Wednesday, June 12, 2013



Жерри Гивенс: Цаазын ял бүр АНУ-д нэг сая долларын зардал учруулдаг

-Виржини мужийн шоронгийн үхлийн хонгилийн экс харуул Жерри Гивенс 62 хүн цаазалсандаа огт гэмшдэггүй-

Жерри эдүгээ том тэрэгний жолооч. 14 жилийн өмнө Виржини мужийн Ричмонд дахь Ногоон бүс шоронд “Үхлийн товч”-ийг хариуцсан ажилтан байжээ. Тэрээр 1200-1400 вольтийн хүчтэй хяналтын самбарыг асааж 20-60 секундын дотор цаазын ялтай хоригдлыг хүргэх ёстой газарт “аваачдаг” ажил хийдэг байв. “Би 62 хоригдлыг цаазалсан. Энэ үйлдлийнхээ төлөө өөрийгээ хэзээ ч буруутайд тооцож байсангүй. Тэр хоригдлыг үхэл рүү илгээж буй хүн нь би биш, энэ бол түүнийг ялласан шүүгчдийн, түүнийг хамгаалсан өмгөөлөгчдийн, түүнийг өсгөсөн эхийнх нь, энэ хэргийг үйлдэхэд хүргэсэн тэрхүү нөхцөл байдлынх нь шийдвэр гэж боддог байлаа” хэмээн Мадрид хотноо болж буй Цаазын ялын эсрэг дэлхийн тавдугаар чуулганд оролцож буй Жерри Гивенс “АВС”-д ярилаа.
Гивенс Виржинийн шоронд харгалзагч, цааз гүйцэтгэгчээр олон жил ажилласан ч эдүгээ цаазын ялыг эсэргүүцэгч идэвхтний нэг болжээ. Тэрээр дэлхийгээр аялан, шоронд ажиллаж байсан туршлага, түүхээ хүүрнэж, цаазын ялыг байхгүй болгохын төлөө үгээ хэлж явна. Зөвхөн ёс зүйн үүднээс авч үзэхэд л АНУ-д цаазын ялыг байхгүй болгох ёстой хэмээн үзэж байгаа Жерри Гивенс бас нэг шалтгаан хэлж байна. “АНУ-д гэмт хэрэгтэнд цаазын ял оноох бүрт төсвөөс дор хаяж нэг сая доллар гарч байдаг. Цаазын ялтанд наад зах нь мэргэшсэн хоёр өмгөөлөгч гаргаж өгөх ёстой. Заримдаа давж заалдах үйл явц 15 жил хүртэл сунжирдаг” хэмээн өгүүлэв. Шүүх, прокурор, өмгөөлөгчдийн бүх цалин, зардлыг муж гаргадаг ажээ.
Гивенсийн яриаг Пабло Ибар холбооны тэргүүн Андрес Кракенбергер дэмжиж байна. 2000 онд АНУ-ын Флорида мужид цаазын ял сонссон испани хоригдол Пабло Ибарын нэрээр нэрлэгдсэн энэ холбоо давж заалдах шатны өргөдөл, хүсэлт, хөөцөлдлөгөөний зардлыг АНУ-ын Засгийн газар төлөх ёстой хэмээн үзэж байгаа аж.
Виржинийн шоронгийн цаазын ял гүйцэтгэгч асан Жерри ажиллаж байсан шоронгийнхоо талаар дурсан ярьж байна. Зун нь суллагдаж гүүрэн доор амьдарч байгаад өвөл болохоор машин хулгайлах зэрэг жижиг гэмт хэрэг хийгээд дулаан шорондоо буцаад ороод ирдэг олон хоригдлыг таньдаг байжээ. АНУ дахь шоронгууд хоригдолд өдөрт гурван хоол өгч, орой нь унтах ороор хангах үүрэгтэй байдаг аж.
Цаазын ялын хамгийн аюултай нь гэм зэмгүй хоригдлыг цаазлах. Ирл Вашингтон хэмээх хоригдол цаазлагдахаасаа хэдхэн хоногийн өмнө Виржини мужийн захирагчийн тушаалаар өршөөгдөж байжээ. Түүний ДНК нь алуурчин хэмээн үзэж байсан хүний ДНК-тай зөрсөн тул даруй сулласан аж.
Гэвч энэ өдрүүдэд АНУ-д хоёр ч гэмт хэрэгтний цаазыг гүйцэтгэжээ. 1987 онд шоронгийн харгалзагч Фред Гриффисийг хөнөөсөн 58 настай Уильям Пойк Флорида мужид цаазлуулжээ. Пойк хамсаатан Франк Валдесийн хамтаар шоронгоос нэгэн хоригдлыг чөлөөлөх гэж оролдсон аж. Тэд шоронгийн фургон машиныг отолт хийн довтолсон ч харгалзагч Гриффис машины түлхүүрийг бут руу шидэн тэдэнд садаа болсон байна. Үүнд хилэгнэсэн Пойк харгалзагчийг буудаж алаад нуугдсан ч баригдсан юм. Тэрээр цаазын ялаа хүлээн хоригдож байхдаа гурван ч ном бичиж, блог хүртэл хөтөлж байжээ.
Өчигдөр мөн Техас мужид 1998 онд таван хүний аминд хүрсэн Элрой Честерийг цаазалжээ. Честер хүн амины хэргийнхээ хажуугаар гурван удаа хүчин, 20-оод удаа дээрмийн хэрэг үйлдсэн нь нотлогдсон юм. АНУ-ын Дээд шүүх Честерийн хамгийн сүүлчийн давж заалдах өргөдлийг няцаасны дараа цаазын ялыг гүйцэтгэсэн байна. Пойк, Честер хоёрыг үхлийн тариагаар “унтуулжээ”.

Цаазын ялын гүйцэтгэлийн тоогоор Америкийн мужуудаас Техас тэргүүлдэг. Виржини, Оклахома, Флорида муж араас нь бичигддэг аж. Өмнөд болон Хойд Америкийн улсуудаас цаазын ялыг хэвээр үлдээсэн цорын ганц улс нь АНУ юм. 2012 онд АНУ-д 43 ялтныг цаазалжээ. 

No comments:

Post a Comment