Wednesday, October 30, 2013






Титогийн эхнэрийн шарилаас цэргийн шагналуудыг хулгайлжээ

Югославын лидер Иосиф Броз Титогийн эхнэр Йованка Брозын шарилаас цэргийн таван одон медаль хулгайд алдагджээ. Йованка Броз саяхан нас барж түүнийг аравдугаар сарын 26-нд Белград дахь бунханд оршуулсан юм. Оршуулгын дараа шарил дээр Йованкагийн авсан одон медалийг тавьсан байжээ. Тэрээр дэлхийн II дайны үед Югослав дахь фашизмийн эсрэг нууц бүлгэмд элсэж тулалдаж явсныхаа төлөө одон, медалиар шагнуулж байв. Иосиф Титогийн гурав дахь эхнэр Йованка Броз 2013 оны аравдугаар сарын 20-нд 88 насандаа таалал төгсчээ.

Австралиуд Азийн орнуудыг тагнадаг байжээ

Австралийн тагнуулын албад элчин сайдын яамдаараа дамжуулан Азийн орнуудыг тагнадаг байсан тухай Sydney Morning Herald сонин Эдвард Сноудений задруулсан мэдээллээс иш татан мэдээлэв. Австралийн Радио техникийн хамгаалалтын удирдлага хэмээх маш нууц байгууллага гадаад дахь элчин сайдын яамаараа дамжуулан тагнуулын мэдээлэл цуглуулдаг аж. Жакарта, Бангкок, Ханой, Бээжин, Дели, Куала-Лумпур хотод Австралийн тусгай албад идэвхтэй ажилладаг байжээ. Австрали улс АНУ, Канад, Их Британи, Шинэ Зеландтай хамтран Stateroom хэмээх ажиллагааны хүрээнд дээрх тагнуулын ажиллагааг явуулдаг байсан аж.

Турвал романтик бус болно

Турах нь романтик харилцаанд саад болдог хэмээн Америкийн эрдэмтэд баталж байна. Судлаачид хоёр жилийн дотор 15 кг жин хаясан 42 хосыг ажигласны эцэст ийм дүгнэлт хийжээ. Турснаар сексийн харилцаа, хооллох дэглэм, амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байгаа нь харагдсан байна. Мэдэгдэхүйц жин хаясан хосуудын бараг тал хувийн нь харилцаа муудаж, салалтаар төгсч байжээ. Турж, жин хассанаар мэдрэлийн систем цочролд орж, аливаа өөрчлөлтөд хүчтэй хариу барьдаг хэмээн эрдэмтэд үзэж байна.

Нью-Йоркт 21-ээс доош насныханд тамхи худалдахгүй

Нью-Йоркийн эрх баригчид 21-ээс доош насныханд тамхи худалдахыг хориглосон шийдвэр гаргалаа. Хотын зөвлөлийн хурал дээр олонхийн саналаар ийм шийдвэр гарчээ. Хоригийг 35 хүн дэмжиж, 10 нь эсэргүүцсэн байна. Энэ хориг батлагдсаны дараа тус хотын 18-20 насны тамхичид 55 хувиар багасна хэмээн тооцоолжээ. 21-ээс доош насныханд тамхи, мөн электрон тамхийг ч хориглож байна. Нью-Йорк нь баар, ресторан, олон нийтийн газар тамхи татахыг хориглосон АНУ-ын анхны хот юм. Анх энэ шийдвэрийг дургүйцэн хүлээн авч байсан ч эдүгээ бүгд хүлээн зөвшөөрдөг болжээ.

Киргизид хуримыг “бөөндөв”

Киргизийн нийслэл Бишкек хотод 50 хос зэрэг хуримлав. “Бөөн хурим”-ыг Киргизийн Хөдөлмөрийн яам болон Залуучуудын холбоо хамтран зохион байгуулжээ. Хуримын хувцас, бэлэг, бөгж гээд бүх зардлыг улсын төсвөөс гаргасан байна. Үүнийг мэдсэн киргиз хосууд олноороо хуримаа хийх хүсэлтээ илэрхийлсэн ч тоог 50 хосоор хязгаарлажээ. Энэ ёслол ямар ч шашинтай холбоогүй, зүгээр л иргэний хурим хэмээн хотын захиргаанаас зарлав. Киргизийн эртний ёсонд ингэж бөөнөөрөө хуримладаг байжээ.

