Sunday, June 9, 2013








Талибууд Кабулын нисэх буудлыг довтлов

“Талибан” хөдөлгөөний дайчид Кабулын ойролцоох олон улсын нисэх буудлын байгууламжийг довтолжээ. Нисэх буудлын цэргийн хэсгийг нь сонгон довтолсон хэмээн тус хөдөлгөөний төлөөлөгч мэдэгдлээ. Талибууд уламжлал ёсоороо үүрээр довтолжээ. Тэд нисэх буудлын ойролцоох барилгыг эзэлж аваад аюулгүйн хүчнийхэнтэй буудалцсан байна. Хэдэн хормын дараа Афганы аюулгүй хүчнийхэн босогчдыг устгаж, эзлэгдсэн байгууламжийг буцаан авчээ. Хоёр этгээд амиа золиослон бөмбөг дэлбэлсэн бол, зургаан босогчийг тулааны явцад устгасан байна.
Кабулын нисэх буудлын ойролцоо НАТО-гийн Афганистан дахь төв штаб байдаг. Тус штабаас Афганистан дахь олон улсын цэргийн үйл ажиллагааг зохицуулдаг ажээ.

Сирид “бурхныг доромжилсон” жаалыг цаазалжээ

Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж байгаа лалын бүлгийн дайчид Сирийн Алеппо хотод нэгэн жаалыг бурхныг доромжилсон хэмээн цаазалжээ. Энэ тухай Syrian Observatory for Human Rights байгууллагаас мэдээлэв. 15 настай Мохамед Катта хэмээх хөвгүүнийг эцэг эхийнх нь, орон нутгийн иргэдийн нүдэн дээр автомат буугаар бууджээ. Тэр жаал хэд хоногийн өмнө “Зөнч Мохамед тэнгэрээс газарт бууж ирсэн ч би лалын шашинд орохгүй” хэмээн хэлж байсан аж. Хөвгүүнийг олны өмнө цаазалсан хүмүүс ямар бүлгийнх байсан нь тодорхойгүй байна. Гэрчүүдийн ярьж буйгаар, сири хүмүүс биш, арабын ямар нэг орны хөлсний этгээдүүд байсан бололтой.

Лондонд лалын сургуулийг шатаажээ

Лондоны зүүн өмнөд дүүрэг дахь лалын сургуульд гал гарчээ. Гал гарах үед сургуульд 128 сурагч, багш нар байжээ. Бүх хүнийг галаас зайлуулж гаргасан бөгөөд утаанд хордсон хоёр сурагчийг эмнэлэгт хүргэлээ. Лалын сургуулийг санаатайгаар шатаасан байж болзошгүй хэмээн цагдаагийн газар үзэж байгаа юм. Одоогоор ямар нэг сэжигтнийг баривчлаагүй байна.
Сүүлийн үед Их Британид лалын барилга байгууламж руу халдах тохиолдол цөөнгүй гарч байна. Зургадугаар сарын 5-нд Лондоны хойд дүүрэгт лалын сүм, лалын соёлын төв шатжээ. Энэ хэргийг English Defence League хэмээх үндсэрхэг бүлэг үйлдсэн хэмээн үзэж байгаа аж.

Адольф Гитлерийн хамсаатны тэмдэглэл олдлоо

АНУ-ын судлаачид нацист Германы удирдагч Адольф Гитлерийн ойрын хамтран зүтгэгч, үзэл сурталч Альфред Розенбергийн тэмдэглэлийн дэвтрийг олжээ. Тэрээр тэмдэглэлдээ 1936-1944 оны олонд танигдаж, мэдэгдээгүй үйл явдал, баримтыг бичиж үлдээсэн байв. Уг тэмдэглэлийн дэвтрийг Вашингтон дахь Холокостын музейд шилжүүж өгчээ. Розенберг тэмдэглэлдээ, Гитлер, Генрих Гиммлер, Герман Геринг нартай хийсэн уулзалт, Зөвлөлтийн газар нутгийг эзэлж байсан, Гуравдугаар рейхийн удирдлагад гарсан зөрчлын талаар бичиж үлдээжээ. Розенберг 1946 онд Нюрнбергийн шүүхээр дайны гэмт хэрэгт буруутгагдан цаазаар авахуулсан билээ.

Японы эдийн засаг хурдтай өссөөр байна

Япон улс 2013 оны дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн талаарх статистик мэдээгээ гаргажээ. Нэгээс гуравдугаар сарын хооронд Японы эдийн засаг 1,0 хувиар өссөн байна. Сүүлийн 12 сараар авч үзвэл 4,1 хувиар өсчээ. 2013 оны эхний улиралд 0,9, сүүлийн 12 сард 3,5 хувийн өсөлттэй байна хэмээн тооцоолж байсан билээ. Дараагийн улиралд Японы эдийн засаг дахин өснө хэмээн шинжээчид үзэж байна. Иенийн ханшийг бууруулж, экспортыг дэмжсэнээр ийм үр дүнд хүрч байгаа ажээ.

Уорреном Баффеттэй зоог гурав дахин хямдрав

Тэрбумтан Уоррен Баффеттай хамт зоог барих эрх eBay дуудлага худалдаагаар нэг сая нэг зуун доллараар зарагдлаа. Энэ орлого буяны үйлст зарцуулагдах юм. Баффет өөртэйгээ хамт зоог барих эрхийг жил бүр дуудлагаар худалддаг. Өнгөрсөн онд энэ эрх гурван сая 450 мянган доллараар зарагдаж байсан билээ.
Сан-Франциско дахь орон гэргүй хүмүүст тусладаг Glide сан энэ дуудлага худалдааг зохион байгуулдаг аж. Дуудлага худалдааны дүрмээр, ялагч долоо хүртэлх найзаа Уоррен Баффеттай барих зоогт дагуулан очиж болно. Зоог Нью-Йоркийн Smith & Wollensky ресторанд болдог аж. Энэ үеэр Баффет хөрөнгө мөнгөө юунд зарцуулах зөвлөгөөнөөс бусад сэдвээр яриа өрнүүлэхийг зөвшөөрдөг байна. Хөрөнгө оруулалтын Berkshire Hathaway компанийг үүсгэн байгуулагч Баффет 2010 онд Билл болон Мелинда Гейтсийн санд 37 тэрбум доллар хандивлаж байсан билээ.

No comments:

Post a Comment