АНУ-д
iPhone, iPad-ийн хуучин загварыг худалдахыг хориглолоо
АНУ-ын
Олон улсын худалдааны комисс Apple
компани
Америкийн газар нутаг дээр iPhone, iPad-ийн хуучин загваруудыг худалдаалахыг
хориглов. Apple компанийг патент зөрчсөн
хэмээн буруутгасан Samsung-ийн хүсэлтээр ийм шийдвэр
гаргажээ. iPhone4, iPhone3, iPad 3G болон iPad 2-т энэ хориг хамаатай юм.
Эдгээр загвар нь Америкийн зах зээл дээр зарагдахаа больсон тул Samsung билэгдлийн чанартай ялалт байгуулж байгаа аж.
Өмнөд
Солонгосын Samsung компани смартфоны үйлдвэрлэлээр
дэлхийд тэргүүлдэг. 2013 оны эхний гурван сард тус компани Apple-аас хоёр дахин их утас борлуулжээ. Гэвч Apple-ийн бизнес илүү ашигтай байдаг аж.
IKEA-г үндэслэгч бага хүүдээ
удирдлагаа шилжүүлэв
Тавилгын
худалдааны томоохон сүлжээ IKEA-г үндэслэгч Ингвар Кампрад
Inter IKEA Group-ийн Удирдах зөвлөлийн даргын суудлаа бага хүүдээ
шилжүүлжээ. Ийнхүү 44 настай Маттиас Кампрад IKEA худалдааны тэмдэг болон IKEA дэлгүүрийн сүлжээг эзэмшдэг Inter IKEA Group-ийн Удирдах зөвлөлийн
дарга боллоо. Тус групп дэлхий даяар 302 дэлгүүртэй ажээ. Ингвар Кампрадын
нөгөө хоёр хүү Юнас, Петер нар мөн группын Удирдах зөвлөлд багтлаа.
Ингвар
Кампрад 1943 онд 17 настай байхдаа IKEA компанийг байгуулжээ. Bloomberg мэдээлж буйгаар, түүний хөрөнгө 48.2 тэрбум долларт
хүрсэн байна.
Кейт
Уинслет гурав дахь хүүхдээ хүлээж байна
“Титаник”
гол дүрээр алдаршсан жүжигчин Кейт Уинслет гурав дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж
байна. 37 настай Уинслет, түүний 34 настай нөхөр Нэд Рокнролл нар энэ мэдээг
баяртайгаар уламжилж байгааг түүний хэвлэлийн төлөөлөгч дамжууллаа.
Уинслет,
Рокнролл нар жил гаруй хугацаанд хамт амьдарсны дараа 2012 оны арванхоёрдугаар
сард гэрлэжээ. Нэд Рокнролл нь Британийн тэрбумтан Ричард Брэнсоны бөл юм. Кейт
Уинслет өмнөх хоёр нөхрөөсөө 12 настай Миа, есөн настай Жо гэсэн хоёр хүүхэдтэй
билээ.
Кибер
тагнуулын довтолгоонд Монгол хамгийн их өртжээ
Компьютерийн
вирусын эсрэг “Касперскийн лаборатори”-ийн шинжээчид дэлхийн 40 оронд тархсан
кибер тагнуулын олон улсын сүлжээг илрүүлжээ. NetTraveler хэмээх тагнуулын сүлжээний довтолгоонд төрийн
болон хувийн байгууллагын компьютерийн 350 систем өртсөнийг шинжээчид олж
илрүүлээд байна. Тэдгээрийн дотор Засгийн газрын байгууллага, элчин сайдын яам,
судалгаа шинжилгээний хүрээлэн, цэргийн байгууллага, нефтийн компаниуд байгаа
бөгөөд хулгайлагдсан мэдээллийн хэмжээ нь 22 Гб болж байгаа аж.
