Sunday, June 2, 2013






Тяньаньминий эхчүүд дахин шударга ёсыг шаардлаа

Тяньаньминий аллагаас хойш бараг дөрөвний нэг зуун өнгөрсөн ч Хятадын армийн суманд өртөн амиа алдсан залуусын эхчүүд шударга ёсыг хүлээсээр байна. Өнөөдөр тохиож буй аллагын 24 жилийн ойг угтаж амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн Бээжингийн авторитар дэглэмд хандан нээлттэй захидал бичиж, 1989 онд нийслэл хотыг доргиосон ардчиллын төлөөх тэмцлийг цус урсган дарсан хариуцлагыг хүлээхийг эрх баригчдаас шаардлаа.
Нью-Йоркт байрладаг Human Rights in China байгууллагаас гаргасан эл захидал өнгөрсөн гуравдугаар сард БНХАУ-ын даргаар томилогдсон Ерөнхийлөгч Си Жинпинд хаяглагджээ. Хэдийгээр Си Жинпин эдийн засгийн шинэчлэл явуулж, нийгэмд найдвар төрүүлсэн ч Тяньаньминий эхчүүд түүний засаглалын эхний саруудад сэтгэл дундуур хоцорсон юм. Энэ үед хяналт цагдалт чангарч, тэрс үзэлтнүүдийг нухчин дарсан хэвээр байлаа. “Си Жинпинийг улс төрийн шинэчлэл хийнэ гэж итгэж байсан хүмүүс цөхөрч, итгэл найдвараа алдлаа. Маоист дэглэмийн гурван аравны үед үйлдсэн харгислалын төлөө тэр огтхон ч харамссангүй. Харин ч маоист үе рүүгээ томоор алхан буцан орж байгааг харлаа” хэмээн нээлттэй захидалд онцолсон байна.
1989 ны эсэргүүцлийн үеэр хүүгээ алдсан 77 настай их сургуулийн багш Дин Жилинээр ахлуулсан 120 гаруй эх жил бүрийн энэ өдөр Тяньаньминий аллагыг хараат бусаар шалгаж, нөхөн төлбөр олгож, тэр үеийн Ерөнхий сайд Ли Пен зэрэг түшмэдийг шүүхэд шилжүүлэхийг шаардсаар ирлээ. Хятадын эрх баригчид жил бүрийн энэ өдөр хийдэг мэдэгдэлдээ, тэрхүү жагсаал цуглаан нь Горбачевийн “Перестройка”, Зүүн Европ дахь коммунизмийн сүйрэлтэй давхацсан “Хувьсгалын эсрэг хөдөлгөөн”, улс орны эдийн засгийн онцгой өсөлтийг зогсоох гэсэн оролдлого байсан хэмээн дурджээ. “Засгийн газрын сонгосон зам нь Хятадын ард түмний ашиг сонирхолд нийцэж байгааг сүүлийн 20 жилд олсон амжилт батлан харуулж байна” хэмээн Гадаад хэргийн яамын төлөөлөгч Хон Лэй нээлттэй захидлын талаар сурвалжлагчдын асуултад хариулахдаа хэлсэн байна.
“Лиу-Си” (6-4 буюу аллага болсон зургадугаар сарын 4-ний өдрийг мандарин хэлээр ингэж нэрлэж заншжээ)-г дурсан, хүндэтгэсэн жагсаал цуглаан болохоос сэргийлж цагдаа нар олон тэрс үзэлтнийг баривчилж, гэрийн хорионд оруулжээ. Тэдний дотор АНУ-д очиж шагналаа авч чадахгүй байгаа экологч Ву Лихон, Хонконгод очиж аллагын золиос болсон хүмүүсийг дурсах жил тутмын ажиллагаанд оролцож чадахгүй байгаа Тяньаньминий эх Жанг Сианлин нарын нэртэй хүмүүс байгаа юм. Тяньаньминий дурсгалыг хүндэтгэхийг зөвшөөрдөг Хятад дахь цорын ганц газар нь Британийн экс колони юм. Хятадын бусад нутагт “6-4”-ийг дурсан жагсахыг эрс хориглодог. Интернэтэд хүртэл энэ хоёр тоо орсон “Nintendo 64” тоглоомын хайлтыг хориглоод байна.
