Германы бөмбөгдөгч онгоцыг далайгаас гаргаж авлаа
Британийн далайчид Ла-Маншийн хоолойд далайн гүнд 1940
оноос хойш хэвтэж байгаа дэлхийн II дайны үеийн
Германы бөмбөгдөгч онгоцыг гаргаж авчээ. Уг сөнөөгч онгоц гайхалтай сайн
хадгалагдаж үлдсэн байв. “Дорнье Do 17” сөнөөгч
онгоцноос ганцаараа бүтнээрээ хадгалагдаж үлдсэн нь энэ онгоц ажээ. Онгоцыг
сэргээн засварласны дараа дайнд амь үрэгдсэн хүмүүс болон экипажийн гишүүдийн
дурсгалд зориулж музейн үзмэр болгон тавих аж.
Америкийн 22 цөмийн бөмбөг Голландад хадгалагдаж байна
Голландын газар нутаг дээр Америкийн Б-61 загварын, 50 кт
чадалтай 22 цөмийн бөмбөг хадгалагдсаар байна хэмээн Голландын Ерөнхий сайд
асан Руд Любберс хэллээ. 1982-94 онд Амстердамын Засгийн газрын удирдаж байсан
Любберс , эдгээр цөмийн зэвсэг нь Хойд Брабант мужийн Волкел дахь АНУ-ын
Агаарын цэргийн баазын газар доорх зооринд хадгалагдаж байна хэмээн мэдэгдэв. Энэ
талаарх мэдээллийг анх удаа хүлээн зөвшөөрсөн анхны нэртэй улстөрч нь ийнхүү
экс Ерөнхий сайд болов.
ЗХУ-аас ирж болзошгүй цэрэг дайны аюулаас сэргийлэхийн
тулд 1960-аад онд Америкийн цөмийн зэвсэг Баруун Европ дахь цэргийн баазуудад
байрлаж байсан билээ. Голланд улс одоо болтол Америкийн стратегийн цөмийн
зэвсэглэлийг хадлгалсаар байгаа нь утгагүй зүйл хэмээн Р.Любберс үзэж байна.
Э.Сноуденийг өршөөх хүсэлт 24 мянган гарын үсэг
цуглуулаад байна
АНУ-ын тусгай албад иргэдийн телефон утасны яриа,
интернэт хэрэглээний талаарх мэдээллийг цуглуулдаг системийн талаар сэтгүүлчдэд
дэлгэсэн америк залуу Эдвард Сноуденийг өршөөх хүсэлт Цагаан ордны сайт дээр байрлаад
гурав хоногийн дотор 24 мянган хүний гарын үсгийг цуглуулаад байна. АНУ-ын
засаг захиргаанаас албан ёсны хариу авахын тулд өргөдөл, хүсэлт нь 30 хоногийн
дотор 100 мянган хүний гарын үсэг цуглуулах ёстой байдаг.
“Эдвард Сноуден бол үндэсний баатар. Тэр Үндэсний аюулгүй
байдлын агентлагийн хяналт цагдалтын ичгүүргүй программыг илчилснийхээ төлөө
шийтгэл хүлээх ёсгүй. Түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол даруй
өршөөх ёстой” хэмээн өргөдөлд онцолжээ.
40 хүн “Наполеон”-д хордлоо
ОХУ-ын Комийн бүгд найрамдах улсад олон хүн “Наполеон” бялуунд
хорджээ. Нийслэл хотын нэгдүгээр эмнэлэгт 36 хүн хоолны хордлого гэсэн
оноштойгоор хүргэгдэж иржээ. Тэдний 34-ийг нь хэвтүүлэн эмчлэх шаардлагатай
болсны дотор 10 хүүхэд байгаа аж.
Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газраас мэдэгдсэнээр,
хордсон хүмүүс нь янз бүрийн хотоос ирсэн бөгөөд тэд бүгд “Наполеон” хэмээх бялуу
идсэн байв. “Наполеон” хэмээх хямдхан бялууг Коми улсад хаа сайгүй зардаг ажээ.
Хордсон хүний тоо нэмэгдэж болзошгүй байна.
Өмнөд Солонгос Мексикт 20 тэрбум долларын зээл олгоно
Өмнөд Солонгосын тал Мексик улсад 20 тэрбум долларын зээл
олгохоор болсныг Мексикийн Хөдөө аж ахуйн сайд Энрике Мартинес мэдэгдлээ.
Зээлийг хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, тээвэр зэрэг эдийн засгийн чухал
салбаруудад зарцуулах аж. Мөн Мексикийн нефть олборлох, боловсруулах салбар,
цахилгаан хангамжийн системд тодорхой хувийг зарцуулах юм. Мөдхөн Солонгосын Eximbank-ны удирдлага Мексикт очиж зээлийн гэрээг байгуулах ажээ.
Британид өрх толгойлсон эхчүүдийн тоо жилд 20 мянгаар
нэмэгдэж байна
Их Британийн Нийгмийн шударга ёсны төвөөс явуулсан
судалгаагаар, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн
тоо жилд 20 мянгаар нэмэгдэж байна. Ойролцоогоор нэг сая британи хүүхэд
эцэгтэйгээ нэг ч удаа уулзаагүй гэсэн тоо гарчээ. 2015 оны эцэс гэхэд ийм
эхчүүдийн тоо хоёр саяд хүрэх ажээ. Гэр бүл салалт ихээр нэмэгдэж буйн буруутан
нь энэ асуудалд анхаарал хандуулахгүй байгаа Засгийн газар хэмээн үзжээ.
No comments:
Post a Comment