Эрчүүдийн амьдрал хэзээ эхэлдэг вэ

Эр хүний амьдрал 40 наснаасаа эхэлдэг гэж үздэг байлаа. Тэгвэл саяхан явуулсан судалгаагаар, эрчүүдийн амьдрал үнэндээ 54 наснаас “эхэлдэг” болох нь харагджээ. Тэд энэ л насандаа тайвширч, санаа зовох зүйлгүй болж, “нас биед” хүрснээ мэдэрч, амьдрал нь налайж ирдэг байна.
Өмнөх үеийнхэн эрт эцэг болж, санхүүгийн бэрхшээлд орох нь их байдаг байсан бол сүүлийн үеийнхэн ийм дарамтаас ихээхэн ангижирчээ. Эдүгээ эрчүүдийн гуравны хоёр нь 30 орчим насандаа анх удаа эцэг болж байгаа аж.
Тэгвэл эрчүүд юунаас айдгийг бас тодруулсан байна. Тэд ихэвчлэн ганцаардал, эрүүл мэнд, санхүүгийн бэрхшээл, бие бялдар нь сульдаж доройтохоос айдаг. Мөн хараа, шүд муудах, салалт болон чалхгүй болохоос айдаг ажээ.




Жон Ёл Парк: “Үхэхээсээ өмнө ах дүү нартайгаа уулзмаар байна”

Жон Ёл Парк Солонгосын дайны үр дагаварыг биеэрээ амссан хүн. Цэл залуу явсан Жон Ёл бүсгүй эцэг эхээ дайнд амь үрэгдэхийг үзэж, таван ах дүүгээсээ салж, хоёр долоо хоног газраар, далайгаар зугтаж Өмнөд Солонгос дахь дүрвэгсдийн хуаранд ирж байжээ. Тэр цагаас хойш 60 гаруй жил өнгөрсөн ч эмгэнэл, зовлонгийн ул мөр амьдралд нь үргэлжилсээр. Жон Ёл Парк ах дүү нараа олж уулзах гэж ихээхэн хүчин чармайлт гаргасан ч чадаагүй л явна. Хоёр Солонгос гурван жилийн турш хэлэлцээ хийж өнгөрсөн есдүгээр сарын 25-30-нд салсан гэр бүлийнхний уулзалтыг зохион байгуулахаар тохиролцсон ч хойдууд гэнэт “Өмнөд Солонгос энэ сэдвийг улстөржүүлж байна” хэмээн мэдэгдэж хэлснээсээ буцжээ. Ийнхүү Жон Ёлын мөрөөдөл талаар болоод байна. Тэрээр “La Vanguardia” сонинд ярьж байна.

-Хойд Солонгосыг орхиж гарах болсон тэр цаг мөчөөс юу дурсагддаг вэ?

-Солонгосын дайны үеэр манай гэр бөмбөгдөлтөд өртөж, эцэг эх минь амь үрэгдсэн. Бид жаахан байсан. Тэр үед ууланд гарч нуугдах хэрэгтэй болсон доо. Сөүлээс нэг хамаатан минь ирж, бид ганцаархнаа үлдсэн гэдгийг хэлэх хүртэл ууланд нуугдаж байсан юм.

-Тэр та нарт юу санал болгосон юм?

-Тосгонд байгаад байж болохгүй, надтай хамт Сөүл яв гэж хэлсэн. Би тэр үед 19-хөн настай, ирээдүй маань тэнд л харагдаж байсан. Би явахыг зөвшөөрсөн ч таван ах дүү минь үлдэхээс өөр аргагүй болсон доо. Би Сөүлд очиж, ажил их хийж мөнгө олоод буцаж ирж ах дүү нартайгаа уулзана гэж бодсон.

-Тэгээд юу болсон бэ?

-Гэвч дайны дараа тэд нартайгаа холбоо тогтоох ямар ч боломжгүй болсон. Сураг алдарч, харилцая, холбогдоё гэхээр зөвшөөрдөггүй байсан. Би өдөр бүр бага дүүгээ санадаг. Тэр жаахан хүүхэд байсан, намайг аваад яваач гэж уйлж байсан юм. Би “Үгүй, хангалттай мөнгө алга. Би сайн ажиллаад буцаж ирнэ” гэж хэлж байлаа. Харамсалтай нь тэгж чадсангүй, би үүнд их харамсдаг. Маш их харамсдаг.

-Дүрвэж гарсан эхний он жилүүд хэрхэн өнгөрөв?

-Сөүлд хүрэхийн тулд хоёр долоо хоног газраар, усаар явсан. Олон ч хүн байсан, би их залуу, жаахан байсан. Тийшээ очоод аав ээжээ, ах дүү нараа, эх нутгаа их санадаг байлаа. Тэгээд сургуульд сурч, гэрлэж, гурван хүүхэдтэй болсон. Нэг хүүхэд минь саяхан нас барчихсан.

-Улаан загалмайн нийгэмлэг салсан гэр бүлүүдийн талаар  судалгаа явуулж байгаа. Та ах дүү нарынхаа талаар аль хэр сураг гаргасан бэ?

