Sunday, June 30, 2013





Б.Обама Африкийг эрчим хүчээр хангахаа амлав

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Африкийн эрчим хүчний хөгжилд долоон тэрбум доллараар туслана хэмээн амлав. Энэ мөнгө “Африкийн эрчим хүч” төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшилд зарцуулагдах аж. Этиоп, Либери, Нигери, Танзани, Гана улс энэ тусламжид хамрагдана. Эдгээр улсын хүн амын гуравны хоёр нь эрчим хүчгүй амьдарч байна. Дээрх мөнгөөр африкууд төрөл бүрийн цахилгаан станц барьж, мөн нефть, хийн хайгуул хийх юм.

Хорват Европын холбоонд элслээ

Хорват улс долдугаар сарын 1-нд Европын холбоонд албан ёсоор элсч тус холбооны 28 дахь гишүүн улс боллоо. Хорват хэл Европын холбооны 24 дэх албан ёсны хэл болжээ. Хорватын иргэд улс орон даяар энэ баярыг тэмдэглэж байна. Загреб хотын төв талбайд цугласан 20 мянган хүний өмнө Евро комиссын тэргүүн Жозе Мануэль Баррозу гарч ирж баяр хүргэлээ. Хорватыг Европын холбоонд нэгтгэх гэрээ 2011 оны арванхоёрдугаар сард байгуулагдаж, 2012 оны нэгдүгээр сард болсон бүх нийтийн санал асуулгаар тус улсын иргэдийн олонх нь энэ нэгдлийг дэмсэн юм.

Египет дахь мөргөлдөөнд долоон хүн амиа алджээ

Египетэд Ерөнхийлөгч Мохамед Мурсийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарсны улмаас долоон хүн амь насаа алдаад байна. Каир хотын өмнөд дүүрэгт таван хүн амь үрэгдсэн бол, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний штабыг довтлох үеэр хоёр хүн амиа алджээ. Мөргөлдөөний улмаас 600 орчим хүн гэмтэж бэртээд байна. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчдын нэг нь сөрөг хүчний залуусын “Тамарруд” хөдөлгөөн ажээ. Тэд Мурсийг огцруулахын тулд хоёр сарын дотор 22 сая гарын үсэг цуглуулаад байгаа юм. Гэвч М.Мурси огцрох бодолгүй байгаагаа мэдэгдсэн байна. Сөрөг хүчнийхэн түүнд хоёр хоногийн хугацаа олгосноо зарлалаа.

Япон хосуудын 58 хувь нь сексгүй амьдардаг

Sagami Rubber Industries Co. Компани 20-69 насны 15 мянган япон эрэгтэй, эмэгтэйгээс судалгаа авахад гэрлэсэн хосуудын 55.2 хувь нь ямар ч сексгүйгээр амьдардаг гэжээ. 40-59 насны эрчүүдийн 60 хувь нь эхнэр, эсвэл хамтрагчтайгаа хэзээ ч “загас наадуулдаггүй” гэсэн байна. Гэр бүлийн хосууд сард 1.7 удаа секс хийдэг гэсэн дүн гарчээ. Хамтрагч нь хүсдэггүй, мөн цаг хугацаа бага байдаг гэсэн шалтгааныг япончууд нэрлэсэн байна.

Ойн түймэр унтраах үеэр 19 гал сөнөөгч амиа алдлаа

АНУ-ын Аризона мужид ойн түймэртэй тэмцэж байсан 19 гал сөнөөгч амиа алджээ. Ойн түймрийн улмаас мужийн төв дэх Ярнелл хотын оршин суугчдыг зайлуулаад байсан юм. Гал түймэр олон зам харгуйг хаажээ. Түймрийг унтраахаар 200 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд нэмэлт хүч явуулахаар төлөвлөжээ. Амралтын өдрөөр гарсан гал түймэр 50 гаруй байшинг залгиж, асар хурдан тархаад байгаа аж.

