Tuesday, October 1, 2013



Унгар улс тэнэмэлүүдээ шийтгэнэ

Унгарт амьдардаг хэдэн мянган тэнэмэл, орон гэргүй хүмүүсийг ихээхэн “хатуу өвөл” хүлээж байна. Парламентын суудлын гуравны хоёрыг эзэлж, илт давуу эрхээ тогтоосон консерватив Фидес нам гудамжинд амьдардаг хүмүүсийг торгох, олон нийтийн хөдөлмөр хийлгэх, бүр шоронд хорих хүртэл шийтгэл оногдуулах хуулийг баталжээ. Орон гэргүй хүмүүст ингэж хатуу хандаж, шийтгэх нь хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг хэмээн Human Rights Watch байгууллага болон орон нутгийн төрийн бус байгууллагууд үзэж байгаа юм. Унгарын гүйцэтгэх засаглалын тэргүүн Виктор Орбан энэ бодлогынхоо төлөө Европ даяар шүүмжлүүлж байна. Тэрээр олон нийтийн газарт эмх журмыг баталгаажуулж, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд ийм арга хэмжээ авсан тухайгаа Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ.
Хотын захиргаанаас орон гэргүй хүмүүсийн байх ёсгүй газар, бүсийг тогтоож өгөх аж. Хамгийн түрүүнд соёлын өв, дурсгал бүхий газар, түүний эргэн тойронд тэнэмэл хүмүүс харагдах ёсгүй хэмээн хотын захиргааны төлөөлөгч Балинт Мисетиц ярилаа. Түүх, соёлын дурсгалаараа алдартай Будапешт хотын төв үүнд бүрэн хамрагдаж байгаа юм. Энэ цаг мөчөөс хойш эдгээр бүс нутагт ямар нэг тэнэмэл, орон гэргүй хүн харагдах юм бол цагдаа очиж тэндээс явах шаардлага тавих аж. Шаардлагыг үл биелүүлбэл 6-180 цагийн олон нийтийн албадан хөдөлмөр эрхлүүлэх шийтгэл оноох ажээ. Үүнийг эс зөвшөөрвөл хуулийн дагуу 500 хүртэл еврогоор торгоно. Тэнэмэлүүд энэ зөрчлийг зургаан сарын дотор гурван удаа давтвал 1-60 хоног шоронд хорих ялаар шийтгэх юм. Оромж, овоохой босгон амьдарч байгаа хүмүүст энэ хууль мөн хамаатай хэмээн эрх баригчид мэдэгдэж байна.
Орон гэргүй хүмүүсийн эсрэг чиглэсэн Орбаны Засгийн газрын энэхүү бодлого нь шинэ зүйл биш. 2012 оны арваннэгдүгээр сард Унгарын Үндсэн хуулийн шүүх ийм агуулгатай хуулийг хүчингүй болгож байжээ. Гудамжинд амьдарч байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн шиг үзэж шийтгэх нь хүний эрхийг хамгаалах, хүндэтгэж үзэх зарчимтай зөрчилдөж байна гэж үзээд цуцалж байсан аж. Гэвч энэ нь Виктор Орбаныг “нугалж” чадсангүй. Тэрээр тэнэмэл хүмүүсийг шийтгэх хуулийг дахин парламентаар оруулж батлуулж чадлаа.
Унгар дахь хүний эрхийг хамгаалагчид дээрх хуулийг эсэргүүцэж байна. Фидес нам 2010 онд сонгуульд илт давамгай ялалт байгуулснаасаа хойш орон гэргүй хүмүүсийн эсрэг хатуу ширүүн бодлого явуулж иржээ. “Тэднийг шийтгэж, торгосноор ядуурал арилахгүй. Тэр хүмүүс өөрсдийн хүслээр гудамжинд амьдраагүй. Өөр сонголтгүй болоод л тэгж яваа хүмүүс. Тэнэмэл хүмүүсийг орогнуулдаг газрууд дүүрчихээд байна. Зөвхөн Будапешт хотод гэхэд л дөрвөн мянган тэнэмэл хүнийг орогнуулах газар дутагдаж байна” хэмээн хүний эрхийн байгуулагын ажилтан ярилаа. Харин Засгийн газраас тэнэмэл хүнийг хонуулах газар хангалттай байгаа, энэхүү шинэ хууль нь орон гэргүй хүмүүсийн ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалахын төлөө батлагдсан хэмээн мэдэгдэж байна.

No comments:

Post a Comment