насанд заналхийлж буй том бус
уурхайнуудыг хаах аж. Том уурхайнуудад шалгалт явуулж, зохих стандартыг
хангасны дараа олборлолт явуулахыг зөвшөөрч байгаа аж. Шинэ уурхай нээхэд илүү
хатуу чанд шалгуур тавихаар болжээ. 2012 онд Хятадын нүүрсний уурхайнуудад 1300
гаруй хүн амиа алдсан байна.
Бразил цахим шуудангаа тагнуулаас хамгаална
Бразилийн Засгийн газар цахим шуудангаа тагнуулаас
хамгаалахын тулд бүх хүчин чармайлтаа гаргахаа амлалаа. Ерөнхийлөгч Дилма
Руссеф “Албан ёсны мэдээлэл, захидал солилцоог болзошгүй тагнуулын
ажиллагаанаас хамгаалах цаг боллоо. Холбооны Засгийн газрын цахим системийг
найдвартай болгох, халдлага, тагнуулд өртөхгүй байлгах үүргийг өгөөд байна”
хэмээн мэдэгдэв.
АНУ, Канад хоёр хамтран
Бразилийн Ерөнхийлөгч болон Бразилийн уул уурхай, эрчим хүчний яамыг цахим
аргаар тагнаж байсан нь Тагнуулын төв газрын ажилтан Эдвард Сноудений
задруулсан нууц материалаас ил болсон билээ. Үүний улмаас хатагтай Д.Руссеф
АНУ-д хийх гэж байсан айлчлалаа цуцласан юм.
No comments:
Post a Comment