-Юу ч мэдэхгүй байна. Таван ах дүү минь хаана байгаа талаар сураг ч алга. Үхсэн, амьдийг нь мэдэхгүй байна.

-Ямар нэг аргаар холбоо тогтоож чадаагүй гэж үү?

-Хэдэн жилийн өмнө ах дүү нарын минь амьдарч байсан тосгонд амьдарч байсан нэг хүнтэй уулзсан. Тэр тэндээс зугтаж гараад, Канадад амьдарч байсан. Манай ах дүү нарын талаар юу мэдэх вэ, яг тэнд амьдарч байсан гээд хаягийг нь хэлсэн ч тэр хүн надад юу  ч хэлж чадаагүй. Гурван жилийн дараа тэр хүн над руу залгаж таван ах дүүгийн минь дөрөв нь нас барчихсан гэж хэлсэн дээ. Тэдний дотор бага дүү минь байсан. Би түүндээ их хайртай байсан, буцаж ирээд аваад явна гэж дүүдээ амлаж байсан юм.

-Салсан гэр бүлүүдийн уулзалтыг сэргээвэл та аль нэг дүүтэйгээ уулзах найдвар байна уу?

-Эмэгтэй дүү Ёб Сон Парк минь л амьд байгаа гэж дуулсан. Гэвч би бүгд амьд байгаасай гэж дотроо боддог. Тэр хүн алдаж хэлсэн ч юм билүү, хэн мэдлээ. Таван ах дүүтэйгээ нэг өдөр уулзана л гэж боддог, итгэдэг.

-Та энэ уулзалтад оролцож чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Тийм ээ. Гагцхүү намайг үхэхээс өмнө энэ уулзалтыг зохион байгуулаасай. Хадан гэртээ очихоосоо өмнө гэр бүлийн хүмүүстэйгээ уулзмаар байна. Олон жил өнгөрлөө шүү дээ... Тэднээсээ салаад 63 жил өнгөрсөн байна даа.

-Танай хүүхдүүд, ач зээ нар таны түүхийг мэдэх үү?

-Тийм ээ, тэд миний эрэл хайгуулд тусладаг. Миний бэр их тусладаг юм. Намайг уулзалт, цуглаанд авч явж, хэрэгтэй мэдээллийг асуух утасны дугаар олж өгдөг. Сая цуцлагддаг уулзалт дээр 96 настай хүн очихоор бэлдэж байхыг хараад “Би ямар ч байсан гэр бүлийнхнээ олж уулзана” гэсэн хүч, итгэл найдвар төрсөн дөө.

Tuesday, October 29, 2013




Стив Жобсын амьдарч байсан байшинг музей болгоно

Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс өсвөр, залуу насандаа амьдарч байсан байшинг хотын захиргаанаас түүхэн байгууламжид бүртгэж авчээ. Калифорни дахь Лос-Альтос хотын удирдлага энэ байшинг С.Жобсын гэр музей болгох сонирхолтой байна. Эдүгээ энэ байшинд амьдарч байгаа С.Жобсын эгч  Патрисиа мөн ийм бодолтой байжээ.
Стив Жобсыг долдугаар сангийн сурагч байхад эцэг эх нь Лос-Альтос хот дахь энэ байшинд нүүж иржээ. Энэ байшин болон автомашины гарааш нь Apple компани үүсэн байгуулагдахад гол үүрэг гүйцэтгэсэн юм. Стив Жобс, Стив Возняк нар 1976 онд Apple I компьютерийнхээ эхний 50 ширхэгийг энэ байшинд угсарч байжээ.

Зүүн Иерусалимд 1500 байшин барина

Израилийн эрх баригчид Зүүн Иерусалимд 1500 шинэ байшин барихаар болжээ. Зүүн Иерусалим дахь Рамат-Шломо еврей тосгонд шинэ байшин барих төслийг Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, Гадаад хэргийн сайд Гидеон Саар нар дэмжсэн байна. Барилгын ажил ойрын үед эхлэх бололтой. Вашингтонд болсон уулзалт, хэлэлцээний үеэр Палестины тал дээрх шийдвэрийг зөвшөөрсөн аж.
Тель-Авивын эрх баригчид 26 палестин хоригдлыг чөлөөлсний дараа шинэ байшин барих шийдвэрээ танилцуулжээ.
НҮБ Зүүн Иерусалимыг Израильд эзлэгдсэн Палестины газар нутаг хэмээн үздэг. Тэнд еврейн сууринг өргөжүүлж башин барих нь ихээхэн маргаан дагуулсаар ирсэн билээ.

