Wednesday, June 19, 2013





Башар Асад: Босогчдыг зэвсгээр хангасныхаа лайг амсана шүү

Сирийн Ерөнхийлөгч Башар Асад “Өрнөдийнхэн босогчдыг зэвсгээр хангасныхаа үр төлөөсийг эдлэх болно. Энэ нь Хуучин тивд ядуурлыг улам дэвэргэж, терроризмийг өөгшүүлэх болно” хэмээн мэдэгдлээ. Тэрээр Германы “Frankfurter Allgemeine Zeitung” сонинд ярилцлага өгөхдөө ийнхүү онцолжээ. “Хэрвээ европууд Сирийн босогчдын бүлгүүдэд зэвсэг нийлүүлсээр байвал Европын арын хаалга террористуудаар дүүрч, Европ тив үр төлөөсийг нь амсах болно. Терроризм эмх замбараагүй байдлыг үүсгэдэг. Эмх замбараагүй байдал ядуурлыг үүсгэнэ. Ядуурал нь Европ чухал зах зээлээ алдаж байгаатай адил юм. Үүний хоёр дахь үр дагавар нь Европт шууд терроризмийг авчирна” хэмээн Асад ярилаа. Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлснээр террорист бүлгүүдийг дайн байлдаанд бэлтгэж, улмаар тэдэнд Европт аллага, халдлага үйлдэх хаалгыг нээж өгнө хэмээн үзэж байна. Сирийн Ерөнхийлөгч Франц, Их Британи зэрэг Дамаскийн эсрэг дайсагнасан байр суурь баримталдаг орнуудыг буруутгаад, тэд террористуудыг л зэвсэглэхийг хүсч байна гэжээ. Сирийн армийн цэргүүд босогчдын эсрэг тэмцэхдээ химийн зэвсэг ашигласан гэх АНУ, Их Британи, Францын буруутгалыг Башар Асад эрс няцаав. “Парис, Лондон, Вашингтонд энэ талаарах ядаж ганц нотолгоо байвал тэд дэлхий даяар гаргаж тавих байсан” хэмээн Асад өгүүлэв.
Өрнөдийн зарим улс орон Сирийн эрх баригчдыг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн буруутган шалтаглаж байгаагийн ард Сирийг цэргийн хүчээр дайрах санаархал нуугдаж байгаа хэмээн тэрээр үзэж байна. “Химийн зэвсэг хэрэглэсэн гэх бүх яриа, мэдэгдэл нь Сирийн талаарх ээлжит гүтгэлэг юм. Тэд цэргийн довтолгоо хийх шалтгаа олж ядаж байна” хэмээн Сирийн удирдагч Германы хэвлэлд ярилаа. “Таны бүрэн эрхийн хугацаа 2014 онд дуусахаас өмнө огцрох уу” гэсэн асуултад Башар Асад “Би хугацаанаасаа өмнө огцрох ямар ч боломж, шалтгаан байхгүй. Сирийн Ерөнхийлөгч гол асуудал, бэрхшээл болоод байгаа юм биш. Зүгээр л надаар шалтаглаж эрх мэдэлд гарах гэсэн хүмүүсийн явуулга. Ерөнхийлөгч нь ард иргэдийнхээ тусын тулд огцор хэмээн өрнөдийн орнууд шаардаж байна. Тэр ард иргэд гээд байгаа хүмүүс нь террористууд болчихоод байна. Ийм террористуудад зай тавьж огцорно гэж байхгүй” хэмээн хариулав.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Орос, Ираны зүгээс үзүүлж буй цэргийн болон дипломат тусламжийг зөвтгөж, хамгаалж байна. Сирийн иргэний дайн, хүчирхийлэлд террорист босогчид л буруутай гэдэгт тэрээр эргэлзэхгүй байгаа юм. Сирид иргэний дайн дэгдээд хоёр жил гаруй болоход 94 мянган хүн амиа алдсан хэмээн НҮБ тооцоолжээ. Дайн тулааны улмаас орон гэрээ орхин дүрвэсэн хүний тоо хэдэн зуун мянгад хүрээд байна.

No comments:

Post a Comment