Wednesday, June 5, 2013







16 афганыг хөнөөсөн алуурчин цаазын ялаас мултрав

Афганистаны 16 энгийн иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа Америкийн армийн ахлах түрүүч Роберт Бейлс үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрлөө хэмээн түүний хэргийг шалгаж байгаа цэргийн шүүгч мэдэгдэв. Ийнхүү шүүгдэгч мөрдөн байцаалтад туслахыг зөвшөөрч хэргээ хүлээсэн тул цаазаар авахуулах ялаас мултарч байгаа юм. Бейлс одоо хамгийн ихдээ өршөөгдөх эрхгүйгээр насаараа хоригдох ял авахаар боллоо. Ахлах түрүүчийг шүүх хурал наймдугаар сарын 19-нд болно.
39 настай Роберт Бейлс 2012 оны гуравдугаар сард Афганы Кандагар муж дахь цэргийн баазаас холгүй орших тосгоны иргэдийн аминд хүрсэн юм. Тэрээр нэгэн байшинд шөнөөр нэвтрэн орж тэнд унтаж байсан хүмүүс рүү гал нээжээ. Түүний суманд хүүхэд, эмэгтэйчүүд голдуу 16 хүн амь үрэгдсэн байна. Түрүүч яагаад ийм хэрэг үйлдэх болсон шалтгаанаа тайлбарлаж чадаагүй бөгөөд юу хийснээ сайн санахгүй байна гэсэн аж. Бейлс Иракт хүнд шархадсан байсан ч түүнийг Афган руу үүрэг гүйцэтгүүлэхээр явуулсан байсан хэмээн түүний өмгөөлөгч хэлж байна. Роберт Бейлс гэмт хэрэг үйлдэх үедээ гэмтлийн дараах сэтгэл зүйн хямралд орсон байсныг мөрдөн шалгалтын явцад тогтоожээ. Энгийн иргэдийг хядсан явдал нь Афганистан болон бусад улс оронд зэвүүцэл төрүүлсэн юм. Пентагон энэ хэргийн хариуцлагыг хүлээж амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгосн байна.

Словенийн Ерөнхий сайд асан авлигын хэргээр шийтгүүлэв

Словенийн Засгийн газрын тэргүүн асан Янез Янш Финландын Patria концернтэй гэрээ байгуулахдаа хахууль авсан хэргээр шүүхээс шийтгүүлэв. Тэрээр бусад хамсаатны хамтаар шүүхийн сандалд суужээ. Экс Ерөнхий сайдыг ихээхэн хэмжээний хахууль авсан хэмээн үзэж хоёр жил шоронд хорих ял оноов.
Янез Яншийн Засгийн газар 2006 онд дээрх гэрээг хийсэн юм. Тэрээр тендер шалгаруулахад оролцоогүй, би буруугүй хэмээн мэдэгдсээр байна. Энэхүү авлигын хэрэг эдийн засгийн хямралтай тэмцэж байгаа Словенийн ард түмний эгдүүцлийг хүргэжээ.

Америк эрийг тагнуул хийсэн хэмээн Венесуэлээс хөөжээ

Венесуэлийн улс төрийн амьдралын талаар баримтат кино хийж байсан Америкийн кино найруулагч Тимоти Трейси Венесуэлээс хөөгджээ. Трейси өнгөрсөн дөрөвдүгээр сард Каракасын нисэх буудал дээрээс АНУ-ын Детройт хот руу нисэх гэж байгаад  баривчлагдсан юм. Венесэлийн тал түүнийг тагнуул хийсэн, улс орон дахь нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэж оролдсон, сөрөг хүчнийг санхүүжүүлсэн хэмээн буруутгаж хорьсон байна. Тимоти Трейсийг өчигдөр суллаж АНУ руу албадан гаргасныг Венесуэлийн Дотоод хэргийн сайд Мигель Родригес мэдэгдлээ. Хүний эрхийн “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага Каракасын эрх баригчдын шийдвэрийг буруутгав. “Видео бичлэг хийж байсныг нь Венесуэлийг тогтворгүй болгох оролдлого гэж үзэж болохгүй” хэмээн тус байгууллагын мэдэгдэлд онцолжээ.

Дайчдаа Сириэс гаргахыг Иран болон “Хезболла”-гаас шаардав

Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Сирийн стратегийн чухал ач холбогдолтой Эль-Кусейр хот Башар Асадад үнэнч хүчний хяналтад шилжсэнийг шүүмжлэв. “Эль-Кусейр хот Сирийн дарангуйлагч дэглэмийн хяналтад шилжсэнийг буруушааж байна. Тэнд хичнээн хүн алуулсан нь тодорхойгүй байна” хэмээн Цагаан ордны төлөөлөгч Жей Карни мэдэгдэв. Сирийн арми Эль-Кусейр хотыг эзлэхдээ өөрийн хүчээр бус, “Хезболла” болон Ираны тусламжтайгаар эзэлсэн хэмээн АНУ үзэж байна. Ливаны бүлэглэл болон Лалын бүгд найрамдах Иран улсыг Сириэс босогчид, дайчдаа татахыг Вашингтон шаардлаа.

Швейцарь дипломатч дархан эрхээ хасуулжээ

Швейцарь улс Парис дахь Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага дахь байнгын төлөөлөгчийнхээ дипломат дархан эрхийг хасчээ. 54 настай Стефан Флюкигер элчин сайдын эрэмбэтэй байсан бөгөөд уржигдар шөнө цагдаа нарт саатуулагджээ. Тэрээр Mercedes-ийн жолооны ард сууж Парис хотоор хурд хэтрүүлэн явж байгаад цагдаа нарын хараанд орсон ч зугтсан аж. Цагдаа нар галзуурсан Mercedes-ийг зогсоохын тулд дугуй руу нь бууджээ.
Флюкигер согтуугаар жолооны ард сууж цагдаа нартай муур, хулгана болж тоглосон нь энэ байлаа. Түүнийг баривчилсан ч тэрээр дипломат үнэмлэхээ үзүүлэн суллагджээ. Гэвч дараа нь дипломат эрх ямбаа хасуулсан байна.

Лондон дахь лалын сүм, лалын төв үнсэн товрог болов

Лондоны хойд хэсэгт орших лалын сүм, түүнтэй залгаа лалын соёлын төв үнсэн товрог болтлоо шатжээ. Лалын шашныг үзэн ядсан хүмүүс албаар галдан шатаасан байж болзошгүй хэмээн цагдаа нар үзэж байна. Түймэр гарсан хороололд сомали гаралтай хүмүүс их байдаг ажээ.
Тавдугаар сарын 22-нд Лондон хотод цэрэг Ли Ригбиг хутга, балиусаар зэвсэглэсэн хоёр хар арьст этгээд зэрлэгээр хороосны дараа Их Британид үндэстэн, шашны бүлгүүдийн хоорондох харилцаа хурцадсан юм. Лалын хэт даврагч хоёр этгээд Хатан хааны их бууны сургуулийн сонсогчийг автомашинаар мөргөж унагаад дараа нь хутгаар сийчиж, толгойг нь тасдах гэж оролджээ. Тэд хажуугаар явж байсан хүмүүсийг энэ аллагыг гар утсаараа бичихийг шаардаж байжээ.

No comments:

Post a Comment