Чилийн экс Ерөнхийлөгч сунгаанд тэргүүлж байна

Чилид арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж сөрөг хүчний эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаа явагдаж байна. Экс Ерөнхийлөгч, хатагтай Мишель Бачелет сөрөг хүчний “Шинэ олонх” эвслийн сунгаанд өрсөлдөгчдөө илт давамгайлж байгаа аж. Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пиньерагийн бүрэн эрхийн хугацаа 2014 онд дуусна. Чилийн хуулиар, Ерөнхийлөгч хоёр дараалан сонгогдож болдоггүй ажээ. 


Чэн Гуаншен: Хятад дахь өөрчлөлт эрх мэдлээс бус, ард түмнээс ирнэ

Хүүхэд байхдаа халуурсны улмаас хараагүй болсон Чэн Гуаншен бие даан өмгөөлөгчийн мэргэжил эзэмшиж, төрөлх Шандун муждаа эмэгтэйчүүдийг хүчээр үргүй болгож, үр хөндүүлж байгаа эрх баригчдын бодлогыг илчлэн тэмцсэн юм. Гэвч энэ үйл хэргийнхээ төлөө 2006 онд шүүхээс дөрвөн жилийн ял сонсоход шүүх дээр хэн ч түүнийг өмгөөлөөгүй ажээ. 2012 оны есдүгээр сард суллагдсаныхаа дараа Доншигү тосгон дахь гэртээ 20 сарыг гэрийн хорионд өнгөрүүлсний эцэст кинон дээр гардаг шиг зугтаан Бээжинд ирж АНУ-ын Элчин сайдын яаманд хоргодсон билээ. Тэр үеийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны зуучлалын ачаар Чэн Гуаншен эхнэр Юан Вейжин болон хоёр хүүхдийн хамтаар Америк руу гарсан юм. Тэрээр Нью-Йоркийн их сургуульд суралцаж байсан ч Бээжингийн шахалтаар түүний тэтгэлгийг зогсоожээ.
Гэрийн хорионоос зугтсанаас нэг жилийн дараа Чэн Хятадад буцаж очжээ. Гэхдээ бүгд найрамдах улсад бус, 1949 оны иргэний дайны төгсгөл хүртэл Хятадад харъяалагдаж байсан Тайвань арал дээр хөл тавьсан юм. Тайпей хотод тэрс үзэлтнүүдийн номын нээлтэд оролцсон Чэн Гуаншентэй “АВС” сонин уулзаж ярилцжээ.

-Таныг зугтсанаас хойш Хятад дахь танай хамаатнууд хэрхэн амьдарч байна вэ. Таны үеэл Чэн Кэгуй цагдаа нартай тэрсэлдсэн хэргээр гурван жилийн ялаар шийтгүүлсэн..?

-Манай хамаатнууд тосгоноос хол, нууц хараа хяналтад байдаг. Тэгж их дарамталж, цагдахаа больсон гэсэн. Гэвч хөршүүд эрх баригчдаас айхдаа тэдэнд тусалж чадахгүй байна. Миний үеэлийг шийтгэсэн нь намайг зугтсаны өс хонзонг авч байгаа хэрэг юм. Намайг зугтсаны дараа Хятадын эрх баригчид намайг зовоож, тарчлааж байснаа хүлээн зөвшөөрч, энэ хэргийг шалгана гэж амласан ч одоо болтол юу ч хийгээгүй байна. Миний үеэл цагдаа нараас өөрийгөө хамгаалсныхаа төлөө ял авлаа. Хятадын дэглэм бол дарангуйлагч дэглэм, ард түмний өмнө итгэлээ алдсаар байна. Бээжингийн Засгийн газар хэлсэндээ хүрдэггүй гэдгийг дэлхий нийт миний жишээнээс харж авсан биз.

-Та үр хөндөлт, үргүй болгохын эсрэг тэмцлээрээ нэрд гарсан. Гэхдээ Хятад улс энэ их хүн амаа хянахад нэг хүүхдийн бодлого хэрэгтэй юм биш үү?