“Лалын ахан дүүс”-ийн лидерийг баривчлав

Египетийн эрх баригчид “Лалын ахан дүүс” хөдөлгөөний нэг лидер Ассам Арианыг баривчиллаа. Түүнийг яагаад баривчилсныг ойрын хугацаанд тайлбарлана гэв. Ассам Ариан нь “Эрх чөлөө, шударга ёс” намын дэд дарга, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний улс төрийн жигүүрийн тэргүүн юм. Тэрээр сүүлийн үед Египетэд болсон эсэргүүцлийн хөдөлгөөний гол ухуулагчаар тодроод байв. “Лалын ахан дүүс” хөдөлгөөний олон лидер, удирдагч баривчлагдаад байна. Тэднийг эмх замбараагүй байдал, хүчирхийллийг өдөөн турхирсан хэрэгт буруутгаж байгаа аж. 2013 оны есдүгээр сарын 23-наас хойш тус хөдөлгөөний ямар ч үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр хориглоод байгаа билээ.

Б.Обама НҮБ-ын төв байрыг тагнахыг зогсоо хэмээн үүрэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Үндэсний аюулгүй байдлын агентлагийг Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд ажилладаг дипломатуудыг тагнаж, чагнахаа зогсоо гэсэн үүрэг өгчээ. АНУ-ын тагнуулын програмыг эргэн нягталж, шалгах үеэр ийм Ерөнхийлөгч ийм үүрэг өгсөн хэмээн мэдээлж байна. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын агентлаг ч, НҮБ ч ямар нэг тайлбар хийсэнгүй.
Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр байнга АНУ-ын тагнуулын албадын хараа, хяналт дор байдаг аж. НҮБ-д суудаг гадаадын дипломат, төлөөлөгч нэрийн дор АНУ-ын газар нутаг дээр тагнуул явуулж байж магадгүй хэмээн үзсэний үндсэн дээр тэднийг ингэж тагнадаг байжээ.

Дэлхийн хамгийн өндөр хүн хайраа олжээ

Туркийн Мардин хотод дэлхийн хамгийн өндөр хүн Султан Косэний хурим боллоо. Тэрээр 2.51 метр өндөр, сүйт бүсгүй Мерви Дибо нь 1.75 метр нуруутай. Сүйт хархүүгийн хуримын хувцсыг хийхэд зургаан метр даавуу оржээ. “Ямар их жаргалтай байгаагаа үгээр илэрхийлж чадахгүй нь. Би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн гэдгээ л хэлэх байна. Энэ бүсгүй бол миний бүхий л амьдралын хайр” хэмээн 31 настай Султан хэллээ. Түүний хайрт бүсгүй нь 20 настай. Султан Косэн Туркийн зүүн нутагт жирийн гэр бүлд мэндэлжээ. 2009 онд түүний өндөр 2.47 метрт хүрч Гиннесийн номд бүртгэгдсэн байна.


