Tuesday, October 25, 2016

Колумбын элчин сайд Тито Сауль Пинилья: Колумбын ардчилал, тогтвортой засаглал дэлхийд үнэлэгддэг

Колумб улсаас Сөүл хотод суугаа Элчин сайд Тио Сауль Пнильятай уулзаж ярилцлаа.

-Ноён Элчин сайдын амгаланг айлтгая. Дипломат элчийн хувьд хамгийн түрүүнд хоёр улсын харилцааны түвшин, хөгжлийн талаар асуух нь зүй ёсны байх..?

-Баярлалаа. Тийм ээ, Монгол, Колумб улс алс хол, ертөнцийн хоёр талд оршдог ч бид энэ зайг багасгахыг хүсч байна. Хоёр улсын хоорондох эдийн засаг, боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. Харилцааг шинэ шатанд гаргах хүсэл эрмэлмэл бидэнд байна. Би итгэмжлэх жуух бичгээ өргөн барьснаас хойш дөрөв дахь удаагаа Монголд ирж байна. Энэ удаа боловсрол, соёлын асуудлаар албаны хүмүүстэй уулзаж санал бодлоо солилцож, зарим арга хэмжээг зохион байгуулахаар ирлээ. Жилийн өмнө Монголын бизнесийн төлөөлөл манай улсад зочилж ямар бараа бүтээгдэхүүн импортлож болохыг судалж байсан. Тэд тун өндөр сэтгэгдэлтэй буцсан. Энэ тал дээр боломж их байгаа гэдгийг хэлэх байна.

-Саяхан Колумбын Засгийн газар босогчдын бүлэгтэй энхийн гэрээ байгуулсан нь дэлхий нийтийн анхаарлыг эрхгүй татаж байна. Гэвч үүний дараа бүх нийтийн санал асуулга болж колумб иргэдийн ихэнх нь энэ гэрээг дэмжсэнгүй. Одоо юу болох бол?

-Колумбын бүх иргэд энх амар амьдрахыг хүсдэг гэдгийг хэлье. Дотоодын зөрчил, мөргөлдөөн олон жил үргэлжилж их ч зовлон учруулж, олон ч хүний аминд хүрсэн. Колумбын Засгийн газар энэ байдлыг эцэс болгохоор шийдэж босогчдын эсрэг цэргийн хүчирхэг ажиллагааг арав гаруй жилийн өмнө эхлүүлсэн юм. Үүнээс таван жилийн дараа FARC-ийн (Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэг) дайчдыг хэлэлцээний ширээнд суухаас өөр аргагүй байдалд оруулсан. Засгийн газар болон босогчдын бүлгийн удирдагчид дөрвөн жилийн турш Кубын Гавана хотод хэлэлцээ хийж эзэмшил газар, хар тамхины наймаа, дайны золиос бологчид, мөргөлдөөнийг эцэс болгох, FARC-ийг улс төрийн нам болгон хувиргах гэсэн таван гол асуудлаар хэлэлцээ хийсэн юм. Босогчидтой энхийн гэрээ байгуулах үйл явц удаан үргэлжилсний эцэст дээрх таван асуудлыг нарийн тусгасан энхийн гэрээг байгуулж Ерөнхийлөгч Мануэл Сантос танилцуулсан. Тэгээд ардчилсан Ерөнхийлөгч энэхүү энхийн гэрээг ард түмнийхээ дунд хэлэлцүүлье, ард түмэн ч энэ гэрээнд санаа бодлоо нэмэрлэх ёстой гэж үзээд бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Гэвч санал асуулга тун богино хугацаанд болсон тул иргэд зохих мэдээллийг авч чадаагүй. Үүний хажуугаар сөрөг хүчний суртал ухуулга ч нөлөөлж колумб иргэдийн тал нь гэрээг дэмжиж, тал нь эсрэг санал өгсөн. Гэвч нэг зүйлийг онцолж хэлье. Колумб иргэд энх тайвныг эсэргүүцээгүй, зөвхөн гэмт хэрэг үйлдэж байсан хүмүүсийг шүүхэд шилжүүлэх, FARC улс төрд оролцох эсэх дээр санал зөрөлдсөн юм. “Үгүй” гэсэн санал үл ялиг давамгайлсан ч эцсийн эцэст иргэд энх тайвны төлөө санал өгсөн. “Үгүй” гэсэн хүмүүс гэрээний эдгээр заалтыг л эсэргүүцсэн болохоос энхийн гэрээг эсэргүүцээгүй. Энхийн гэрээ, энхийн үйл явц нэгэнт эхэлсэн. Одоо ямар ч ухрах зам байхгүй. Энэ өдрүүдэд хоёр талын төлөөлөгчид Кубад дахин уулзаж тэрхүү заалтын талаар дахин нухацтай ярилцаж байна.