-Хүн амаа хянахад хэрэгтэй байлаа ч гэсэн би энэ бодлогыг эсэргүүцнэ. Учир нь нэг хүүхэд бодлого нийгмийн бүтцэд нөлөөлж, дараа нь өндөр үнэ төлөхөд хүргэж байна. Хүйсийн тэнцвэргүй байдал, эрэгтэй хүүхдийг илүүд үздэг хандлага зэргийг засч залруулахад их хугацаа шаардагдана. Тэрнээс гадна энэ бодлого амь амьдралыг хүндэтгэдэггүй, хэрэгжүүлж буй арга нь балмад, хүмүүн бус байдаг. Миний амьдарч байсан мужид 130 мянган эмэгтэйг хүчээр үргүй болгож, 600 мянган гэр бүл энэ дайралтад хамрагдсан байдаг. Заримыг баривчилж, зодож, сүрдүүлж мафи маягаар ажилласан байдаг юм.

-Шинэ Ерөнхийлөгч Си Жинпин Хятадад илүү эрх чөлөөг авчрах болов уу?

-Одоог хүртэл би өөрчлөлтийн ямар нэг тэмдэг олж харсангүй. Хятад дахь өөрчлөлт эрх мэдлээс бус, ард түмнээс ирнэ. Ямар ч эзэн хаан эрх мэдлээсээ татгалзаж байгаагүйг манай түүх харуулдаг. Хятадын коммунист дэглэм олон улсын маргааныг дипломат аргаар шийдвэрлэхийг хүсч байна гэж хэлдэг ч дотооддоо болохоор Маогийн Соёлын хувьсгалын үеийг санагдуулам хүчирхийллийн аргыг ашигладаг. Мэдээлэгч, матаасчдыг шагнаж, хүний эрхийн төлөө тэмцэж буй хүмүүсийг залхаан цээрлүүлэх маягаар ажилладаг.

-Улам бүр даяаршиж, боловсрол, мэдээлэл хөгжсөн энэ ертөнцөд Хятадын коммунист нам эрх мэдэлд аль хэр удаан тэсэх бол?

-Энэ нь олон хүчин зүйлээс хамаарна. Нэг талаар, олон улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн ашиг сонирхлын улмаас коммунист дэглэмийг оршин тогтноход хувь нэмрээ оруулж байна. Нөгөө талаар, интернэт дэлгэрч, мэдээлэл авах боломж нэмэгдсэн ч Хятадад тийм ч нээлттэй биш байна. Хятадад асар их мөнгө зарцуулж интернэтийг хянаж байна. Дэглэмийнхэн гаднаас ирж буй мэдээллийг хааж боохыг эрмэлзэж байна. “Кибер Цагаан хэрэм”-ийг зарим хүн нэвтэлж чадаж байгаа ч тэд тийм олон биш. Арабын хаврын дараа Хятадын Засгийн газар илүү их санаа зовних болсон. Учир нь хүмүүс эрх баригчдыг шүүмжлэх нь их болсон.

-Тайваний жишээ Бээжингийн дэглэмд юу зааж байна вэ?

-Тайваний ардчиллын амжилт Хятад дахь хүний эрхийн төлөө тэмцэгчдэд тэмүүлэл, үлгэр дууриал болж өгдөг. Өрнөдийн ардчилал нь Хятадад тохирохгүй гэдэг коммунист үзэл, онолыг Тайваний жишээ няцаадаг. Тэд авторитар дэглэмээ хадгалж байхын тулд л үүнийг ярьдаг юм.

-Хятад улс одоо ардчилалд бэлэн байна уу, эсвэл цаг хугацаа хэрэгтэй байна уу?

-Хятадууд өнөөдөр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн байдалтай байна. Энэ эрх чөлөөгүйгээр ардчиллын төлөөх боловсролыг хөгжүүлж чадахгүй. Иргэд өөрсдийгөө илэрхийлэх илүү орон зайн төлөө тэмцэж, эрх баригчид түүнийг нь хянаж, цагдах аргаа чангатгаж байна. Хүмүүс шинэ зүйл сурах гэж ангаж цангаж байна. Хүний эрхийн зарим бүлэг Үндсэн хуулийг судалж, нөгөө хэсэг нь дахин сонгууль явуулахыг шаардаж байна. Гэхдээ хамгийн хэрэгтэй зүйл нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байна даа.