Хятад улсад лалын терроризм заналхийлж байна

Гурав хоногийн өмнө Бээжин хотын Тяньаньмины талбайд алан хядах ажиллагаа гэж үзмээр дэлбэрэлт болов. Нэг автомашин хүмүүс дундуур зүсэн төв талбай руу орж ирэн чулуун гүүр мөргөн дэлбэрсэн юм. Таван хүн нас барж, 38 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Зарим эх сурвалж мэдээлж буйгаар, эрх баригчид энэ хэрэгт Хятадаас салан тусгаарлах үзэлтэй лалын шашинт уйгуруудыг сэжиглэж байгаа аж.
Нийслэл хотын төв талбайд болсон хэрэг явдал нь урьдаас бэлтгэгдсэн амиа золиослогчийн оролцоотой террорист ажиллагаатай адилхан байна хэмээн “Ройтерс” мэдээлжээ. Жийп автомашин хүмүүсийг шүргэж, улмаар Соёлын хувьсгалын үзэл сурталч, БНХАУ-ыг үндэслэгч Мао Зедуны хөрөг бүхий ханыг мөргөн дэлбэрсэн аж. 1989 онд энэ талбай дээр болсон оюутны ардчилсан хөдөлгөөнийг харгисаар цус асгаруулсан дарсан билээ. Гурав хоногийн өмнөх дэлбэрэлттэй холбогдуулан цагдаа нар хоёр уйгур иргэн, Шинжаан-Уйгурын автономит бүсийн номертэй нэг автомашиныг хайж байна.
Салан тусгаарлах үзэл Хятадын хувьд шинэ асуудал биш. Жил бүр олон хүн өөрсдийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлдэг Түвд, Маотой тэрсэлдэн арал дээр салан тусгаарласан Тайванийг дурдахад л хангалттай. Суннит радикализм Ази даяар мөлхөж, Хятад дахь лал шашинт уйгуруудыг өдөөн дуудаж байгаад Хятадын удирдлага санаа зовниж байна. Шинжааны газар нутаг дээр Дорнод Туркестаны тусгаар улсыг байгуулах зорилготой “Дорнод Туркестаны лалын хөдөлгөөн” экстремист байгууллага байдаг. Хятадын талын хүсэлтээр Пакистан улс саяхан дээрх болон бусад хоёр байгууллагыг (Узбекистаны лалын хөдөлгөөн болон Лалын жихадын холбоо) газар нутаг дээрээ хоригложээ. Тяньаньмины талбайд болсон дэлбэрэлтийг Лалын жихадын холбоо зохион байгуулсан хэмээн сэжиглэж байгаа аж.
Өнгөрсөн долоо, наймдугаар сард Хятадын цагдаа 139 хүнийг жихадыг сурталчилсан хэрэгт буруутган баривчилсны дараа Шинжаанд байдал хурцадсан юм. Нийгмийн тогтвортой байдлыг хангах, шашны хэт даврах үзэлтэй тэмцэх кампанит ажлын хүрээнд баривчилгаа хийжээ. China Daily-д бичсэнээр, Хотан тосгоны нэгэн тариачин интернэтэд салан тусгаарлах үзлийн талаар 2 гигабайт хэмжээтэй номыг уйгур хэл дээр тавьжээ. Үүний дараа Шинжааны уйгур иргэд олноороо тийшээ орж уг номыг уншсан аж. Баривчилгаа явуулах бас нэг шалтаг нь энэ байсан бололтой.
“Лалын терроризмийн аюул Хятадад 20-оод жилийн өмнөөс гарч ирсэн. Би дөнгөж сая Бээжингээс ирлээ. Тяньаньмины талбайн харуул хамгаалалтыг мэдэгдэхүйц нэмсэн байна. Метро, нисэх буудалд хяналтын нэмэлт систем нэвтрүүлжээ” хэмээн Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн орнуудын хүрээлэнгийн орлогч ректор, Хятадын түүхийн факультетийн захирал Андрей Карнеев ярилаа. Эдүгээ Бээжингийн эрх баригчид дээрх хэрэг явдлыг террорист ажиллагаа байсан эсэхийг зарлах л үлдэж байна.
Шинжаан-Уйгурын бүс нутаг нь нефть, байгалийн баялаг ихтэй, Пакистан, Афганистан, Казахстан, Киргиз, Тажикистантай хиллэдэг. ОХУ-тай ч багахан газраас хиллэдэг аж. Лал шашинтай уйгурууд Гоминданы талд орон Мао Зедуны эсрэг байлдаж байсныг хятадууд мартддаггүй. Мао Зедуны талынхан эрх мэдэлд гараад бүр арван жилийн дараа л уйгуруудын бослогыг дарж чадсан байдаг. Тиймээс Шинжаан нь хэдийгээр автономит засагтай ч арми, цэргийн хатуу хараа хяналтад байдаг аж. Мөн уугуул хятадууд буюу хан үндэстнүүдийг олноор суурьшуулах бодлого үргэлжилсээр байна. Сүүлийн таван жилд Шинжаан-Уйгур дахь хан үндэстний тоо 39 хувиар нэмэгджээ.
Шинжаан дахь салан тусгаарлагч үзлийг Турк улс болон лалын суннит байгууллагууд дэмждэг. Өрнөд ч мөн ил, далд дэмжлэг үзүүлсээр иржээ. Далай ламд Нобелийн энх тайвны шагнал олгож, Хятадад “Талибан” хөдөлгөөн, “Аль-Кайда” байгууллагын гар хөл нэвтэрч байхад өрнөд хараагүй юм шиг л чимээгүй сууж байдаг аж. Саяхан “Аль-Кайда”-гийн төлөөлөгч Абу Яхья аль-Либи уйгуруудыг “Дарлагдсан лал шашинтнууд” хэмээн нэрлэж, уйгуруудыг Хятадын эсрэг лалын ариун дайн өрнүүлэхийг уриалсан байна.

Monday, October 28, 2013

Энэ бол хөгжим хэмнэл




Мэрай Кэри шинэ цомгоо танилцуулав

Дуучин Мэрай Кэри шинээр бичүүлсэн цомгийнхоо нүүр царайг танилцуулав. Түүний The Art Of Letting Go цомог 14 хоногийн дараа худалдаанд гарах юм. Тэрээр энэ өдрийг хүлээж тэвчилгүй. Facebook хуудсаараа цомгийнхоо нүүрийг танилцуулжээ. Тэрээр усны хувцастай, дур булаам биеэ гайхуулсан зургаа цомгийнхоо нүүрэн дээр тавьж шүтэн бишрэгчдээ “галзууруулж” байна. Мэрай Кэри шинэ цомгийнхоо дууг ирэх сарын 11-нд олон нийтийн өмнө анх удаа дуулах юм.

