Monday, June 3, 2013



Төв Европт онц байдал зарлав

Чехийн эрх баригчид Европыг нөмөрсөн их үерийн урсгалыг нийслэл Прага хотоос зайлуулахын тулд өмнөд нутгийн далангуудыг нээх шийдвэр гаргаад байна. Нийслэл хотоор дайран өнгөрдөг Влтава голын усны түвшин улам нэмэгдсээр, өнөөдөр хамгийн аюултай түвшиндээ хүрнэ хэмээн цаг уурчид анхааруулав.
Энэхүү байгалийн гамшиг хүчтэй борооны улмаас бий болсон юм. Хэдхэн хоногийн дотор Төв Европын хэд хэдэн оронд хоёр сарын хур тунадастай тэнцэхүйц хур бороо оржээ. Одоогоор үерийн улмаас Чехэд долоо, Австрид хоёр хүн амь насаа алдаад байна. Гурван хүн сураггүй алга болжээ. Германы өмнөд хэсэг тэр чигээрээ усанд автаж, армийн нэмэгдэл хүч орон нутгийн иргэдэд тусалж байна. Бавари мужийн Пассау хотод усны түвшин XVI зуунаас хойш байгаагүй түвшинд хүрчээ. Хот тэр чигээрээ үерт автаж, иргэдийг завиар нүүлгэн шилжүүлж байгаа аж. Зарим газар аврагчид хүрч чадахгүй байгаа ажээ.
Чехэд онц байдал зарлажээ. Баруун нутгийн гурван мянган орчим оршин суугч орон гэрээ орхин явахаас аргагүй болов. Прагад метро хаагдаж, ус цэвэрлэх станцууд ажлаа зогсоожээ. Влтава голын эргээр элстэй шуудай өрж, тусгай төмөр хаалт босгож байна. Хуучин Прагын аялал жуулчлалын гол газрын нэг болох Карлын гүүрийг хаажээ. Усанд автаад байгаа Прагын амьтны хүрээлэнгийн амьтдыг нүүлгэн шилжүүлж эхлэв. Барсыг тээвэрлэн шилжүүлэхийн тулд нойрсуулагч хэрэглэж байна.
Чехийн нийслэл хотын иргэд үерийн гол аюул өнгөрсөн хэмээн үзсэн ч Ерөнхий сайд Петр Нечас телевизээр шууд мэдэгдэл хийж тайвшрах болоогүйг сануулав. Влтава гол дээрх есөн далангаас бүрдсэн систем усаар дүүрсэн тул даралтыг нь бууруулах шаардлагатай болоод байгаа аж. Үүний тулд зарим даланг нээж усыг нь урсгахгүй бол далан сэтэрч байшин, хороолол руу ус ихээр орж ирэх аюул нүүрлэж байна. Зарим газарт ус эргээсээ аль хэдийнэ хальжээ. Үер дахин халихаас сэргийлэхийн тулд цэргүүд, гал сөнөөгчид хамгаалалтын нэмэлт систем байгуулж байна.
Эльба мөрний усны түвшин мөн аюул дагуулж, 2002 оны Европын их үерийн түвшинд дөхөж очжээ. Тэр үед Чехэд 17 хүн үерийн улмаас амиа алдаж, нийт 20 тэрбум еврогийн эдийн засгийн хохирол учирсан билээ.
Германд ч байдал тун хүнд байна. Олон зам харгуй хаагдаж, хэдэн мянган байшин гэрэл цахилгаангүй болжээ. Австрийн Зальцбург, Германы Пассау, Розенхайм хотод онц байдал зарлаад байна. Саксони, Тюринг, Баден мужийн олон хот усанд автжээ. Лейпциг хотод долоон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, онц байдлын үеийн тусгай хоргодох байранд хүргэлээ. Канцлер Ангела Меркель байгалийн гамшигт өртсөн бүс нутагт очиж нөхцөл байдалтай танилцаж байна.
Европын холбооны эрх баригчид үерт өртсөн гурван улсад туслахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Дунай мөрний ус нэмэгдсээр байгаа тул энэ мөрний сав газарт байдаг улсууд урьдчилан сэргийлэх онцгой арга хэмжээ авахыг мэргэжилтнүүд сануулж байна. Словак, Унгарын армийн цэргүүд Дунай мөрөн эргээсээ хальж болзошгүй газарт тусгай хаалт, хамгаалалт босгож байна.

No comments:

Post a Comment