-Та хэзээ нэгэн цагт Хятадад буцаж очих уу?


-Би буцаж очих нь зайлшгүй. Гэвч олон зүйлээс шалтгаална даа. Одоогоор хэзээ буцаж очихоо мэдэхгүй л байна.

Thursday, June 27, 2013



Б.Обама Африкийн айлчлалаа Сенегалаас эхлэв

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сенегалын нийслэл Дакар хотноо хүрэлцэн ирлээ. Тэрээр ийнхүү Африкийн орнуудаар хийх айлчлалаа эхлүүлж байгаа юм. Цагаан ордны тэргүүн мөн Танзани, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад айлчилна. Б.Обама Сенегалын Ерөнхийлөгч Макей Салтай уулзахдаа тус улсын тогтвортой, тайван байдлыг магтжээ. Барак Обама 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгч болсноосоо хойш хоёр дахь удаагаа Африкт айлчилж буй нь энэ юм.

 

Н.Манделад хиймэл амьсгалын аппарат залгажээ

 

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн бие улам муудсан тул түүнд хиймэл амьсгалын аппарат залгажээ. Энэ тухай тус улсын эрх баригчид мэдэгдэв. Претори хотын эмнэлэгт уушиг нь уудаж эмчлүүлж байгаа 94 настай Манделагийн бие сүүлийн хоёр хоногт эрс муудсан аж. Үүний улмаас Ерөнхийлөгч Жейкоб Зума Мозамбикт хийх гэж байсан айлчлалаа хойшлуулжээ.

Wednesday, June 26, 2013

Хэй.............

Зураг хэрэгтэй бол өчигдрийн мэдээнээс нь авчихаарай


Британийн хатан хааны орлого өссөөр байна

Их Британийн хатан хаан II Элизабетийн орлого түүний эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийн ачаар хоёр дахь жилдээ дараалан өсчээ. Хатан хаан Лондоны Режент-стрит, Виндзорын цэцэрлэгт хүлээлэн, мөн Их Британийн далайн эргийн ихээхэн хэсгийг эзэмшдэг. Оны эцсээр хатан хааны хөрөнгө 58 сая доллараар нэмэгдэх төлөвтэй байна. Энэ мөнгөөр хатан хааны ордныг засах юм. Засгийн газар эдийн засгийн ухралттай тэмцэх бодлого боловсруулсны дараа хатан хааны орлого өсч эхэлжээ.

Sinopec Aнгол дахь нефтийн ордыг худалдаж авлаа

Хятадын China petrochemical corporation буюу Sinopec корпорац Aнголын нефть, хийн орд дахь Aмерикийн Marathon oil фирмийн хувьцааг худалдан авах гэрээ байгуулжээ. Хятадын компани Aмерикийн фирмэд харъяалагдаж байсан орд газрын 10 хувийг 1.52 тэрбум доллараар худалдаж авчээ. Sinopec 2011 онд France's total компанийн таван хувийн хувьцааг өөрийн болгож байсан билээ. Aнголын энэхүү орд газар нь 533 сая баррель нефтийн батлагдсан нөөцтэй юм. Xятадын төрийн мэдлийн компаниуд өсөн нэмэгдэж буй дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахын тулд дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийг худалдан авч байна. Sinopec нь Aзи даяар нефть олборлодог томоохон компани билээ.

Араб эмэгтэйчүүдийг зөөгчөөр ажиллахыг хориглов

Cаудын Арабын Xөдөлмөрийн яам эмэгтэйчүүдийг зоогийн газарт зөөгч, мөнгө хураагчаар ажиллахыг хориглолоо. Энэ шийдвэртээ ямар нэг тайлбар хийсэнгүй. Харин дэлгүүрийн мөнгө хураагчаар ажиллах боломжийг эмэгтэйчүүдэд хэвээр үлдээжээ. 2010 онд ийм эрх олгосныг цөөхөн эмэгтэйчүүд хэрэгжүүлж байгаа аж. Саудын Арабын хууль нь лалын шариатын хуучинсаг хувилбар дээр үндэслэсэн байдаг. Эмэгтэйчүүд автомашин жолоодохыг хориглодог дэлхийн цорын ганц улс нь Саудын Араб юм. 2011 оноос тус улсын эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгч, мужийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болжээ.

