Чэн Гуаншен: Хятад дахь өөрчлөлт эрх мэдлээс бус, ард
түмнээс ирнэ
Хүүхэд байхдаа халуурсны улмаас хараагүй болсон Чэн
Гуаншен бие даан өмгөөлөгчийн мэргэжил эзэмшиж, төрөлх Шандун муждаа
эмэгтэйчүүдийг хүчээр үргүй болгож, үр хөндүүлж байгаа эрх баригчдын бодлогыг
илчлэн тэмцсэн юм. Гэвч энэ үйл хэргийнхээ төлөө 2006 онд шүүхээс дөрвөн жилийн
ял сонсоход шүүх дээр хэн ч түүнийг өмгөөлөөгүй ажээ. 2012 оны есдүгээр сард
суллагдсаныхаа дараа Доншигү тосгон дахь гэртээ 20 сарыг гэрийн хорионд
өнгөрүүлсний эцэст кинон дээр гардаг шиг зугтаан Бээжинд ирж АНУ-ын Элчин
сайдын яаманд хоргодсон билээ. Тэр үеийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари
Клинтоны зуучлалын ачаар Чэн Гуаншен эхнэр Юан Вейжин болон хоёр хүүхдийн
хамтаар Америк руу гарсан юм. Тэрээр Нью-Йоркийн их сургуульд суралцаж байсан ч
Бээжингийн шахалтаар түүний тэтгэлгийг зогсоожээ.
Гэрийн хорионоос зугтсанаас нэг жилийн дараа Чэн Хятадад
буцаж очжээ. Гэхдээ бүгд найрамдах улсад бус, 1949 оны иргэний дайны төгсгөл
хүртэл Хятадад харъяалагдаж байсан Тайвань арал дээр хөл тавьсан юм. Тайпей
хотод тэрс үзэлтнүүдийн номын нээлтэд оролцсон Чэн Гуаншентэй “АВС” сонин
уулзаж ярилцжээ.
-Таныг зугтсанаас хойш Хятад дахь танай хамаатнууд хэрхэн
амьдарч байна вэ. Таны үеэл Чэн Кэгуй цагдаа нартай тэрсэлдсэн хэргээр гурван
жилийн ялаар шийтгүүлсэн..?
-Манай хамаатнууд тосгоноос хол, нууц хараа хяналтад
байдаг. Тэгж их дарамталж, цагдахаа больсон гэсэн. Гэвч хөршүүд эрх баригчдаас
айхдаа тэдэнд тусалж чадахгүй байна. Миний үеэлийг шийтгэсэн нь намайг зугтсаны
өс хонзонг авч байгаа хэрэг юм. Намайг зугтсаны дараа Хятадын эрх баригчид
намайг зовоож, тарчлааж байснаа хүлээн зөвшөөрч, энэ хэргийг шалгана гэж
амласан ч одоо болтол юу ч хийгээгүй байна. Миний үеэл цагдаа нараас өөрийгөө
хамгаалсныхаа төлөө ял авлаа. Хятадын дэглэм бол дарангуйлагч дэглэм, ард
түмний өмнө итгэлээ алдсаар байна. Бээжингийн Засгийн газар хэлсэндээ хүрдэггүй
гэдгийг дэлхий нийт миний жишээнээс харж авсан биз.
-Та үр хөндөлт, үргүй болгохын эсрэг тэмцлээрээ нэрд
гарсан. Гэхдээ Хятад улс энэ их хүн амаа хянахад нэг хүүхдийн бодлого хэрэгтэй
юм биш үү?
-Хүн амаа хянахад хэрэгтэй байлаа ч гэсэн би энэ бодлогыг
эсэргүүцнэ. Учир нь нэг хүүхэд бодлого нийгмийн бүтцэд нөлөөлж, дараа нь өндөр
үнэ төлөхөд хүргэж байна. Хүйсийн тэнцвэргүй байдал, эрэгтэй хүүхдийг илүүд
үздэг хандлага зэргийг засч залруулахад их хугацаа шаардагдана. Тэрнээс гадна
энэ бодлого амь амьдралыг хүндэтгэдэггүй, хэрэгжүүлж буй арга нь балмад, хүмүүн
бус байдаг. Миний амьдарч байсан мужид 130 мянган эмэгтэйг хүчээр үргүй болгож,
600 мянган гэр бүл энэ дайралтад хамрагдсан байдаг. Заримыг баривчилж, зодож,
сүрдүүлж мафи маягаар ажилласан байдаг юм.
