Sunday, June 30, 2013





Б.Обама Африкийг эрчим хүчээр хангахаа амлав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Африкийн эрчим хүчний хөгжилд долоон тэрбум доллараар туслана хэмээн амлав. Энэ мөнгө “Африкийн эрчим хүч” төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшилд зарцуулагдах аж. Этиоп, Либери, Нигери, Танзани, Гана улс энэ тусламжид хамрагдана. Эдгээр улсын хүн амын гуравны хоёр нь эрчим хүчгүй амьдарч байна. Дээрх мөнгөөр африкууд төрөл бүрийн цахилгаан станц барьж, мөн нефть, хийн хайгуул хийх юм.

Хорват Европын холбоонд элслээ

Хорват улс долдугаар сарын 1-нд Европын холбоонд албан ёсоор элсч тус холбооны 28 дахь гишүүн улс боллоо. Хорват хэл Европын холбооны 24 дэх албан ёсны хэл болжээ. Хорватын иргэд улс орон даяар энэ баярыг тэмдэглэж байна. Загреб хотын төв талбайд цугласан 20 мянган хүний өмнө Евро комиссын тэргүүн Жозе Мануэль Баррозу гарч ирж баяр хүргэлээ. Хорватыг Европын холбоонд нэгтгэх гэрээ 2011 оны арванхоёрдугаар сард байгуулагдаж, 2012 оны нэгдүгээр сард болсон бүх нийтийн санал асуулгаар тус улсын иргэдийн олонх нь энэ нэгдлийг дэмсэн юм.

Египет дахь мөргөлдөөнд долоон хүн амиа алджээ

Египетэд Ерөнхийлөгч Мохамед Мурсийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарсны улмаас долоон хүн амь насаа алдаад байна. Каир хотын өмнөд дүүрэгт таван хүн амь үрэгдсэн бол, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний штабыг довтлох үеэр хоёр хүн амиа алджээ. Мөргөлдөөний улмаас 600 орчим хүн гэмтэж бэртээд байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг нь сөрөг хүчний залуусын “Тамарруд” хөдөлгөөн ажээ. Тэд Мурсийг огцруулахын тулд хоёр сарын дотор 22 сая гарын үсэг цуглуулаад байгаа юм. Гэвч М.Мурси огцрох бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна. Сөрөг хүчнийхэн түүнд хоёр хоногийн хугацаа олгосноо зарлалаа.

Япон хосуудын 58 хувь нь сексгүй амьдардаг

Sagami Rubber Industries Co. Компани 20-69 насны 15 мянган япон эрэгтэй, эмэгтэйгээс судалгаа авахад гэрлэсэн хосуудын 55.2 хувь нь ямар ч сексгүйгээр амьдардаг гэжээ. 40-59 насны эрчүүдийн 60 хувь нь эхнэр, эсвэл хамтрагчтайгаа хэзээ ч “загас наадуулдаггүй” гэсэн байна. Гэр бүлийн хосууд сард 1.7 удаа секс хийдэг гэсэн дүн гарчээ. Хамтрагч нь хүсдэггүй, мөн цаг хугацаа бага байдаг гэсэн шалтгааныг япончууд нэрлэсэн байна.

Ойн түймэр унтраах үеэр 19 гал сөнөөгч амиа алдлаа

АНУ-ын Аризона мужид ойн түймэртэй тэмцэж байсан 19 гал сөнөөгч амиа алджээ. Ойн түймрийн улмаас мужийн төв дэх Ярнелл хотын оршин суугчдыг зайлуулаад байсан юм. Гал түймэр олон зам харгуйг хаажээ. Түймрийг унтраахаар 200 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд нэмэлт хүч явуулахаар төлөвлөжээ. Амралтын өдрөөр гарсан гал түймэр 50 гаруй байшинг залгиж, асар хурдан тархаад байгаа аж.

Чилийн экс Ерөнхийлөгч сунгаанд тэргүүлж байна

Чилид арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж сөрөг хүчний эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаа явагдаж байна. Экс Ерөнхийлөгч, хатагтай Мишель Бачелет сөрөг хүчний “Шинэ олонх” эвслийн сунгаанд өрсөлдөгчдөө илт давамгайлж байгаа аж. Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньерагийн бүрэн эрхийн хугацаа 2014 онд дуусна. Чилийн хуулиар, Ерөнхийлөгч хоёр дараалан сонгогдож болдоггүй ажээ. 

No comments:

Post a Comment