АНУ талибуудтай хэлэлцээ хийхэд бэлэн


АНУ Афганы эрх баригчидтай хамтран “Талибан” хөдөлгөөнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа баталлаа. Ерөнхийлөгч Барак Обама, Хамид Карзай нар видео хурал хийх үеэрээ талибуудтай хийх энхийн хэлэлцээнд Кабулын эрх баригчид шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой хэмээн тохиролцжээ. Уржигдар “Талибан”-ы босогчид Кабул дахь Ерөнхийлөгчийн ордон болон Тагнуулын төв газрын Кабул дахь салбарын байр руу довтолсон юм. Энэ довтолгооны хариуцлагыг талибууд хүлээсэн байна. “Талибан” хөдөлгөөн Катарын Доха хотноо энхийн хэлэлцээ хийх төлөөлөгчийн газраа нээхээр болсон билээ.


Хятадууд Никарагуад шинэ”Панамын суваг” барина

Никарагуа улсын парламент Номхон болон Атлантын далайг холбох хөлөг онгоцны сувгийг газар нутаг дээгүүрээ барихыг зөвшөөрчээ. Латин Америкийн дэд бүтцийн  түүхэнд хамгийн томд тооцогдох энэ төслийг гүйцэтгэх эрхийг Хятад улс авчээ. Ингэхдээ Хятад улс шинэ усан сувгийг 100 жил ашиглах эрхтэй болж байгаа нь АНУ-ын нөлөөллийн уламжлалт бүсэд нэгэн зууны турш дураараа загнах боломжтой болж байна гэсэн үг.
Сувгийг барих тендерт Хонконгийн HK Nicaragua Canal Development Investment Co. фирм шалгарчээ. Манагуа Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний улмаас Хятад, Никарагуа хоёр дипломат харилцаагүй байдаг нь үүнд нөлөөлсөн ч үгүй. Төслийн нарийн ширийн зүйл тодорхой болоогүй ч өртөг нь 40 тэрбум доллар байхаар тооцоо гарчээ. Хятадууд 11 жилийн дотор 200 км урт суваг татна, мөн сувгийн дагуу олон улсын нисэх онгоцны буудал, төмөр зам, боомт, нефть дамжуулах хоолой барих аж. Суваг ашиглалтад орсноос хойшх эхний арван жилд Хятад улс Манагуад жил бүр 10 сая доллар төлөх үүрэг хүлээжээ. Дараа нь орлогоосоо хувь хүртээгээд явах юм. Харин 100 жилийн дараа Бээжин усан сувгийг бүх дэд бүтцийнх нь хамтаар Никарагуад хүлээлгэж өгнө. Шинэ суваг Никарагуагийн орлогыг 10 хувиар нэмэгдүүлнэ. Хүн амынх нь 42 хувь нь ядуу энэ улс хятадуудын мөнгөнөөс татгалзаж чадсангүй.
Эхлээд Никарагуа улс сувгийн төслийн талаар Бразил, Венесуэль, Орос, Өмнөд Солонгос, Японтой хэлэлцээ хийжээ. Гэвч гагцхүү хятадууд илүү таатай нөхцөл санал болгосон байна. Тэд хөрөнгө оруулж, барилгын ажлыг гүйцэтгэхээс гадна орон нутгийн инженер, засварын ажилтнуудыг сургаж, Никарагуагийн газар нутаг дээр барилгын материалын бүхэл бүтэн үйлдвэрийг шилжүүлэн байгуулахаар болжээ. Хятад улс эдийн засгийн бус, геополитикийн ашиг хонжоо харж энэ төсөлд оролцож байна хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. “Хятадууд Никарагуад 100 жил байх эрхээ баталгаажуулснаар АНУ-ын ашиг сонирхол хүчтэй байдаг Латин Америк руу чиглэсэн бодлогоо улам идэвхжүүлж байна. Бээжин америкуудын толгой дээр стратегийн чухал байр суурь эзлэх болно” хэмээн Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн дорно дахин судлаач Алексей Маслов өгүүлэв. Вашингтон бүс нутгийн улс төрийн элитүүдэд нөлөөлөх, эрх баригч дэглэмийг солих зэргээр “ажиллаж” сурсан бол, Бээжин Латин Америкийг хөрөнгө оруулалтаар байлдан дагуулахыг эрхэмлэжээ.
Үүнээс гадна, дээрх төсөл Хятадын дотоод нөхцөл байдалд сайнаар нөлөөлөх бололтой. Масловын үзэж буйгаар, Хятад улс асар их чөлөөт мөнгөний нөөцтэй. Хэрвээ энэ мөнгө улс дотроо үлдвэл инфляцийг хөөрөгдөж магадгүй. Харин гадаадад төсөлд зарцуулснаар Бээжин эдийн засгаа тогтворжуулж, өндөр хөгжилтэй орны имижээ хадгалснаар нэг сумаар хоёр туулай буудаж байгаа ажээ.

