Saturday, June 8, 2013








Бенгазийн мөргөлдөөнд 25 хүн амиа алдлаа

Ливийн Бенгази хотод босогчид болон орон нутгийн иргэдийн хооронд мөргөлдөөн болж 25 хүн амь насаа алдаад байна. Босогчдын үйлдлийг эсэргүүцсэн иргэд зэвсэглэн дайрсан тухай “Эль Арабия” телевиз мэдээлсэн байна. 90 орчим хүн шархаджээ. Бенгази дахь зэвсэглэсэн иргэдийн бүлэглэлийг Ливийн Батлан хамгаалах яам дэмжиж байгаа тухай мэдээлж байна. Босогчид нь Ливи дахь зэвсэгт бүлэглэлүүдийг татан буулгаж үндэсний арми байгуулахыг шаардаж байгаа ажээ.

Хятадад үерт олон зуун мянган иргэн хохирлоо

Хятадын зүүн хэсгийн Цянси мужид хүчтэй бороо зогсолтгүй олон цаг орсны улмаас 2230 мянга гаруй хүн өртөж хохироод байна хэмээн “Синхуа” агентлаг мэдээллээ. Хүчтэй аадар борооны улмаас Цянси мужийн 122 тосгон, хошуу усанд автаж, 10 мянган хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Борооны улмаас хэд хэдэн голын усны түвшин эрс нэмэгдэж, зарим голын хамгаалалтын далан сэтэрчээ. Гамшиг болсон бүсэд армийн цэргүүд дайчлагдан ажиллаж байна.

Төв Европын үер Будапештэд хүрчээ

Төв Европ дахь үерийн хүч нэмэгдсээр Унгарын нийслэл Будапештэд хүрчээ. Зургадугаар сарын 9-ний байдлаар, Унгарын нийслэл дахь Дунай мөрний түвшин 8.61 метрт хүрсэн нь 2006 онд хүрч байсан рекорд түвшингээс нэг см илүү байгаа юм. Цаг уурчдын тооцоолж буйгаар, Дунай мөрний түвшин ойрын өдрүүдэд есөн метр хүрэх ажээ. Үерийн аюулаас сэргийлэхийн тулд хоёр мянган иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна. Хамгаалалтын далан, эргийн бэхлэл барих ажилд сайн дурын 10 мянган иргэн, цэргийн албан хаагч оролцож байна. Германд Эльба мөрний ус ажжмаар багасч байгаа ажээ.

Франсуа Олланд: Евро бүсийн хямрал төгсгөл боллоо

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд евро бүс дахь хямрал төгсгөл боллоо хэмээн зарлав. Тэрээр Токио хотноо Япон, Европын бизнесмэнүүдтэй уулзах үеэр ийнхүү мэдэгдсэн байна. “Евро бүс дахь хямрал дууссан гэж ойлгож болно. Гэвч Европт эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах шаардлагатай” хэмээн Францын лидер  ярьжээ. Ф.Олланд Европын холбоо, Японы хоорондох эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээг шинэ түвшинд гаргах саналтай байна.

Шведийн гүнж америк бизнесмэнтэй гэрлэв

Стокгольмд Шведийн хаан ширээг залгамжлах жагсаалтад дөрөвт бичигддэг гүнж Магдалена, британи гаралтай америк бизнесмэн Кристофер ОНил нарын хуримын ёслол боллоо. 30 настай гүнж Магдалена хоёр жилийн өмнө ирээдүйн нөхөртэйгээ Нью-Йорк хотоос Шведийн нийслэлд ирж хуримаа хийлээ. 2010 онд Шведийн хаан ширээг залгамжлагч эгч Викториа нь хуримаа хийж байсан. Магдаленагийн хурим гүнж эгчийнх шигээ өргөн дэлгэр болсонгүй. Шведийн хааны гэр бүл, тэр тусмаа гүнж Викториа иргэдийнхээ дунд асар их нэр хүндтэй байдаг. Магдалена нь хаан Карл-Густав, хатан хаан Сильвиагийн бага охин юм.

Хоёр Солонгосын төлөөлөгчид хэлэлцээ хийж байна

Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид Засгийн газрын түвшинд хэлэлцээ хийхээр хил орчмын Панмунжом тосгонд хүрэлцэн ирлээ. Сүүлийн хоёр жилд анх удаа болж байгаа энэ уулзалтаар ямар асуудал хэлэлцэх, хэр удаан үргэлжлэх талаар аль аль тал нь мэдэгдэл хийсэнгүй. Гэвч энэ удаа Кэсоны хамтарсан үйлдвэрлэлийн бүсийн ажлын сэргээх талаар ярилцах бололтой. Хоёр талын харилцаа муудсаны улмаас дөрөвдүгээр сараас хойш энэ бүсийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа билээ. Өмнөд Солонгос энэ уулзалтыг Сөүлд явуулах санал тавьсан ч Пхеньян хүлээж авсангүй, уулзалтыг арай бага түвшингээс эхлүүлэх санал тавьсан байна.

No comments:

Post a Comment