Малайзид Ke$ha-гийн концертыг хоригложээ

Америкийн поп-од Кеши Роуз Себерт буюу Ke$ha Малайзид концертоо толилуулахыг хүссэн ч эрх баригчдын зүгээс татгалзсан хариу сонслоо. Түүний дуулдаг секс болон архины тухай дуунууд малайз иргэдийн уламжлал, өв соёлд харшилна хэмээн эрхтэн дархтнууд үзжээ. Зарыг нь аль хэдийнэ түгээж, тасалбарыг нь борлуулж байсан зохион байгуулагч компани энэ шийдвэрийн улмаас 350 мянган долларын хохирол хүлээж байгаа аж.
Малайз улс поп оддын концертыг хориглодгоороо алдартай. Үүнээс өмнө Lamb of God хамтлаг, Америкийн дуучин Эрика Баду, Бейонсе нарын Малайзид төлөвлөсөн концерт цуцлагдаж байжээ. Мэрай Кэри хэтэрхий хөнгөн, нимгэн хувцас өмсөж дуулахгүй хэмээн ам өчгөө өгч байж Малайзид концертоо тавьж байв. 

Энэ бол арын нүүрний мэдээ....



М.Жексоны продюсер 10 сая доллар нэхжээ

Америкийн хөгжмийн зохиолч, продюсер Куинси Жонс поп хөгжмийн хаан Майк Жексоны дуу, цомгийг борлуулах эрхийг эдэлж буй Sony болон MJJ Productions компанийг шүүхэд өгч 10 сая доллар нэхэмжилжээ. Эдгээр компаниуд түүнд зохиогчийн шагнал урамшуулал өгөх ёстой хэмээн үзэж байгаа аж. Куинси попын хааны Off the Wall, Thriller, Bad цомог болон This is it кинонд хувь нэмрээ оруулсан нэгэн аж. Тэрээр өөрийн авах ёстой хувийг 10 сая доллар хэмээн үзсэн байна.

Майкл Жексоны өв хөрөнгийг залгамжилж, захиран зарцуулж буй хүмүүс, компани энэ онд 160 сая долларын орлого олсон юм. М.Жексоны нэрээр олж буй орлогын хамгийн их хувийг Канадын алдарт Сirque du Soleil (Нарны цирк), The Immortal World Tour болон One компани хүртдэг. Харин Жексоны цомгийн үйлдвэрлэл, борлуулалтын 50 хувийг Sony, MJJ Productions компани эзэмшдэг ажээ. 
Австралиуд Афганд үүрэг гүйцэтгэж дууслаа

Австралийн Ерөнхий сайд Тони Эбботт австрали цэргүүд Афганистанд үүрэг гүйцэтгэж дууссаныг зарлав. “Бид дайнд ялсангүй. Ялагдсан ч үгүй. Манай зэвсэгт хүчин, Засгийн газар үүргээ биелүүлж дууслаа” хэмээн Т.Эбботт ярилаа. Афганы Гадаад хэргийн сайд Омар Даудзай “Австралийн цэрэг холбоотны хүчнээс хамгийн шилдэг нь байлаа. Тэд Афганы ард түмнийг бүхнээс түрүүнд тавьж байсан” хэмээн талархал илэрхийлэв. Австрали цэргүүд алба хааж байсан Орузган мужид эдүгээ 200 орчим сургууль байна. Австралиудыг ирэхээс өмнө ердөө л 34 сургууль байжээ. Мөн тэд 200 км зам тавьсан юм.
54 сая доллар дээрэмдээд зугтжээ

Ливийн Сирт хотод зэвсэгт этгээдүүд Төв банкны мөнгөний хуягт автомашин руу дайрч 54 сая доллар дээрэмджээ. Бэлэн мөнгө ачсан автомашин Сирт хотоос нисэх буудал руу явж байх замд дээрэмчид халдсан байна. Кассын автомашиныг хамгаалалтын ганцхан машин дагалдаж явжээ. Тэнд 53 сая ливи динараас (42 сая доллар) гадна 12 сая ам.доллар байжээ.
Гэмт хэрэгтнүүд зугтаж алга болсон байна. Цагдаа нар дээрэмчдийн автомашины номерийг л тогтоож амжжээ. Өнгөрсөн долдугаар сард мөн энэ хотод хоёр банкинд халдаж, 400 мянган доллар дээрэмдээд зугтсан юм.
Палестин хоригдлуудыг суллана