Тяньаньминий эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцсон хэргээр 1600 хүнийг шүүхээр шийтгэн хорьсон билээ. Эдүгээ тэдний нэлээдгүй хэсэг нь шоронд хоригдсон хэвээр байна. Тэдний нэг болох 73 настай Жиан Якен 2012 оны эцсээр суллагдсан юм. Түүнийг өндөр настай, мөн Алцгеймир өвчин туссан хэмээн суллажээ. Өнгөрсөн оны тавдугаар сард амьдралынхаа тал хувийг шоронд өнгөрөөсөн Ли Южан бас чөлөөтэй болсон юм. Тэрээр 1989 оны зургадугаар сарын 3-ний шөнө ардчилсан шинэчлэлийг шаардаж, авлигыг устгахыг уриалж байсан оюутны бослогыг дарахаар Бээжингийн төв талбай руу явж байсан армийн танкийг шатаасныхаа төлөө хорих ялаар шийтгүүлсэн ажээ.
Тэр үед Ли Южан гудамжинд явуулын худалдаа хийдэг 20 настай залуу байсан бөгөөд олон хятад залуусын адилаар дөрөвдүгээр сарын сүүлчээр нас барсан шинэчлэлийн лидер Ху Яобангийн дурсгалыг хүндэтгэхээр гудамжинд гараад байжээ. Зүүн Европ, ЗХУ дахь ардчилсан хувьсгалын нөлөөгөөр эрх чөлөөний салхиар амьсгалаад байсан хятад залуус өөрийн гэсэн “перестройка”-г шаардаж эхлэв. “Перестройка”-гийн эцэг Горбачев ч дэлхийн банкны хуралд оролцохоор Бээжин хотод ирсэн байв. Гэвч хятад оюутнуудын жагсаалыг цус урсган дарж, олон зуун оюутан амь насаа алдсанаар ардчилсан хөдөлгөөн төгсгөл болсон юм. Гартаа зэвсэггүй нэг залуу танкийн цуваанд саад болон зогсоож байгаа дүр зураг Хятадын цэргийн харгислалын эсрэг тэмцлийн гол дурсамж болон үлдсэн билээ.
Хятадын ардын чөлөөлөх армийн танкууд Тяньаньминий талбайг жагсагчдаас чөлөөлөх үеэр 200 хүн амиа алдсан хэмээн тухайн үед Бээжин хотын дарга байсан, хожим нь авлигын хэргээр 16 жилийн ял сонссон Чэн Ситон нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Төв талбайг чөлөөлсний дараа хажуугийн гудамжуудаар жагсагчдыг хөөн намнах үеэр хамгийн олон хүн амиа алдсан гэж үздэг. Тухайн үед Улаан загалмайн нийгэмлэгийн гаргасан тооцоогоор, 727 хүн амиа алдаж, Бээжин хотын иргэд цэргийнхний эсрэг хаалт босгон тулалдаж, хот тэр чигэээрээ жинхэнэ тулааны талбар болон хувирсан гэдэг.
Тэрхүү аймшигт аллагаас хойш 24 жил өнгөрөхөд Хятадын Засгийн газар нийгэм, эдийн засгийн нээлттэй бодлого, амьдралын түвшинг сайжруулах тал дээр ихээхэн анхаарал хандуулжээ. Гэвч тэрс үзэлтнүүдийг нухчин дарсаар, Тяньаньминий цуст аллагыг судлан шалгаж шүүхээсээ өмнө тогтвортой байдлыг хамгийн түрүүнд тавьсан хэвээр байна.

No comments:

Post a Comment