Tuesday, June 25, 2013






 

 

Serie A-гийн 18 клубын байрыг нэгжжээ

 

Италийн санхүүгийн цагдаагийн алба хөлбөмбөгийн 41 клубын албан өргөөнд нэгжлэг хийжээ. Тэдгээрийн дотор Serie A-гийн 18 клуб байгаа аж. Хөлбөмбөгийн клубүүдийг татвараас зайлсхийсэн, тоглогчид худалдаж авахдаа мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна. Мөн хөлбөмбөгчдийн 12 төлөөлөгчийг сэжиглэн шалгаж байгаа аж.

Нэгжлэгэд өртсөн элит клубүүдээс “Лацио”, “Ювентус”, “Милан”, “Интер”-ийн нэр сонсогдож байна. Неаполь хотын шүүх санхүүгийн луйврын хэргийг шалгах тушаал гаргасны дагуу нэгжлэгийг хийсэн аж.

 

Sinopec Ангол дахь нефтийн ордыг худалдаж авлаа

 

Хятадын China Petrochemical Corporation буюу Sinopec корпорац Анголын нефть, хийн орд дахь Америкийн Marathon Oil фирмийн хувьцааг худалдан авах гэрээ байгуулжээ. Америкийн фирмэд харъяалагдаж байсан орд газрын 10 хувийг 1.52 тэрбум доллараар худалдаж авчээ. Sinopec 2011 онд France's Total компанийн таван хувийн хувьцааг өөрийн болгож байсан билээ. Анголын энэхүү орд газар нь 533 сая баррель нефтийн батлагдсан нөөцтэй юм. Хятадын төрийн мэдлийн компаниуд өсөн нэмэгдэж буй дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахын тулд дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийг худалдан авч байна. Sinopec нь Ази даяар нефть олборлодог томоохон компани билээ.

 

Бразилд бүх нийтийн санал асуулга явуулах уу

 

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф улс оронд үүсээд байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаахын нийтийн тээврийн салбарт 17 тэрбум доллар хуваарилна хэмээн амлаад, бүх нийтийн санал асуулга явуулах санал дэвшүүллээ. Тус улсад нийтийн тээврээр зорчих үнийг нэмэгдүүлсний дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, нөхцөл байдал хүндрээд байгаа билээ. Ерөнхийлөгч мөн эрүүл мэндийн салбарыг сайжруулж, ажлын байр шинээр бий болгоно хэмээн амлаж байна. Р.Дилма жагсаалыг зохион байгуулагчидтай уулзаж ярилцсан юм. Нийтийн тээврийн асуудлыг шийдэхийн тулд Тээврийн асуудал хариуцсан олон нийтийн зөвлөл байгуулах ёстой гэсэн тохиролцоонд хүрчээ.

 

Франсуа Олландын нэр хүнд навс унажээ

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүнд унасаар 26 хувьд хүрчээ. 2012 оны сүүлийн хагасаас хойш түүний нэр хүнд тасралтгүй унасаар байгаа юм. Франц иргэдийн дөнгөж 26 хувь нь Ерөнхийлөгчийн албанд нэг жил болж байгаа Олландын ажлыг сайн гэж дүгнэжээ. Францын шинэ үеийн түүхэнд тэрээр хамгийн нэр хүндгүй Ерөнхийлөгчөөр тодорч байна. Эрх баригч социалист намын нэртэй улстөрч Жером Кюзак татвар төлөхөөс зайлхийсэн хэрэгт холбогдсон нь Ф.Олландын нэр хүндэд муугаар нөлөөлсөн байна.

 

Араб эмэгтэйчүүдийг зөөгчөөр ажиллахыг хориглов

 

Саудын Арабын Хөдөлмөрийн яам эмэгтэйчүүдийг зоогийн газарт зөөгч, мөнгө хураагчаар ажиллахыг хориглолоо. Энэ шийдвэртээ ямар нэг тайлбар хийсэнгүй. Харин дэлгүүрийн мөнгө хураагчаар ажиллах боломжийг эмэгтэйчүүдэд хэвээр үлдээжээ. 2010 онд ийм эрх олгосныг цөөхөн эмэгтэйчүүд хэрэгжүүжл байгаа аж. Саудын Арабын хууль нь лалын шариатын хуучинсаг хувилбар дээр үндэслэсэн байдаг. Эмэгтэйчүүд автомашин жолоодохыг хориглодог дэлхийн цорын ганц улс нь Саудын Араб юм. 2011 оноос тус улсын эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгч, мужийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болжээ.

 

АНУ талибуудтай хэлэлцээ хийхэд бэлэн

 

АНУ Афганы эрх баригчидтай хамтран “Талибан” хөдөлгөөнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа баталлаа. Ерөнхийлөгч Барак Обама, Хамид Карзай нар видео хурал хийх үеэрээ талибуудтай хийх энхийн хэлэлцээнд Кабулын эрх баригчид шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой хэмээн тохиролцжээ. Уржигдар “Талибан”-ы босогчид Кабул дахь Ерөнхийлөгчийн ордон болон Тагнуулын төв газрын Кабул дахь салбарын байр руу довтолсон юм. Энэ довтолгооны хариуцлагыг талибууд хүлээсэн байна. “Талибан” хөдөлгөөн Катарын Доха хотноо энхийн хэлэлцээ хийх төлөөлөгчийн газраа нээхээр болсон билээ. 

No comments:

Post a Comment