Израилийн Засгийн газар хоёр талын мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээний хүрээнд палестин хоригдлуудын хоёрдугаар ээлжийг суллах болсноо зарлав. Баталсан төлөвлөгөөний дагуу, 1993 оны Ослогийн гэрээнээс өмнө шийтгүүлсэн 26 хоригдлыг суллахаар болжээ. Тэд Израилийн шоронд 19-28 жилийн ялыг эдлээд байгаа бөгөөд өнөөдөр суллагдах бололтой. Эхний ээлжинд наймдугаар сарын 14-нд мөн дээрх тооны хоригдлыг сулласан юм.
Газар нутгийн маргааныг эцэслэн шийдэх зорилготой Израиль-Палестины энхийн хэлэлцээ 2013 оны зургадугаар сарын эцсээр АНУ-ын зуучлалаар эхэлсэн билээ. Энэ хүртэл хоёр тал гурван жилийн турш хэлэлцээний ширээнд суухаас татгалзсаар ирсэн ажээ.

Колумбийн босогчид америк иргэнийг суллажээ

Колумбийн хувьсгалт зэвсэгт бүлгийн (FARC) дайчид АНУ-ын иргэн Кевин Скоттыг суллажээ. Тэрээр хэдэн сарын турш босогчдын барьцаанд байсан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри барьцааны хүнийг суллахад хүчин чармайлт гаргасан Колумбийн Ерөнхийлөгч  Хуан Мануэль Сантост талархал илэрхийлжээ.
Тэнгисийн цэрэг асан Кевин Скотт 2013 оны зургадугаар сард Колумбид аялж яваад босогчдод барьцаалагдсан юм. Тэрээр эрх баригчдын сануулгыг тоолгүй босогчдын нутаг руу орсон аж. FARC-ийн босогчид Гавана хотноо Колумбийн эрх баригчидтэй хэлэлцээ хийж байгаа. Америкийн иргэнийг суллахад Кубын Засгийн газар, Олон улсын улаан загалмайн нийгэмлэг оролцсон байна.

“Мөрөөдөгч” Гүржийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Гүржийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Гүрж мөрөөдөл” улс төрийн нэгдлийн нэр дэвшигч Георгий Маргвелашвили 63.3 хувийн санал авч тэргүүллээ. Нийт саналын 80 хувийг боловсруулж дүнг нэгтгээд байна. “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намын Давид Бакразе 21.8 хувийн санал авч удаалав. Нино Буржаназе 10.7 хувийн санал авчээ. Г.Маргвелашвили эхний шатанд 50-аас дээш хувийн санал авсан тул шууд Ерөнхийлөгчөөр сонгогдож байна.

АНУ нэг сарын дотор 60 сая утасны яриаг чагнажээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) нэг сарын дотор Испани дахь 60 сая утасны яриаг чагнасан тухай “El Mundo” сонин мэдээлэв. NSA-ийн экс ажилтан Эдвард Сноудений задруулсан нууц материал дотор энэ мэдээлэл байгаа аж. Сноудений задруулсан нууц материалыг анх “Guardian” сонинд нийтэлж байсан сэтгүүлч Гленн Гринвалд мөн дээрх мэдээллийг нийтэлсэн байна. АНУ-ын тагнуулын албад Испани, Францад олон сая утасны яриаг чагнасан нь ил болсноор Вашингтон хүнд байдалд оржээ. NSA Германы лидер Ангела Меркелийн гар утсыг бараг арван жилийн турш чагнаж байсан, Ерөнхийлөгч Б.Обама үүнийг мэдээгүй байсан гэх мэтээр тагнуулын дуулиан үргэлжилсээр байна.


