Sunday, October 2, 2016



Колумбын иргэд энхийн гэрээний эсрэг санал өгчээ

Колумбын эрх баригчид, зүүний радикал FARC бүлгийн хооронд байгуулсан энхийн гэрээг дэмжиж буй эсэх талаар ард иргэдийн дунд бүх нийтийн санал асуулга явуулжээ. Санал асуулгын дүн санаанд оромгүй гарч колумб иргэдийн дийлэнх олонх нь энхийн гэрээний эсрэг санал өгчээ. Колумбын Засгийн газар, Колумбын хувьсгалт зэвсэгт бүлгийнхэн (FARC) дөрвөн жилийн турш хэлэлцээ хийсний эцэст 50 гаруй жил үргэлжилсэн дайн, мөргөлдөөнд цэг тавьж энхийн гэрээнд гарын үсэг зурсан юм. Улс орны Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, босогчдын толгойлогч Тимолеон Хименес нар энхийн тохиролцоонд гарын үсэг зурахад НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун гэрчээр байлцсан билээ. 260 мянган хүний аминд хүрсэн дайныг зогсоох өөр арга байхгүй хэмээн Сантос онцлон тэмдэглэсэн байна.
FARC бүлгийн лидер Хименес 52 жилийн хугацаанд Колумбын эрх баригчидтай хийсэн дайнд амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхнээс уучлал гуйж, золиос болсон бүх хүмүүст нөхөн төлбөр олгоно хэмээн амласан юм. Энэ зорилгын төлөө босогчдын бүлэг өөрсдийн эзэмшдэг бүх хөрөнгө, активаа хураалгахыг зөвшөөрчээ. Эрх баригчдын зүгээс мэдэгдэж буйгаар, FARC ихээхэн хэмжээний газар, тариалангийн бүс нутаг, фермерийн аж ахуй, барилгын компани, дэлгүүрийн сүлжээ эзэмшдэг ажээ. Хар тамхины наймаа, авлига, айлган сүрдүүлэлт, хүний хулгайнаас олсон мөнгийг угаахдаа эдгээр эзэмшил хөрөнгө, бизнесээ ашигладаг байсан юм. Колумбын Засгийн газартай хийсэн гэрээний дагуу, FARC зэвсэгт тэмцлээсээ татгалзаж улс төрийн нам болон хувирч 2018 оны сонгуульд оролцоно. Босогчидтой энхийн гэрээ байгуулсныг эсэргүүцэж байгаа хүмүүс тус бүлгийн лидерүүдийг шоронд хорьж, босогчдын талд байлдаж байсан иргэдийг сонгуульд оролцуулах ёсгүй хэмээн үзэж байна.

FARC бүлэг болон Боготагийн Засгийн газрын хооронд 52 жил үргэлжилсэн дайн мөргөлдөөн нь Америк тивийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн дайнд тооцогддог. Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэг нь 1964 онд Колумбын Коммунист намын байлдааны жигүүр болон байгуулагдаж байжээ. FARC-ийн гол цөмийг улс орон дахь тэгш бус байдлыг сөрөн зогссон жижиг тариачид, фермерүүд бүрдүүлж байв. Колумбын тусгай албадын үзэж буйгаар, эдүгээ FARC-ийн эгнээнд долоон мянга орчим идэвхтэй дайчин байгаа аж. Дахиад найман мянга гаруй энгийн иргэн босогчдын бүлгийг далдуур дэмжиж, хэлхээ холбоотой байдаг. Сүүлийн хэдэн жилд Засгийн газрын цэрэг босогчдын бүлэгт хэд хэдэн томоохон цохилт өгсөн юм. Колумбын нисэх хүчний довтолгооны явцад FARC-ийн олон лидер алуулж, шархдаж, тус бүлгийн хүч, зохион байгуулалт ихээхэн суларсан аж. Босогчдын төлөөлөгчид “Бид аль эртнээс энх тайвныг хүсч байсан. Гагцхүү өмнө нь хүлээн зөвшөөрч боломгүй болзол тавьдаг байсан” хэмээн мэдэгдэж байна. Энхийн гэрээ байгуулснаар босогчдын талд тулалдаж байсан олон мянган хүн энгийн амьдралд шилжих юм. Босогчдыг нийгэмшүүлж төлөвшүүлэх, жирийн амьдралд дасгахын тулд Засгийн газраас тусгай комисс байгуулжээ.

No comments:

Post a Comment