Алеппод дахин байлдаж эхэллээ
Сирийн Алеппо хотод зарласан “хүмүүнлэгийн гал зогсоолт”
дуусч дайн, байлдаан эргэн сэргэлээ хэмээн Британид төвтэй Сирийн хүний эрхийн
байгууллагаас мэдэгдлээ. Гал зогсоосон хугацаанд бүслэгдсэн хотын иргэдэд
хүмүүнлэгийн тусламж хүрээгүй аж. Байлдааны талбар болоод байгаа хотын баруун
өмнөд хэсэгт агаараас цохилт өгч, Алеппо хот орчимд босогчид болон Засгийн
газрын цэргүүдийн хооронд ширүүн тулаан өрнөж байна хэмээн мэдээлж байна. НҮБ
аюулгүй байдлын үүднээс тус хотоос шархадсан хүмүүсийг зөөх ажлаа хойшлуулжээ. Орос,
Сирийн Засгийн газар гап зогсоолтыг ашиглаж хотыг орхин гарахыг иргэдэд уриалж
байсан ч тийм боломж гарсангүй. Цагийн сайханд Сирийн худалдаа, аж
үйлдвэрлэлийн томоохон хот байсан Алеппо 2012 онд эхэлсэн иргэний дайны улмаас
сүйрчээ. Сирийн Ерөнхийлөгчийг дэмжигч хүчнүүд хотын баруун хэсгийг хянаж
байгаа бол, нөгөө хэсгийг босогчид хяналтдаа байлгаж байна.
Дүрвэгчид үймээн дэгдээв
Францын Кале хот дахь дүрвэгсдийн хуаранд үймээн дэгдэж
цагаачид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Цагаачид цагдаа нар руу
чулуу, лонх шидэж, цагдаа нар эсэргүүцлийг тараах утаа ашигласан аж. Кале дахь
хуаранг өнөөдрөөс эхлэн буулгах юм. Зарим хүүхдийг Их Британи руу илгээнэ.
Бусдыг нь Францын өөр хотуудад тараан байрлуулах юм. Калед байрлаж байсан
хүүхдүүдийн эхний хэсгийг хэд хоногийн өмнө Британид авчирчээ. Британид
хамаатан садан нь амьдардаг 39 хүүхдийг өнөөдөр хүргэж өгөхөөр болов. Кале дахь
дүрвэгсдийн хуаранд Ойрхи Дорнодоос ирсэн долоон мянга гаруй цагаач амьдарч
байгаа юм.
Д.Трамп Ерөнхийлөгчийн эхний 100 хоногийн төлөвлөгөөг
танилцуулав
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Дональд
Трамп ялалт байгуулсан тохиолдолд эхний 100 хоногт хийж гүйцээх ажлаа танилцуулжээ.
Тэрээр Цагаан ордны экс ажилтнуудын лоббийг хязгаарлаж, Конгрессын гишүүн,
сенатчдын бүрэн эрхийн хугацааг багасгана хэмээн мэдэгдлээ. Мөн НҮБ-ын цаг
агаарын өөрчлөлтийн хөтөлбөрт хөрөнгө мөнгө хандивладгийн болиулж энэ хөрөнгийг
АНУ-ын дэд бүтцийн салбарт зарцуулна хэмээн онцлов. Үүнээс гадна, Бүгд
найрамдах намын нэр дэвшигч хоёр сая цагаачийг нутаг руу нь буцаана хэмээн
хэлжээ. Тэрээр мөн өөрийг нь шалиг, зүй бус үйлдэл гаргасан хэмээн ярьж байгаа
бүх эмэгтэйг шүүхэд өгнө хэмээн мэдэгдлээ. Одоогоор арван эмэгтэй Трампыг зүй
бус авирласан, эргүүлж хоргоосон хэмээн гомдоллоод байгаа ч Трамп “Тэд бүгд
худал ярьж байна. Тийм юм огт болоогүй” хэмээн мэдэгдэж байна.
No comments:
Post a Comment