Эдвард Сноуден: Шоронд орох эрсдэлийг хүлээн
зөвшөөрөлгүйгээр ийм зүйл хийхгүй байсан
“Guardian”, “Washington Post” сонинд АНУ-ын тусгай албаны нууц баримт, мэдээллийг
дамжуулж байсан Тагнуулын төв газрын экс ажилтан, 29 настай Эдвард Сноуден
яагаад ийм үйлдэл хийх болсон талаараа ярьж байна. Тэрээр эдүгээ Хонконгод
байгаа бөгөөд улс төрийн орогнол санал болгосон улс руу гарахад бэлэн байгаа
юм. АНУ-ын харилцаа холбоо, мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангадаг Үндэсний аюулгүй байдлын агентлаг (NSA) PRISM хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж, интернэтийн гол серверүүд рүү нэвтэрч хэрэглэгчдийнх
нь талаарх мэдээллийг цуглуулж, тагнаж, чагнадгийг тэрээр илчилсэн юм.
Э.Сноудений “El
Pais”-т өгсөн ярилцлагыг сонихуулъя.
-Яагаад NSA-ийн үйл ажиллагааг
илчлэхээр шийдэв?
-NSA
хүний харилцааны бараг бүх үйлдэл, хөдлөлийг автоматаар
шүүрдэж, хянах систем, дэд бүтцийг бий болгосон. Жишээ нь, би таны цахим
шуудан, эсвэл эхнэрийн тань утсан дээрх мэдээллийг олж авахыг хүсвэл энэ
системээр шүүрдэхэд л гараад ирнэ. Мессеж, нууц үг, дуудлага, зээлийн картны
мэдээлэл гээд бүгдийг гаргаад ирнэ. Иймэрхүү зүйл хийж суудаг нийгэмд би
амьдармааргүй байна... Миний хэлсэн, хийсэн бүхнийг бичиж авдаг дэлхийд
амьдрахыг хүсэхгүй байна.
-Бостонд болсон шиг террорист халдлагуудаас сэргийлэхийн
тулд ийм хяналт хэрэгтэй биш гэж үү?
-Яагаад терроризм шинэ аюул заналхийлэл болсон юм бэ?
Терроризм үргэлж байсаар ирсэн. Бостоны халдлага бол гэмт үйлдэл. Дээрх хянах
систем бус, цагдаа нар энэ хэргийг илрүүлсэн.
-Таныг шинэ Брэдли Мэннинг гэж байна?
-Мэннинг бол олон нийтийн сайн сайхныг хамгаалах
сэгтгэлдээ хөтлөгдсөн сонгодог жишээ.
-Та өөрийгөө гэмт хэрэг хийсэн гэж үзэхгүй байна уу?
-Засгийн газрын хийсэн хангалттай олон хэргийг бид
харлаа. Одоо үүнд намайг буруутгаж байгаа нь хоёр нүүр гаргаж буй хэрэг юм.
-Танд одоо юу тохиолдох бол?
-Сайн юм лав болохгүй биз.
-Яагаад Хонконгийг сонгож авсан юм?
-Америк иргэн бага эрх чөлөөтэй газарт амьдрах хэрэгтэй
болж байгаа нь надад эмгэнэлтэй санагдаж байна. Хонконг Хятадын бүрэлдэхүүнд
байдаг ч илүү эрх чөлөөтэй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө энд хангалттай
байна.
-АНУ-ын хараа хяналт, аюулгүй байдлын арга хэмжээнээс
зайлах боломжтой юу?
-Ямар ч арга байхгүй. Тэдний гар, хөл хаана хүрдгийг
төсөөлөхөд айдас төрнө. Интернэтэд хаанаас, ямар компьютерээс орж байгааг
илрүүлж чадна. Тө өөрийгөө хамгаалж чадаж байна гэж бодож байгаа бол хэзээ ч
тийм биш шүү гэдгийг л хэлэх байна.
-Таны гэр бүл таны хийхээр төлөвлөж байсан зүйлийн талаар
мэдэж байсан уу?
