Tuesday, June 18, 2013





Дүрвэгсдийн тоо 45.2 саяд хүрэв

2012 онд дэлхий даяар дүрвэгсдийн тоо 45.2 саяд хүрлээ хэмээн НҮБ-ын дэргэдэх Дүрвэгсдийн асуудал хариуцсан хорооноос мэдэгдлээ. Энэ нь сүүлийн 18 жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. Өнөөдөр 15.4 сая 937 мянган хүн гадаад руу дүрвэж гарсан бол, 28.8 сая хүн эх нутаг дотроо шилжиж, дүрвэж амьдарч байна. НҮБ-ын илтгэлд энэ онд Сири улсаас дүрвэсэн хүмүүсийн тоог оруулаагүй аж.
Иргэд орон гэрээ орхин дүрвэх гол шалтгаан нь дайн юм. Нийт дүрвэгсдийн 55 хувь нь дайн байлдаантай байгаа Афганистан, Сомали, Ирак, Сири, Суданы иргэд байгаа ажээ. Дүрвэгсдийнхээ тоогоор Афганистан улс сүүлийн 32 жилийн турш тэргүүлж байна. Дөрвөн дүрвэгч тутмын нэг нь афган хүн байдаг аж. Афганистаны дүрвэгсдийн 95 хувь нь Пакистан, Иранд очиж толгой хоргоддог байна. 2012 онд
Пакистан хамгийн их дүрвэгч
(1.6 сая) хүлээж авчээ. Араас нь Иран (868 мянга), Герман (598 мянга) орж байна.

Оршуулган дээр бөмбөг дэлбэлжээ

Пакистаны Хайбер мужид амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 18 хүний аминд хүрлээ. 50 орчим хүн шархаджээ. Амиа алдсан хүмүүсийн дунд “Шударга ёс” намын депутат Имран Мохман байна. Тэрээр халдлагын гол бай байсан хэмээн цагдаагийн газраас мэдэгдэв. Мохман бие даан нэр дэвшиж парламентад сонгогдсоныхоо дараа тус намд элсчээ.
Тавдугаар сарын 19-нд Пакистанд “Шударга ёс” намын дэд тэргүүн, хатагтай Захра Шахид Хусейн алуулсан юм. Гурван залуу гэрийнх нь гадаа отож байгаад Захрагийн толгой руу нь буудаж хөнөөсөн билээ. Намын лидер Имран Хан энэ аллагад эрх баригчдыг буруутгасан байна.

Тагнах програм 50 халдлагыг зогсоож чаджээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн тэргүүн Кит Александр “Цахим тагнуулын програмын тусламжтайгаар 2001 оноос хойш үйлдэгдэх гэж байсан 50 гаруй халдлагыг таслан зогсоосон” хэмээн мэдэгдэв. Нью-Йоркийн хөрөнгийн бирж рүү халдах гэж байсныг ийм аргаар зогсоосон аж. Цахим шуудан, серверүүд рүү нэвтэрч цуглуулсан мэдээллийг 20 гаруй орны эрх баригчид ашигласныг генерал хэллээ. Америкийн тагнуулын албад телефон утас, интернэтийн компанийн хэрэглэгчдийн талаарх мэдээллийг цуглуулдаг тухай ТТГ-ын ажилтан Сноуден дэлгэж шуугиан дэгдээсэн билээ. 2009 оны есдүгээр сард Лондонд болсон “Их-20”-ийн уулзалтын үеэр Британийн тусгай албад Туркийн дипломатуудын телефон яриаг чагнаж, компьютер рүү нь нэвтрэн мэдээлэл хулгайлсан тухай Сноуден хэвлэлд ярьжээ.

Ж.Ассанж Эквадорын Элчин сайдын яамыг орхихгүй

Wikileaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж өөрт нь тулгаж буй хүчингийн гэмт хэргийн буруутгалыг цуцалсан ч Лондон дахь Эквадорын элчин сайдын яамны байрыг орхиж явах бодолгүй байна. Тэрээр өөрийг нь АНУ-д шилжүүлж өгөхөөс их айж буйгаа сэтгүүлчдэд ярьжээ. Эквадорын Гадаад хэргийн сайд Рикардо Патиньо Британийн зиндаа нэгт сайд Уильям Хейгтэй уулзаж Ассанжийн хувь заяаны талаар хэлэлцээ хийсэн ч бүтэлгүй болжээ. Эквадор улс Ассанжид орогнол олгосон хэвээр байх болно гэдгээ мэдэгдсэн байна.

Хаягдсан хүүхдийг гэр бүлдээ авахыг хориглов

Хятадын эрх баригчид хаягдсан хүүхдийг гэр бүлдээ авахыг хориглосон хууль баталлаа. Гудамжинд хаягдсан хүүхдийг олсон хүмүүс цагдаагийн газарт аваачиж өгөх ёстой хэмээн Хятадын Иргэний хэргийг эрхлэх газраас мэдэгдэв. Засгийн газрын “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогын улмаас угсаа залгамжлах эрэгтэй хүүхдийг эрхэмлэдэг гэр бүлүүд дөнгөж төрсөн эмэгтэй хүүхдийг гудамжинд орхих нь элбэг байдаг. Мөн энэ бодлого нь улс оронд хүүхдийн наймаа цэцэглэхэд түлхэц болж өгчээ.

No comments:

Post a Comment