Tuesday, June 18, 2013



Хувийн онгоцтой, Louis Vuitton-ий цүнх барьдаг ламтан

Нэгэн буддист лам хувийн онгоцоороо аялж, том нарны шил, Louis Vuitton зэрэг үнэтэй брэндийн цүнх тэргүүтнээр гангарч буй бичлэг Youtube-д тавигдсан нь Тайландад томоохон шуугиан дэгдээж байна. Буддын шашны номлолоор бол, лам хуврагууд даржин, тарчиг амьдралаар амьдрах ёстой байдаг.
Дээрх бичлэгийг Youtube-д 200 мянган хүн сонирхож, дэлхийн өнцөг булан бүрийн буддистууд шүүмжилсэн сэтгэгдэл үлдээжээ. Тансаглалынхаа төлөө дээд лам нараас шийтгэл  хүлээсэн ламтан “Энэ бол миний үнэнч сүсэгтнүүдийн нэгнийх нь хувийн онгоц” хэмээн тайлбарласан байна. Тэрээр шавьдаа хандаж Бангкокийн зүүн хойд хэсэг дахь хувийн сүмдээ хүргэж өгөхийг хүссэн бололтой.
Тайландын Буддын шашны үндэсний албаны ерөнхий захирал Ноппарат Бенжаватан “Манай алба энэ бичлэгийг үзсэн. Тэр лам нарыг дахин ийм үйлдэл гаргахгүй байхыг сануулсан. Тэдний тансаглалыг хүлээн зөвшөөрч боломгүй” хэмээн ярилаа. Том шил зүүн, хувийн онгоцоор нисч байгаа ламтан нь Па Кхантитхам сүмийн 34 настай хувраг Луанг Ненкхам Чаттиго хэмээн Буддын шашны үндэсний албанаас тодотголоо.
Тайландуудын 95 хувь нь буддын шашинтан, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг. Өнгөрсөн онд гаргасан албан баримтаар, тус улсад 61 мянган лам хувраг амьдарч байна. Тайландын лам нар архи ууж, мөрийтэй тоглож, тэр бүү хэл биеэ үнэлэгч авч байгаад “азаартсан” тохиолдол цөөнгүй байдаг аж. “Буддын шашны хувраг болохын тулд ертөнцөөс тасарч, байгаа жаахан зүйлээрээ болгоод явах учиртай” хэмээн Тайланд дахь Буддын шашныг хамгаалах төвийн Пра Винайтхорн Тэравит өгүүлж байна. 20 жилийн өмнө Тайландад лам нар элдэв асуудалд орооцолдож, ёс суртахууны доголдол гаргадаггүй байжээ. Сахил аваад удаагүй лам нар тансаглалд умбаж, буддын шашны нэр хүндийг унагаж байгааг Тэравит онцоллоо.

No comments:

Post a Comment