-Үгүй. Юу болж байгааг миний гэр бүл мэдэхгүй.. Гэр бүл,
анд нөхөд, найз хүүхнийг минь, надтай холбоотой бүхнийг айлган сүрдүүлэх вий
гэдгээс их айж байна. Одоо би тэд нартайгаа харилцаж, ярилцаж чадахгүй. Энэ
бүгдээс болоод унтаж чадахгүй байна.
-Нууц баримтуудыг хэзээ илчлэхээр шийдсэн юм бэ?
-Түгшүүртэй, аймшигтай зүйлийг харсаар, дунд нь суусаар
байхад зарим нь бүр хэрээс хэтэрч байсан. Тэгээд бид ер нь муу зүйл хийж байгаа
юм байна гэсэн бодол аажим аажмаар сууж эхэлсэн. Өглөө бүр сэрэхдээ л энэ
бүгдийг илчилнэ гэж шийддэг байлаа. Илчлэх нь зайлшгүй байсан. 2008 онд олон
хүн Обамагийн төлөө саналаа өгсөн, би өгөөгүй. Би гуравдагч намын хүнд саналаа
өгсөн. Гэвч би Обамагийн амлалтад итгэсэн. Бүгдийг илчлэх гэж байсан ч Обамаг
яах нь вэ гэж хүлээсэн юм. Гэвч тэр өмнөх Ерөнхийлөгчийн бодлогыг
үргэлжлүүлсэн.
-Таны задруулсан нууц мэдээллийг иргэд хэрхэн хүлээж
авав?
-Америк иргэд аюулгүй байдлын нэрээр хавчигдан шахагдаж
байгаа эрхээ хамгаалахын төлөө ямар их хүч гаргаж байгааг хараад би гайхсан,
бахадсан. Occupy Wall Street хөдөлгөөнд хүрэлгүйгээр өөр хөдөлгөөн өрнөж,
долдугаар сарын 4-нд АНУ-ын Үндсэн хуулийн дөрөвдүгээр заалтыг (шүүхийн шийдвэргүйгээр шалгаж, нэгжихийг хориглодог) хамгаалсан хүмүүс гудамжинд гарахаар зэхэж байна. Энэ
хөдөлгөөн нь Дөрөвдүгээр заалтыг сэргээе гэдэг нэртэй.
-Та одоо яая гэж бодож байна?
-Миний хийж чадах ганц зүйл бол хүлээх, тэгээд Хонконгийн
Засгийн газар намайг битгий шилжүүлээсэй гэж найдах... Ямар нэг улсаас улс
төрийн орогнол хүсэх санаатай байна. Интернэт дэх эрх чөлөөг сайн хамгаалдаг Исланд
хамгийн тохиромжтой. Намайг ямар ирээдүй хүлээж байгааг төсөөлөх ч үгүй байна.
Интерполоор дамжуулж намайг баривчлах шийдвэр гаргана биз. Гэвч би АНУ-ын газар
нутгаас гадна ямар ч хэрэг үйлдээгүй гэж бодож байна.
-Та шоронд ороод дуусах болов уу, яах бол?
-Шоронд орох эрсдэлийг хүлээн зөвшөөрөлгүйгээр ийм зүйл
хийхгүй байсан. Дэлхийн хамгийн хүчирхэг тагнуулын байгууллагатай тэрсэлдэх
боломжгүй. Тэд намайг барихыг хүсвэл зөвхөн цаг хугацааны л асуудал.
-Та нууц баримтыг илчлээд долоо хонолоо. Сэтгэл санаа
ямар байна даа?
-Үүний дараа илэрсэн хүмүүсийн уур хилэн миний зөв
байсныг баталж байна. Надад юу ч тохиолдсон бай үр дүн нь АНУ-ын хувьд нааштай
байна гэсэн найдвар төрж байна. Би эх орондоо хэзээ буцаж очиж чадахгүй болно
гэж бодохгүй байна.
No comments:
Post a Comment