Хятадад Винни Пухыг хоригложээ
Хятадын интернэт серверүүд Винни Пух, Бар хоёрын зургийг
Хятад улсын дарга Си Жинпин, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама нартай адилтган
эвлүүлсэн зургийг устгажээ. Си Жинпин саяхан Америкт айлчилж, хоёр улсын
тэргүүн Калифорнид зангиагүй уулзалт хийсэн билээ. Хамтдаа алхаж буй хоёр
удирдагчийн зураг байрлал, хөдөлгөөн, дүрс, илэрхийллээрээ Диснейн Винни Пух
болон түүний найзуудын зурагтай тун адилхан болсныг анзаарсан Хятадын интернэт
хэрэглэгчид эвлүүлэг хийн тавьжээ. Тэр битгий хэл ногоон зүлэг, цэцэг, бутны
цаанаас харагдах саарал хашаа гээд өнгө, орчин нь хүртэл ижил байв.
АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Обама, Жинпиний
уулзалтыг амжилттай болсон хэмээн үнэлсэн байна. Уулзалтын явцад хоёр лидер
интернэтийн асуудлыг хэлэлцжээ. Тэр тусмаа Цагаан ордны тэргүүн Хятадын газар
нутаг дээрээс Америкийн серверүүдийг байнга довтолдог кибер гэмт хэрэгтнүүдийн
эсрэг арга хэмжээ авахгүй байна хэмээн Хятадын эрх баригчдыг шүүмжилжээ.
Сирийн хоригийг зөөлрүүлэв
АНУ Сирийн сөрөг хүчнийг дэмжих зорилгоор тус улсын эсрэг
хориг арга хэмжээг зөөлрүүллээ. Энэ тухай АНУ-ын Төрийн департаментаас
мэдээлэв. Хориг арга хэмжээг хэсэгчлэн цуцласны дараа Америкийн компаниуд
чөлөөлөгдсөн буюу сөрөг хүчний хяналтад орсон бүс нутагт нийлүүлэлт хийх
боломжтой болж байна. Тухайлбал, эрчим хүчний салбарт програмчлагдсан тоног
төхөөрөмж нийлүүлэх тухай яригдаж байгаа юм. Мөн Сирийн сөрөг хүчний
төлөөлөгчдөөс нефтийн бүтээгдэхүүн худалдаж авахыг зөвшөөрчээ. АНУ энэ долоо
хоногоос эхлэн Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлж эхлэх бололтой.
Гурван настай хүүхдэд шивээс хийгээд шийтгүүллээ
Америкийн Нью-Мексико мужийн 29 настай иргэн Круз Тенорио
гурван настай хүүхдийн гар дээр шивээс хийсэн хэргээр зургаан сар хоригдох ял
сонслоо. Тенорио шивээс хийхдээ ариутгаагүй багаж хэрэгсэл ашиглаж, бяцхан
хүүхдийн амьдрал, эрүүл мэндэд санаатайгаар заналхийлсэн хэмээн шүүх үзжээ.
Тенорио хамаатныхаа гурван настай хүүхдийн гар дээр А үсэг шивсэн байна.
Кенийн депутатуудын цалинг бууруулав
Кений Засгийн газар парламентын гишүүдийн цалинг 40
хувиар бууруулав. Ард иргэд депутатуудын цалин их байна хэмээн бослого гаргасны
дараа ийм шийдвэр гаргажээ. Кенийн парламентын гишүүн жилийн 100 мянган
долларын цалинтай байсан бөгөөд эдүгээ 75 мянга болон буурав. Тэд үүний
хажуугаар тэтгэвэрт гарахдаа нэмэгдэл авч, дээд ангиллын автомашин авах эрхтэй
байдаг ажээ. Жирийн иргэд нь 300-400 долларын цалинтай тус улсад хамгийн баян
хүмүүс нь улстөрчид байдаг.
Л.Месси татвараас зайлсхийсэн үү
“Барселона” клубын аргентин довтлогч Лионель Месси
ихээхэн хэмжээний татвараас зайлсхийсэн хэмээн Испанийн хэвлэлүүд мэдээлж
байна. Месси 2006-2009 онд дөрвөн сая долларын татвар төлөх ёстой байсныг нуун
дарагдуулсан хэмээн Испанийн хууль сахиулагчид үзжээ. Месси эцгийнхээ хамтаар
худалдааны эрхээ татварын диваажин гэгддэг Белиз, Уругвай дахь компаниудад
шилжүүлжээ. Тэрээр энэ гэрээнээс ихээхэн орлого олсон ч зохих татвараа төлөөгүй
хэмээн шүүгч үзсэн байна. Лионель Месси Испанид оршин суух бүртгэлтэй байдаг
тул олсон бүх орлогоосоо Испанийн татварын албанд татвар төлөх ёстой.
Дээрх мэдээллийн дараа Месси “Би шударгаар татвараа төлж
ирсэн. Энд ямар нэг алдаа гарсан байх” хэмээн мэдэгджээ.
Кубаас Флорида хүртэл сэлэх гэж оролджээ
Австралийн усанд сэлэгч бүсгүй Клое Маккардел Кубаас
АНУ-ын Флоридагийн эрэг хүртэл сэлэх оролдлогоо зогсоолоо. Тэрээр 11 цаг
сэлсний эцэст медуз буюу далайн нялцгай биетэнд хатгуулан сульдсаны дараа
оролдлогоо зогсоохоос аргагүй болсон байна. Клое хамгаалагч торгүйгээр 160
км-ийн хоолойг сэлж гаталсан анхны хүн болох гэсэн боловч чадсангүй. Тэрээр энэ
зайг зургаан цагийн дотор сэлж дуусгана гэж тооцоолсон ч 11 цаг сэлэхэд дөнгөж
талдаа орж байжээ.
Клое Маккардел энэ сэлэлтээрээ 1960 оноос хойш тасраад
байгаа Америк, Кубын дипломат харилцааг сэргээх уриалгыг гаргасан юм.
“Каморра” мафийн 100 гишүүнийг баривчиллаа
No comments:
Post a Comment