Зуу гаруй жил ажиллаж байгаа алдарт Панамын суваг Никарагуа улсаас ердөө 600 км-ийн зайд байдаг. Панамын сувгаар дэлхийн ачаа тээврийн дөрвөн хувь нь явж өнгөрдөг. Гэвч сүүлийн үед өндөр үнэ өртгийнх нь улмаас (хөлөг онгоцны уртаас хамаарч 1300-2500 долларын төлбөртэй) олон хөлөг онгоц өөр усан замыг сонгох болжээ. Панамын эрх баригчид энэ нөхцөл байдлыг залруулахын тулд сувгийг өргөтгөж байгаа аж. 2015 онд Панамын сувгийн өнгөрүүлэх хүчин чадал жилд 18 мянга 800 хөлөг онгоц болж нэмэгдэх юм. Ийм байхад Никарагуад байгуулах суваг Панамын сувагтай эн тэнцүү өрсөлдөхөд хэцүү. Тиймээс Хятад улс геополитикийн ашиг сонирхлын үүднээс энэ төсөлд оролцож байгаа нь ойлгомжтой ажээ. 

Tuesday, June 25, 2013






 

 

Serie A-гийн 18 клубын байрыг нэгжжээ

 

Италийн санхүүгийн цагдаагийн алба хөлбөмбөгийн 41 клубын албан өргөөнд нэгжлэг хийжээ. Тэдгээрийн дотор Serie A-гийн 18 клуб байгаа аж. Хөлбөмбөгийн клубүүдийг татвараас зайлсхийсэн, тоглогчид худалдаж авахдаа мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна. Мөн хөлбөмбөгчдийн 12 төлөөлөгчийг сэжиглэн шалгаж байгаа аж.

Нэгжлэгэд өртсөн элит клубүүдээс “Лацио”, “Ювентус”, “Милан”, “Интер”-ийн нэр сонсогдож байна. Неаполь хотын шүүх санхүүгийн луйврын хэргийг шалгах тушаал гаргасны дагуу нэгжлэгийг хийсэн аж.

 

Sinopec Ангол дахь нефтийн ордыг худалдаж авлаа

 

Хятадын China Petrochemical Corporation буюу Sinopec корпорац Анголын нефть, хийн орд дахь Америкийн Marathon Oil фирмийн хувьцааг худалдан авах гэрээ байгуулжээ. Америкийн фирмэд харъяалагдаж байсан орд газрын 10 хувийг 1.52 тэрбум доллараар худалдаж авчээ. Sinopec 2011 онд France's Total компанийн таван хувийн хувьцааг өөрийн болгож байсан билээ. Анголын энэхүү орд газар нь 533 сая баррель нефтийн батлагдсан нөөцтэй юм. Хятадын төрийн мэдлийн компаниуд өсөн нэмэгдэж буй дотоодын эрэлт хэрэгцээгээ хангахын тулд дэлхий даяар эрчим хүчний эх үүсвэрийг худалдан авч байна. Sinopec нь Ази даяар нефть олборлодог томоохон компани билээ.