-Шинэ Ерөнхийлөгч Си Жинпин Хятадад илүү эрх чөлөөг
авчрах болов уу?
-Одоог хүртэл би өөрчлөлтийн ямар нэг тэмдэг олж
харсангүй. Хятад дахь өөрчлөлт эрх мэдлээс бус, ард түмнээс ирнэ. Ямар ч эзэн
хаан эрх мэдлээсээ татгалзаж байгаагүйг манай түүх харуулдаг. Хятадын коммунист
дэглэм олон улсын маргааныг дипломат аргаар шийдвэрлэхийг хүсч байна гэж хэлдэг
ч дотооддоо болохоор Маогийн Соёлын хувьсгалын үеийг санагдуулам хүчирхийллийн
аргыг ашигладаг. Мэдээлэгч, матаасчдыг шагнаж, хүний эрхийн төлөө тэмцэж буй
хүмүүсийг залхаан цээрлүүлэх маягаар ажилладаг.
-Улам бүр даяаршиж, боловсрол, мэдээлэл хөгжсөн энэ
ертөнцөд Хятадын коммунист нам эрх мэдэлд аль хэр удаан тэсэх бол?
-Энэ нь олон хүчин зүйлээс хамаарна. Нэг талаар, олон
улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн ашиг сонирхлын улмаас коммунист дэглэмийг
оршин тогтноход хувь нэмрээ оруулж байна. Нөгөө талаар, интернэт дэлгэрч,
мэдээлэл авах боломж нэмэгдсэн ч Хятадад тийм ч нээлттэй биш байна. Хятадад асар
их мөнгө зарцуулж интернэтийг хянаж байна. Дэглэмийнхэн гаднаас ирж буй
мэдээллийг хааж боохыг эрмэлзэж байна. “Кибер Цагаан хэрэм”-ийг зарим хүн
нэвтэлж чадаж байгаа ч тэд тийм олон биш. Арабын хаврын дараа Хятадын Засгийн
газар илүү их санаа зовних болсон. Учир нь хүмүүс эрх баригчдыг шүүмжлэх нь их
болсон.
-Тайваний жишээ Бээжингийн дэглэмд юу зааж байна вэ?
-Тайваний ардчиллын амжилт Хятад дахь хүний эрхийн төлөө
тэмцэгчдэд тэмүүлэл, үлгэр дууриал болж өгдөг. Өрнөдийн ардчилал нь Хятадад
тохирохгүй гэдэг коммунист үзэл, онолыг Тайваний жишээ няцаадаг. Тэд авторитар
дэглэмээ хадгалж байхын тулд л үүнийг ярьдаг юм.
-Хятад улс одоо ардчилалд бэлэн байна уу, эсвэл цаг
хугацаа хэрэгтэй байна уу?
-Хятадууд өнөөдөр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний
төлөө тэмцсэн байдалтай байна. Энэ эрх чөлөөгүйгээр ардчиллын төлөөх
боловсролыг хөгжүүлж чадахгүй. Иргэд өөрсдийгөө илэрхийлэх илүү орон зайн төлөө
тэмцэж, эрх баригчид түүнийг нь хянаж, цагдах аргаа чангатгаж байна. Хүмүүс
шинэ зүйл сурах гэж ангаж цангаж байна. Хүний эрхийн зарим бүлэг Үндсэн хуулийг
судалж, нөгөө хэсэг нь дахин сонгууль явуулахыг шаардаж байна. Гэхдээ хамгийн
хэрэгтэй зүйл нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байна даа.
-Та хэзээ нэгэн цагт Хятадад буцаж очих уу?
-Би буцаж очих нь зайлшгүй. Гэвч олон зүйлээс шалтгаална
даа. Одоогоор хэзээ буцаж очихоо мэдэхгүй л байна.
No comments:
Post a Comment