Monday, July 1, 2013

hey




В.Путин: Сноуден Орост үлдэхийг хүсч байгаа бол АНУ-ын эсрэг үйл ажиллагаагаа зогсоох ёстой

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн Үндэсний Аюулгүйн агентлагийн (NSA) экс ажилтан Эдвард Сноуденийг АНУ-д “хэзээ ч” шилжүүлж өгөхгүй хэмээн өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр онцолж хэллээ. “Гэхдээ Сноуден Орост үлдэхийг хүсч байгаа бол бидний түнш америкуудын эсрэг чиглэсэн үйл ажиллагаагаа зогсоох ёстой” хэмээн Кремлийн  удирдагч сануулсан байна. Зургадугаар сарын 23-наас хойш Москва хотын Шереметьево нисэх буудлын дамжин өнгөрөх бүсэд байсаар байгаа 29 настай америк залуу Оросын тусгай албаны тагнуулч байгаагүй, одоо ч хамтарч хамтарч ажилласан зүйл байхгүй хэмээн батлан хэлсэн юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Танзани улсад айлчилж байх үеэрээ “NSA-ийн экс ажилтныг шилжүүлж авах талаар Оростой дээд түвшинд ярилцаж байна” хэмээн мэдэгдсэн юм. В.Путин үүнтэй бараг зэрэгцэн дээрх мэдэгдлээ хийжээ. ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн тэргүүн Николай Патрушев, Сноудений хэрэг явдлын талаарх хоёр улсын яриа хэлэлцээ ямар нэг шийдвэрт хүрээгүй байна хэмээн ойлгуулсан юм.
Оросын лидер өнгөрсөн долоо хоногт Финланд улсад мэдэгдэхдээ, Сноуден нь Тагнуулын төв газар, Холбооны аюулгүйн албаны тэргүүн Роберт Мюллер, Александр Бортников нарын хариуцах “асуудал” хэмээн хэлсэн билээ. Орос, Америкийн тагнуулын дарга нар энэ сэдвээр хэд хэдэн удаа утсаар ярилцсаныг “Коммерсант” сонин уламжлав. Н.Патрушев өчигдөр “Россия-24” телевизээр ярихдаа, Путин, Обама хоёр Сноудений асуудлыг аюулгүйн албаддаа даатгасныг батлаад “Аль аль талын ашиг сонирхолд нийцсэн шийдвэрт хүрээгүй байна” хэмээн нэмж хэллээ. Ямартай ч Бортников, Мюллер нар байнгын холбоотой байж шийдвэрт хүрэх арга замыг олох даалгаврыг дээд удирдлагаасаа авсан аж. “Энэ нөхцөл байдалд гарц, шийдвэр олох нь тун хэцүү даалгавар болоод байна. Учир нь олон улсын эрх зүйн хүрээнд ажиллах ёстой. Одоогоор энэ хэрэг явдлыг шийдвэрлэх хэм хэмжээ, хязгаарыг олж чадаагүй байна” хэмээн Холбооны аюулгүйн албаны дарга өгүүлэв.

Москва хотноо эрчим хүчний хэлэлцээ хийхээр ирээд байгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Тэр манай улсаас орогнол хүсэх юм бол бид баталгаатай олгох болно” хэмээн хэд хоногийн өмнө батлан хэлсэн юм. Мадуро нутаг буцахдаа Сноуденийг аваад явах боломжийг судалж байгаа талаар “Известия” сонин мэдээлсэн байна. Экс тагнуулчийн анх зорин тэмүүлж байсан Эквадор улс түүнээс нүүрээ буруулсан бололтой. “Лос Анжелес Таймс” сонин Оросын Гадаад яамны эх сурвалжаас иш татан мэдээлэхдээ, NSA-ийн экс ажилтан 15 орноос улс төрийн орогнол хүсчээ. Ямар ямар улс гэдгийг нэрлээгүй ч тэдгээрийн дотор Орос байгаа нь тодорхой болжээ. Эдвард Сноуден “Америкийн тусгай албад намайг хууль бусаар мөрдөн мөшгиж байна. Тагнуулын төв газрын харгис тагнуулын үйл ажиллагааны талаарх шинэ баримтыг дэлгэх эрх надад бий” хэмээн мэдэгджээ.

No comments:

Post a Comment