 

Бразилд бүх нийтийн санал асуулга явуулах уу

 

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Русеф улс оронд үүсээд байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг намжаахын нийтийн тээврийн салбарт 17 тэрбум доллар хуваарилна хэмээн амлаад, бүх нийтийн санал асуулга явуулах санал дэвшүүллээ. Тус улсад нийтийн тээврээр зорчих үнийг нэмэгдүүлсний дараа эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, нөхцөл байдал хүндрээд байгаа билээ. Ерөнхийлөгч мөн эрүүл мэндийн салбарыг сайжруулж, ажлын байр шинээр бий болгоно хэмээн амлаж байна. Р.Дилма жагсаалыг зохион байгуулагчидтай уулзаж ярилцсан юм. Нийтийн тээврийн асуудлыг шийдэхийн тулд Тээврийн асуудал хариуцсан олон нийтийн зөвлөл байгуулах ёстой гэсэн тохиролцоонд хүрчээ.

 

Франсуа Олландын нэр хүнд навс унажээ

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүнд унасаар 26 хувьд хүрчээ. 2012 оны сүүлийн хагасаас хойш түүний нэр хүнд тасралтгүй унасаар байгаа юм. Франц иргэдийн дөнгөж 26 хувь нь Ерөнхийлөгчийн албанд нэг жил болж байгаа Олландын ажлыг сайн гэж дүгнэжээ. Францын шинэ үеийн түүхэнд тэрээр хамгийн нэр хүндгүй Ерөнхийлөгчөөр тодорч байна. Эрх баригч социалист намын нэртэй улстөрч Жером Кюзак татвар төлөхөөс зайлхийсэн хэрэгт холбогдсон нь Ф.Олландын нэр хүндэд муугаар нөлөөлсөн байна.

 

Араб эмэгтэйчүүдийг зөөгчөөр ажиллахыг хориглов

 

Саудын Арабын Хөдөлмөрийн яам эмэгтэйчүүдийг зоогийн газарт зөөгч, мөнгө хураагчаар ажиллахыг хориглолоо. Энэ шийдвэртээ ямар нэг тайлбар хийсэнгүй. Харин дэлгүүрийн мөнгө хураагчаар ажиллах боломжийг эмэгтэйчүүдэд хэвээр үлдээжээ. 2010 онд ийм эрх олгосныг цөөхөн эмэгтэйчүүд хэрэгжүүжл байгаа аж. Саудын Арабын хууль нь лалын шариатын хуучинсаг хувилбар дээр үндэслэсэн байдаг. Эмэгтэйчүүд автомашин жолоодохыг хориглодог дэлхийн цорын ганц улс нь Саудын Араб юм. 2011 оноос тус улсын эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгч, мужийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхтэй болжээ.

 

АНУ талибуудтай хэлэлцээ хийхэд бэлэн

 

АНУ Афганы эрх баригчидтай хамтран “Талибан” хөдөлгөөнтэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа баталлаа. Ерөнхийлөгч Барак Обама, Хамид Карзай нар видео хурал хийх үеэрээ талибуудтай хийх энхийн хэлэлцээнд Кабулын эрх баригчид шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой хэмээн тохиролцжээ. Уржигдар “Талибан”-ы босогчид Кабул дахь Ерөнхийлөгчийн ордон болон Тагнуулын төв газрын Кабул дахь салбарын байр руу довтолсон юм. Энэ довтолгооны хариуцлагыг талибууд хүлээсэн байна. “Талибан” хөдөлгөөн Катарын Доха хотноо энхийн хэлэлцээ хийх төлөөлөгчийн газраа нээхээр болсон билээ.