Tuesday, June 11, 2013





Сомалийн далайн дээрэмчид хаана байна вэ

Нэг хэсэг хэвлэл мэдээллийн баатар болж байсан Сомалийн далайн дээрэмчид хаана байна вэ. Тэд хэвлэл мэдээлэл дээр мартагдсан ч 1200 орчим далайн дээрэмчин янз бүрийн улс орны шоронд хоригдож байна.
Хэдэн жилийн өмнө дээрэмчдэд барьцаалагдсан хөлөг онгоц, экипажийн гишүүдийг аврахын тулд асар их мөнгө зарцуулдаг байсан бол одоо гэмт хэрэгтнүүдийг шүүхээр шийтгэж, хорьж цагдахад их мөнгө зарцуулах болжээ. Энэ долоо хоногт Кениагийн шүүх Сомалийн есөн иргэнийг 2010 оны есдүгээр сард Magellan Star хөлөг онгоцыг барьцаалсан хэрэгт буруутган тус бүрийг нь таван жил хорих ялаар шийтгэв. Тэднийг хөлөг онгоцны экипаж руу буудаж амь насанд нь аюул учруулсан гэж үзжээ.
One Earth Future сангаас саяхан гаргасан мэдээллээр, Энэтхэгийн далай дахь дээрэм, довтолгооны улмаас дэлхийн зах зээлд учирч буй хохирол 2012 онд 13 хувиар буурсан байна. 2011 онд далайн дээрэм дэлхийн эдийн засагт долоон тэрбум долларын хохирол учруулж байсан бол, 2012 онд энэ үзүүлэлт таван тэрбум 700 сая доллар болон буурчээ. Барьцаалагдсан хөлөг онгоц болон экипажийн гишүүдийг аврах зардал бүр 80 хувиар буурсан нь гайхалтай үзүүлэлт болж байна.
Гэвч Энэтхэгийн далайгаас баригдсан дээрэмчдийг шоронд хорих зардал жилд зургаан сая доллар болж байгаа аж. Энэ өнгөрсөн оныхоос 27 хувиар өссөн үзүүлэлт юм. Европт шүүхээр шийтгүүлж хоригдсон далайн дээрэмчдийн тоо нэмэгдсэнээр ийнхүү зардал нь өсчээ. 2011 онд Европ тивд 72 “Өрөөсөн нүдэт” ял сонсож, тэдэнд 3.4 сая доллар зарцуулсан бол, 2012 онд 99 дээрэмчин шийтгүүлж, 4.7 сая доллар зарцуулсан байна.
Өнөөдрийн байдлаар, дэлхий даяар 1200 орчим далайн дээрэмчин шоронд ял эдэлж байна. Тэдний 870 нь Африкт байгаа аж. Далайн дээрэмчдийг гэсгээн цээрлүүлэх арга хэмжээг хамгийн ихээр авч байгаа улс нь Сомали улсын хагас автономит муж Кениа юм. Тус мужийн нийслэл Харгейса хотын шоронд 380 далайн дээрэмчин хоригдож байна. Хөрш Пунтланд мужид мөн 300 гаруй хүн далайн дээрмийн хэргээр ял эдэлж байгаа юм. Йеменд 129, Энэтхэгт 119 далайн дээрэмчин шоронд хоригдож байна.
Далайн дээрэмчдийг шүүхээр шийтгэж эхэлсэн нь дөнгөж саяхан. Сомалийн далайн дээрэмчдийг шүүх Европ дахь анхны хурал 2010 оны тавдугаар сард Голландад болж таван сомали иргэнд тус бүрт нь таван жилийн ял оноож байжээ. Тэд 2009 оны нэгдүгээр сард Адений хоолойд Samanyulo хөлөг онгоцыг дээрэмдэх гэж байгаад баривчлагдсан аж. Тэр цагаас хойш Испани, Герман, Франц, Итали, АНУ-д Сомалийн далайн дээрэмчдийг шүүх хурал болжээ. Энэ сарын эхээр АНУ-д гурван далайн дээрэмчний эсрэг шүүх хурал эхэлсэн юм. Тэд 2011 оны хоёрдугаар сард Оманы эрэг дээр ирж зогссон амралт зугаалгын Quest дарвуулт хөлгийг барьцаалж, АНУ-ын дөрвөн иргэний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж байна. Прокуророос Ахмед Муса, Абукар Османе, Чани Абрар нарт цаазаар авах ял төлөвлөөд байгаа ажээ.

No comments:

Post a Comment