Кибер
довтолгоонд хамгийн их өртсөн орон нь Монгол ажээ. Дараагаар нь Орос, Энэтхэг
орж байна. Казахстан, Киргизстан, Хятад, Тажикистан, Өмнөд Солнгос, Испани,
Герман эхний аравт багтжээ. Net
Traveler-ийн
довтолгоонд өртөж байсан зургаан байгууллага өмнө нь “Red October” хэмээх кибер тагнуулын золиос болж байсан аж.
Дээрх
кибер тагнуулын сүлжээ нь 2004 онд байгуулагдсан ба хакеруудын оргил идэвхтэй
үе нь 2010-2013 онд тохиожээ. Хакерууд Microsoft Office-ийн сул талыг ашиглан fishing mail буюу зартай брэндүүдийн
өмнөөс мэйл явуулж залилан, компьютер хэрэглэгчдийн нууц үгийг олж авч,
компьютер дээрх мэдээллийг нь хулгайлдаг байна.
“Касперскийн
лаборатори” өнгөрсөн нэгдүгээр сард “Red October” кибер
тагнуулын сүлжээг илрүүлж байсан. 2007 оноос хойш ажиллаж байсан энэ сүлжээ нь
янз бүрийн орны дипломат байгууллагууд, төрийн бүтцэд нэвтэрч мэдээлэл хулгайлж
байжээ.
Н.Шариф
дахин Пакистаны Ерөнхий сайд боллоо
Пакистаны
“Лалын лиг” намын лидер Наваз Шариф өчигдөр тангараг өргөж гурав дахь удаагаа
улс орны Ерөнхий сайд боллоо. Нэртэй бизнесмэн Шариф 14 жилийн өмнө цэргийн
эргэлтийн улмаас Ерөнхий сайдын суудлаас зайлуулагдаж байсан юм. Гэвч түүний
тэргүүлсэн нам өнгөрсөн тавдугаар сарын сонгуульд ялснаар тэр ийнхүү эрх мэдэлд
эргэн ирж байна. Н.Шариф эдийн засгийн хөгжилд гол анхаарлаа хандуулна хэмээн
амлав. Пакистанд авлига газар авсан, эрчим хүчний ноцтой дутагдалд орсон, мөн
босогчдын дайралт, халдлага гээд шийдвэрлэх олон асуудал байгаа билээ.
АНУ-ын
тусламжтайгаар “Боко Харам”-ын лидерийг барина
АНУ
лалын “Боко Харам” бүлгийн лидер Абубакар Шекауг баривчилж авчирсан хүнийг долоон
сая доллараар шагнах шийдвэр гаргасныг Нигерийн Засгийн газар сайшаалаа.
Нигерийн Дотоод хэргийн сайд Абба Моро “ВВС”-д “Лалын бүлгийн төгсгөл ирлээ”
хэмээн мэдэгджээ. Тус улсын эрх баригчид Абубакарын толгойг бага мөнгөөр үнэлж
байсан нь ямар ч үр дүн авчраагүй юм. Харин АНУ түүний төлөө ихээхэн мөнгө
амласнаар “Боко Харам”-ын лидерийг баривчлах цаг ойртлоо хэмээн үзэж байна.
Кубад
118 интернэт-кафе нээгдэв
Арлын
Куба улсад олон нийтэд зориулсан 118 интернэт-кафе нээгджээ. Үүнээс өмнө
интернэтийн хэрэглээ нь эмч, сэтгүүлч, их сургуулийн багш зэрэг цөөхөн мэргэжлийн
хүнд болон төрийн байгууллагууд болон гадаадынханд зориулсан зочид буудалд
хүртээмжтэй байсан юм.
Албан
ёсны тоо баримтаар, куба иргэдийн дөнгөж 2.9 хувь нь интернэтэд орох эрхтэй
байжээ. Шинээр нээгдэж буй интернэт-кафений хурд олон улсын стандартад нийцэж
байгаа аж. Гэвч нэг цагийн хэрэглээ нь 4.5 хөрвөх песо буюу 4.5 ам.доллар
байгаад иргэд ихээхэн гомдолтой байна. Кубад дундаж цалин 20 доллар байдаг аж.
No comments:
Post a Comment