Япон дахь “Өвсөн тэжээлтнүүд”-ийн синдром

Япон залуус найз хос болох, гэрлэх, тэр тусмаа “үүлэн борооны ажил” хийх сонирхолгүй болжээ. Тэд хайр сэтгэл, “үүл бороо”-г ажил, албан тушаал ахихад саад болдог гэж бат нот итгэдэг болсон нь ийнхүү “хүмүүний шинэ хандлага” бий болоход хүргэсэн бололтой. Эдүгээ Япон улс “sekkusu shinai shokogun” буюу “Гоонь синдромд”-д нэрвэгдээд байна. Хамгийн сүүлчийн судалгаанаас үзэхэд, хоёр япон оюутны нэг нь “хангал догшин” хэвээрээ явж байна. Залуусын 60 хувь нь хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоохоос эрс татгалзаж байгаа нь харагджээ.
Японы Сексийн боловсролын холбооноос залуус, өсвөр үеийнхний дунд өргөн хүрээтэй судалгаа явуулж дүнг нь гаргасан аж. Оюутнуудын 40 хувь нь сексийн харилцаанд орж үзээгүй, 16-19 насны өсвөр үеийнхний 35.2 хувь нь хэзээ ч сексийг сонирхож байгаагүй гэжээ. Энэ үзүүлэлт 2008 оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна.
Наран улсад гоонь, ганц бие байх нь моодонд орж байгаа аж. Гэхдээ секс, гэр бүлийн харилцааг зөвхөн ажил, албан тушаал ахихад саад гэж үздэгтээ бус өөр хүчин зүйл байгаа бололтой. Жишээ нь, хүнтэй дотносох, нөгөө хүндээ илүү цаг, зав зарцуулах, сексийн харилцаанд орох зэргээс татгалзаж, дургүй болох нь өндөр хөгжилтэй орнуудын “өвчин” хэмээн мэргэжилтэн Абигал Хаворс үзэж байна. Техник, технологи хөгжих тусам хүмүүс секст улам сонирхолгүй болж, сонирхдог нэг нь виртуал, интернэт орчинд хэрэгцээгээ хангаж, эсвэл робот хүүхэлдэйгээр “наадах” болжээ. Японд төрөлтийн хувь дэлхий дээр хамгийн бага, залуус сексээс зугтсаар байгаа үед энэ байдал ойрын хэдэн жилд арилахгүй хэмээн үзэж байна. Өнгөрсөн жил тус улсад дөнгөж нэг сая гаруй шинэ хүн мэндэлсэн нь сүүлийн 16 жилийн хамгийн доод үзүүлэлт ажээ. Энэ хандлага үргэлжилсээр байвал эдүгээ 126 сая хүнтэй арлын Японы хүн ам 33 хувиар багасна хэмээн мэргэжилтнүүд тооцоолж байна.
Даатгалын үйлчилгээ үзүүлдэг Meiji Yasuda компани 30-аас доош насны 1500 орчим залуусын дунд судалгаа явуулахад, 40 хувь нь хэзээ ч найз хүүхэнтэй байгаагүй гэжээ. Эмэгтэйчүүдийн 45 хувь нь, 24-өөс доош насны эрчүүдийн 25 хувь нь секст ямар ч сонирхолгүй хэмээн хариулсан байна. Гэр бүл төлөвлөлтийн мэргэжилтэн Кунио Китамура ийм хүмүүсийг тодорхойлох шинэ үг хэллэг гаргаж ирсэн нь “soshoku danshi” буюу “Өвсөн тэжээлт хүмүүс”. Эдүгээ Японд сексийн дур сонирхолгүй хүмүүсийг “Өвсөн тэжээлтнүүд”, “Махны сонирхолгүй хүмүүс” хэмээн нэрийдэх болжээ.
Япон залуус “ориг” секст дургүй болсон нэг шалтгаан нь интернэтээр, виртуал орчинд, мөн кибернетик хүүхэлдэйн тусламжтайгаар дур хүслээ хангадаг болсонтой холбоотой. Виртуал, автомат ертөнцийг хэт их шүтсэн, дээр нь секс бол карьерийн садаа гэж үздэг болсон нь “Гоонь синдром”-ийг улам дэвэргэж байна. Япон эмэгтэйчүүдийн хувьд гэр бүлийн амьдрал, ажил, карьерийг хослуулах бараг боломжгүй байдаг гэнэ. “Гэрлэлт бол эмэгтэй хүний булш” гэсэн япон ардын зүйр үг байдаг аж. Үүнээс гадна, Японд секс нь уламжлал ёсоор ил тод ярихыг хүсдэггүй сэдэв байсаар байна. Тэдний ихэнх нь дотно, нандин амьдралынхаа талаар яриад байдаггүй. Эрүүл мэндийн яамнаас гаргасан тоо баримтаар, оюутан, сурагчдын 90 хувь нь сексийн боловсролын хичээл дээр дундаас дээш дүн авдаггүй ажээ. 
Шар хэвлэлд мэдээлэл дамжуулсан цагдаа нарыг шийтгэлээ

Их Британид цагдаагийн хоёр ажилтныг “The Sun” сонинд мэдээлэл дамжуулж шан харамж авсных нь төлөө хорих ялаар шийтгэлээ. 40 настай Алан Тирни “Челси”-гийн хөлбөмбөгч Жон Терригийн ээжийг баривчилсан болон Rolling Stones хамтлагийн гитарчин найз бүсгүйгээ зодож баривчлагдсан тухай мэдээллийг сонинд дамжуулаад 1250 паунд авсан хэргээр 10 сар хоригдох ял сонслоо. 31 настай цагдаа Ричард Транкфилд мөн “The Sun” сонинд 1993 онд алуулсан хоёр хөвгүүний талаарх мэдээллийг дамжуулаад 3500 паунд шан харамж болгон авчээ. Тэрээр 16 сар эрх чөлөөгөө хасуулахаар болов. Бас нэг цагдаа ийм хэргээр хоёр жилийн ял сонсчээ. Тэд бүгд хэргээ хүлээсэн байна.