Туркт
900 гаруй жагсагчийг баривчилжээ
Туркийн
цагдаа янз бүрийн хотод болсон эсэргүүцлийн жагсаалд оролцсон 939 хүнийг
баривчлан саатуулжээ. Дотоод хэргийн сайд Гюлер энэ тухай мэдэгдээд баривчлагдсан
хүмүүсийн ихэнхийг мөдхөн суллана гэв. Эсэргүүцлийн жагсаалын үеэр 79 хүн
бэртсэн байна. Цагдаа нар Стамбул дахь Таксим талбайг зургадугаар сарын 1-нд
чөлөөлсөн ч эсэргүүцэгчид дахин эргэж иржээ.
Ерөнхий
сайд Режеп Эрдоган “Жагсагчдын шаардлагыг биелүүлэхгүй. Гэвч цагдаа нар
жагсагчдад хэтэрхий харгис хандсан байна” хэмээн мэдэгдэв. Эрх баригчид Таксим
талбай болон түүний хажуугийн Гези цэцэрлэгт хүрээлэнд барилга барихаар
төлөвлөсөн нь Стамбулын оршин суугчдын дургүйцлийг хүргэсэн юм. Цэцэрлэгийн
ногоон байгууламжийг нурааж худалдааны төв барьж, Османы эзэнт гүрний үеийн
хуаранг сэргээх гэж байгаа ажээ.
“”Байерн”
бүх цомыг авлаа
Мюнхений
“Байерн” клуб Германы цомын тэмцээнд “Штутгарт”-ыг хожиж түрүүлснээр анх удаа
улирлын бүх том тэмцээнд түрүүлсэн амжилт үзүүллээ. “Штутгарт”-ыг 3:2-оор хожиход
Томас Мюллер харьцааг нээж, дараа нь Марио Гомес хоёр гоол хийжээ. Ийнхүү “Байерн”
Германы цомыг 16 дахь удаагаа хүртлээ. Тэд мөн энэ улиралд Бундеслиг болон
Аваргуудын лигт түрүүлээд байгаа билээ.
Оклахомаг
дахин шуурга дайрав
АНУ-ын
Оклахома мужийг дахин хүчтэй шуурга дайрч есөн хүн амь насаа алджээ. Гэмтэж
бэртсэн 89 хүн эмнэлэгт хүргэгджээ. Салхины хурд 145 км-т хүрч, зам дээр автомашинтай
явж байсан хүмүүс ихээхэн өртсөн байна. Шуурга Оклахомаг дайран өнгөрөөд Охайо,
Миссисипи мужийн зүг явж байна. Энэ шуурга хүчээрээ хоёр долоо хоногийн өмнө
тус мужийг дайрсан салхинаас дутуугүй байна хэмээн цаг уурчид онцлов. Тэр үед
салхины хурд 300 км/цагт хүрч, 24 хүн амь насаа алдсан билээ.
Стивен
Сигал Бесланд зочилжээ
Америкийн
жүжигчин Стивен Сигал АНУ-ын Конгрессын гишүүдийн хамтаар Хүүхдийн эрхийг
хамгаалах өдрөөр 2004 онд террорист халдлагад өртөж байсан Өмнөд Осетийн Беслан
хотын сургуульд зочилжээ. Халдлагын үеэр амиа алдсан хүмүүсийн оршуулгын газарт
очиж хүндэтгэл үзүүлсний дараа Сигал “Америк, Орос хоёр терроризмтэй хамтран
тэмцэх ёстой. Би үлдсэн амьдралаа терроризмтэй тэмцэж өнгөрүүлнэ” хэмээн амлажээ.
2004
оны есдүгээр сарын 1-нд Расул Хачбаровоор удирдуулсан террористууд Бесланы
нэгдүгээр пунд сургууль руу дайрч хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байсан
хүүхдүүд шолдуу 1128 хүнийг барьцаалсан юм. Тэднийг биеийн тамирын зааланд хоол
ундгүй гурав хоног хорьсон бөгөөд аврах ажиллагааны үеэр 335 хүн амиа алдсан билээ.
Тэдний 186 нь хүүхэд байжээ.
Дөрвөн
хүүхдээ 1600 доллараар заржээ
Хятадын
Шайбей тосгоны хараагүй эх Ду Сюронь гэр бүлээ тэжээхийн тулд өөрийн дөрвөн
хүүхдээ заржээ. The Daily Mail-д бичсэнээр, эмэгтэй зургаан
хүүхэд төрүүлсэн аж. Гэвч тэрээр том охин, том хүүгээ үлдээж бусдыг нь зарж
орхижээ. Хятад эх гурван охин, нэг хүүгээ үл таних этгээдүүдэд нэгийг нь 300
доллараар зарсан байна. Нэгээс илүү хүүхдэдтэй айлд татвар оноодог тул Ду
Сюронь хөл хүнд болсноо орон нутгийн эрх баригчдаас нуудаг байв. Тэрээр таван
настайдаа осолд орж хараагүй болсон аж. Цагдаа нар түүнийг хүүхдээ наймаалсныг
мэдээд баривчилсан ч мөдхөн сулласан байна. Хараагүй хүнийг хорих хууль Хятадад
байдаггүй ажээ.
Google,
Facebook,
Twitter, Yahoo
тусгай албадад туслахаас татгалзав
Дэлхийн интернэт компаниуд хэрэглэгчлийнхээ талаарх
мэдээллийг Британийн тусгай албадад дамжуулж туслахаас татгалзжээ. Google, Facebook,
Twitter, Yahoo компани Их Британийн Дотоод хэргийн сайд Тереза Мэйд захидал илгээсэн
байна. Тэд захидалдаа “Тагнуулын харти”-ийн хүрээнд хамтран ажиллахаас
татгалзаж буйгаа мэдэгдсэн аж.
Британийн хууль сахиулагчид иргэдийнхээ цахим шуудан,
нийгмийн сүлжээн дэх хувийн мэдээллийг авахыг хүссэн юм. Энэ мэдээллийг 12 сар
хадгалаад устгана хэмээн мэдэгдэж байв. Гэвч Америкийн компаниуд хэрэглэгчдээ
тагнахаас эрс татгалзсан байна.
Швейцарь Европын холбооны цагаачдыг хязгаарлана
Швейцарийн эрх баригчид улс оронд ажиллах эрх авч байгаа
Европын холбооны иргэдийн тоог хязгаарлахаар болжээ. Цагаачлал хэтэрхий өндөр
түвшинд хүрсэн тул ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсон байна.
Хязгаарлалт нэг жилийн хугацаатай байх аж.
Тус улсад ажилгүйдэл гурван хувьтай байдаг. Бүх ажиллах
хүчний дөрөвний нэгийг цагаачид бүрдүүлдэг байна. Швейцарь нь Европын холбооны
бүрэлдэхүүнд ордоггүй ч Европ дахь шилжилт хөдөлгөөний чөлөөт байдлыг хангах
тохиролцоог Брюссельтэй хийсэн юм. Швейцарийн эрх баригчдын арга хэмжээ хоёр
талын харилцаанд муугаар нөлөөлж болзошгүй хэмээн Брюссель болгоомжилж байна.
No comments:
Post a Comment