Monday, June 17, 2013




 

 

Пеле: Марадонаг гэртээ дуртайяа урихсан

 

Бразилийн домогт хөлбөмбөгч Пеле буюу Эдсон Арантес ду Насименто Хөлбөмбөгийн холбоодын тив хоорондын цомын тэмцээний үеэр As.com-д сонирхолтой ярилцлага өгчээ.

 

-Холбоодын тив хоорондын цомын тэмцээнд (Confederations Cup) хэн түрүүлэх бол?

 

-Үүнийг мэддэг бол их мөнгөөр мөрий тавихсан. Бразил, Испани, Уругвай гээд адил түвшний багууд. Бүгдэд нь боломж бий.

 

-Неймар “Барса”-д очсоныг юу гэж бодож байна?

 

-Неймар Англи, Испанийн дунд эргэлзэж байсан. “Барса”-д очсон нь хамгийн зөв алхам гэж бодож байна.

 

-Неймар Мессигээс илүү юу?

 

-Тэд бүх талаараа ялгаатай тоглогчид. Месси Европт бэлтгэгдсэн, тэнд 14 настайдаа очиж асар их туршлага хуримтлуулсан. Месси, Неймар хоёр огт өөр хэв маягаар тоглодог ч хоёулаа маш сайн тоглогч. Аль нь ч багаа хүчирхэгжүүлж чаддаг. Неймар Европт, “Барса”-д тоглож их туршлага хуримтлуулаад, дэлхийн аваргаар Бразилийн шигшээдээ улам сайн тоглоосой гэж хүсч байна.

 

-Неймар Европт аль хэр удаан идээших бол?

 

-Европын хөлбөмбөг Бразилийн, Латин Америкийн хөлбөмбөгөөс их ялгаатай. Европынхон их хүчтэй, илүү ойрхон зайнаас гоол оруулдаг. Шүүгчид нь ч ийм маягийн тоглолтод дассан байдаг. Неймар үүнд дасах гэж л зовж магадгүй.

 

-Неймар дэлхийн шилдэг тоглогч мөн үү?

 

-“Сантос”-т тоглож байсныхаа хувьд, бразил хүнийхээ хувьд түүнийг над шиг азтай, одтой байгаасай гэж хүсч байна. Одоо Неймарын урд зарим саад байна. Дэлхийн аваргад тоглох, хурдаа нэмж, толгойгоороо илүү сайн тоглодог болох хэрэгтэй байна. Жишээ авъя л даа. Зидан хэдхэн жилийн өмнө нэрээ дуурсгаж байлаа шүү дээ. Тэр төгс тоглогч байсан. Неймар түүний түвшинд хүрэх болоогүй байна.

 

-Пелегийн “Сантос”, Мессигийн “Барселона”. Та алийг нь сонгох вэ?

 

-Энэ асуултад Пелегийн “Сантос” гэж хариулна гэдгийг бүгд мэдэж байгаа биз. Цаг хугацаа нь өөр байж дээ. Намайг “Сантос”-т 15 жил тоглож байхад “Реал Мадрид” гэж одоогийн “Барса” шиг агуу өрсөлдөгч байлаа. Мөн “Аякс” байсан. “Аякс” 10 жилийн турш Европын шилдэг клуб байсан, тэдэнд Круйф байсан. Цаг үе нь өөр болохоор харьцуулалт хийхэд хэцүү.

 

-Марадона юу, Месси юу?

 

-Тэд их адилхан. Залуу хүмүүст зориулж хэлэхэд Сивори хэмээх өөр нэг аргентин тоглогч байсан юм шүү. Тэр Италид тоглож байсан. Гайхалтай, зүүн хөлөөрөө “галзуу” тоглодог нэгэн байлаа. Европт тоглож байсан хамгийн мундаг аргентин тоглогч бол Альфредо Ди Стефано. Европт тодорсон дөрвөн аргентин тоглогчоос хамгийн төгс нь Ди Стефано. Тэр “Шаргал сум” хэмээх хочтой, маш хурдан тоглогч байсан. Сивори, Марадона, Месси гурав зүүн хөлөөрөө тоглодог, хэв маяг нь адилхан.

 

-Та Марадонатай ямар харилцаатай байдаг вэ?

 

-Сайн харилцаатай. Бид хэзээ ч муудалцаж байгаагүй. Сэтгүүлчид л ямар нэг алиа юм бодож олсон байдаг. Би Марадонатай хэвийн, сайн харилцаатай байдаг.

 

-Бразилд болох дэлхийн аваргын тэмцээний үеэр та түүнийг гэртээ урихсан болов уу?

 

-Марадонаг гэртээ дуртайяа урихсан. Бразил, Аргентин хоёр аваргын төлөө тоглоосой гэж хүсч байна.

 

-Криштиано Роналдо “Алтан бөмбөг” авах ёстой байсан уу?

 

-Тэр бол төгс боловсорсон тоглогч л доо. Дөрөв таван жил дээд түвшинд тоглож байна. Роналдо сүүлчийн “Алтан бөмбөг”-ийг авах гавъяатай байсан.

 

-Пеле шиг тоглодог тоглогч одоо байна уу?

 

-Неймар илүү адилхан тоглодог юм болов уу гэж бодож байна. Гэхдээ тэр араас, гүнээс орж ирдэггүй, толгойгоороо тоглодоггүй. Неймар бөмбөгийг их хянаж, эзэмшиж тоглодог. Миний түвшинд хүрч болох юм. Харин надтай хамгийн адилхан тоглодог байсан тоглогч бол Зидан. 70-аад онд Бразилд Зико л надтай зэрэгцэж ирсэн дээ.

 

-Та өнөөдөр хаана тоглож байхсан бол?

 

-Мэдээж “Сантос”-т. Миний спортын замналын хамгийн шилдэг 15 жил энд өнгөрсөн. “Реал Мадрид”, Мексик, Англид тоглох санал олон удаа ирж байсан ч би тэр үед агуу багт тоглож байсан болохоор явах бодол төрөөгүй юм.

 

-Та ямар стилийн дасгалжуулагчид дуртай вэ?

 

-Би гурван дасгалжуулагчийн л нүүр үзсэн. Тэр үед дасгалжуулагчаа одооных шиг солиод байдаггүй байлаа. Моуриньо илүү латин, илүү бразил стильтэй, надад их таалагддаг. Бразилийн шигшээд яг таарах дасгалжуулагч.

 

-2014 оны Бразилийн дэлхийн аваргад Бразил түрүүлэх үү?

 

-Одоогоор бидэнд бүхний итгэлийг хүлээсэн шигшээ баг алга. Сайн бэлтгэх хэрэгтэй. Холбоодын цомыг ашиглаад сайн бэлтгэх хэрэгтэй. Герман, Испани гээд сайн бэлтгэгдсэн багууд байна. Гэхдээ хөлбөмбөгт шилдэг нь хожихгүй байх тохиолдол их гардаг. Бразилд сайн тоглогч хангалттай байна. Дасгалжуулагчийн ажил л мэднэ дээ.

No comments:

Post a Comment