Wednesday, June 19, 2013







Хойд Солонгос Приморийн хязгаарт хөрөнгө оруулна

Хойд Солонгосын эрх баригчид ОХУ-ын Приморийн хязгаарын хөдөө аж ахуйн салбарт нэг сая долларын хөрөнгө оруулалт хийхээр зэхэж байна. Хойд солонгосууд эрдэнэ шиш, буурцгийн тариалангийн хөгжлийг дэмжихээс гадна амьтан үржүүлгийн төсөлд хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн Пхеньян аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Хойд Солонгост уулын цанын бааз байгуулахад тусламж хэрэгтэй байгаа аж. “Хятадын жуулчид Хойд Солонгост улам олноор ирэх боллоо. Үүний хажуугаар Приморийн хязгаарын иргэд манайд байнга зочилж байгаасай гэж хүсч байна” хэмээн Хойд Солонгосын консул Им Чон Ир мэдэгдлээ.

Хэвлэлийн магнатыг тусгай албаны тэргүүнээр томилсондоо хүлцэл өчив

Болгарын Ерөнхий сайд Пламен Орешарский хэвлэлийн магнат Делян Пеевскийг Үндэсний аюулгүй байдлын агентлагийн даргаар томилсондоо уучлал хүслээ. Засгийн газрын тэргүүн өөрийн санаачилгаар энэ албан тушаалд хэвлэлийн магнатыг томилсон бөгөөд “Энэ нь алдаатай шийдвэр байжээ” хэмээн мэдэгдэв. Өчигдөр Болгарын парламент Пеевскийг санал нэгтэйгээр Үндэсний аюулгүй байдлын агентлагийн даргаас чөлөөлжээ.
Дээрх томилгоог эсэргүүцсэн хэдэн мянган хүн нийслэл Софи хотын гудамжинд гарсан юм. Эрх баригчид эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаахын тулд Пеевскийг даруй огцруулав. Тусгай албанд ажиллаж байсан туршлагагүй Пеевский өөрийн медиа холдингийн эрх ашгийг л хамгаалж ажиллана хэмээн шүүмжилж байсан юм. Жагсагчид зөвхөн Пеевскийг огцруулах биш, Засгийн газар бас огцрох ёстой хэмээн шаардаж байна.  

С.Берлусконийн ялыг хэвээр батлав

Италийн Үндсэн хуулийн шүүх Ерөнхий сайд асан Сильвио Берлусконид Миланы шүүхээс оноосон дөрвөн жилийн ялыг хэвээр баталлаа. Тэрээр Mediaset холдингийн хэргийг дахин хянаж үзэхийг хүсч Үндсэн хуулийн шүүхэд хандсан ч түүний хүсэлтийг няцаажээ. Миланы шүүх 2012 оны аравдугаар сард Берлусконийг татвар зувчуулсан хэрэгт буруутгаж дөрвөн жил хорих ялаар шийтгэсэн юм. Мөн таван жилийн турш төрийн алба хашихыг хоригложээ. Экс Ерөнхий сайдыг бас нэг шүүх хурал хүлээж байгаа. Тэрээр насанд хүрээгүй охиныг садар самуунд уруу татсан хэргээр шүүхэд дуудагдаад байгаа билээ.

Э.Катчер М.Кунис нар сансарт гэрлэнэ

Холливудын нэрт жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар гэрлэхээр шийдсэн, тэр тусмаа бүр сансарт гэрлэхээр шийдсэн тухай Америкийн хэвлэлүүд мэдээлж байна. Мила гэр бүлээ албан ёсоор баталгаажуулах хүсэлтэй байгаа аж. Катчер гэрлэхийг зөвшөөрсөн ч ер бусын маягаар гэрлэлтээ бүртгүүлэх санал тавьсан аж. Сансарт гэрлэх саналыг Эштон Катчер гаргасан бөгөөд Мила Кунис одоохондоо үүнд бэлэн бус байгаа бололтой. Алдарт хос энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд сансрын аялал жуулчлал эрхэлдэг Virgin Group-т ханджээ. Тэд сансарт зургаан минут байхын тулд 200 мянган доллар төлөх юм.

Хятадад уйгуруудыг яллав

Хятадын шүүх Шинжаан-Уйгурын автономит бүсэд дэгдсэн үндэстний, шашны мөргөлдөөнд оролцсон 11 хүнд 3-6 жилийн хорих ял оноожээ. Шүүхээс ял сонссон хүмүүс нь бүгд үндэстний цөөнх болсон уйгурууд байна. Тэдний зарим нь интернэтээр “Лалын ариун дайн”-ы уриалгыг тараасныхаа төлөө ийнхүү шийтгүүлж байгаа аж. 2009 онд Шинжаан-Уйгурын мужид үндэстэн хоорондын мөргөлдөөн дэгдэж 200 орчим хүн амь насаа алдсан билээ.

Туркийн цагдаа нулимс асгаруулагч хийгүй болжээ

Стамбулын төв цэцэрлэгийг байхгүй болгож худалдааны төв барих шийдвэрийг эсэргүүцсэн турк иргэд хоёр долоо хоногийн турш эсэргүүцлийн жагсаал хийсний эцэст эрх баригчид дээрх шийдвэрээ цуцалсан билээ. Жагсагчидтай хайр найргүй тэмцэж байгаа Туркийн цагдаагийн газар нулимс асгаруулагч хийний нөөцгүй болжээ. Тиймээс Үндэсний аюулгүй байдлын удирдлага жагсагчидтай тэмцэх тусгай арга хэрэгсэл худалдаж авах тендер зарлахаар шийдсэн байна. Мөн хамгаалалтын бүхээгтэй, усан буутай тусгай тээврийн хэрэгсэл, буудахад зориулагдсан дээгүүрээ нээлхийтэй “Scоrpion” хуягт машин худалдаж авахаар болсон байна.

No comments:

Post a Comment