-Босогчдын талд байлдаж явсан дайчид энгийн амьдралд шилжих нь тийм амар үйл явц биш байх. Энэ үйл явц удаан үргэлжлэх болов уу?

-Тэр мэдээж амаргүй л дээ. Гэхдээ босогчид энгийн амьдрал руу шилжих үйл явц хэзээ, хаана, хэрхэн эхлэх вэ, Засгийн газар ямар хувь нэмэр оруулах вэ, санхүүгээр хэрхэн тэтгэх, ажилд оруулах, ямар цалин өгөх гээд бүгдийг гэрээнд нарийн тусгасан байгаа.

-Колумбын иргэд ер нь Монгол орныг аль хэр мэддэг вэ?

-Колумб хүмүүс бүгдээрээ сургуульд байхаасаа л Монголын эзэнт гүрэн, Чингис хааны тухай судалж мэддэг. Цөмийн зэвсгийг эсэргүүцдэг гадаад бодлогоор нь бид Монголыг мэднэ. Бөхчүүд, нүүдлийн үнэт өв соёлоор нь мэднэ шүү. Ер нь колумбууд Монголыг сайн мэднэ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, боловсролын салбарт хамтарч ажиллахад бидний хувьд нээлттэй байгаа.  Колумбын кафе, жимс, даавуу, гар урлалын бүтээгдэхүүн тун сайн. Колумбын кафе дэлхийд шилдэгт тооцогддог. Манай брэнд бүтээгдэхүүнүүд Орос, Хятад, Японд байна. Яагаад Монголд байж болохгүй гэж, тийм үү. Цаг хугацааны л асуудал. Бид энэ хугацааг наашлуулмаар байна.

-Монголд, Улаанбаатар хотод испани хэлт ертөнцөөс зөвхөн Кубын Элчин сайдын яам байдаг л даа. Колумб, Монгол улс улам ойртон нөхөрлөхөд сурталчилгаа хийх, мэдээлэл солилцох нь чухал. Монголчууд Колумб улсыг бас сайн мэдэхгүй нь үнэн л дээ. Хэдэн хөлбөмбөгчид, тэгээд хар тамхины мафиар нь л мэддэг...?

-Тийм ээ, манай улсын талаар буруу ойлголт байдаг нь үнэн. Колумб бол тэр чигээрээ хар тамхины мафи, дайн байлдаан, хүчирхийлэл ихтэй гэж ойлгодог. Манай улс сүүлийн арван жилд эрс өөрчлөгдсөн. Бид өнөөдөр эдийн засгаараа Латин Америкт дээгүүр орж байна. Хэдийгээр олон жил дайнтай байсан ч эдийн засаг тун сайн байгаа. Колумбын ардчилал, тогтвортой засаглал дэлхийд үнэлэгддэг. Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт манайх өндөр түвшинд хүрсэн. Колумбын арми сүр хүчээрээ Америк тивдээ АНУ-ын дараа орж байна. Эдгээр салбарт Монгол улстай хамтран ажиллах, туршлага солилцохдоо бид нээлттэй байх болно. Танай улстай олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж болно гэж харж байгаа.

-Колумб улсад зочилж, аялж жуулчлахад аюулгүй юу?

-Тийм ээ, Колумбид аялал жуулчлал сайн хөгжсөн. Бид төгс төгөлдөр улс биш ч эдийн засаг, аюулгүй байдлын салбартаа Латин Америкт тэргүүлэх болсон.
Өнгөрсөн жил Монголын 30 орчим иргэн Колумб улсад зочилсон. Сэтгүүл зүй, аялал жуулчлалын курст ирсэн монгол оюутнуудын зардлыг Колумбын тал бүрэн даасан. Монголын уул уурхайн яамны төлөөлөгчид, Гадаад хэргийн яамны дэд сайд манай улсад зочиллоо. Батлан хамгаалах, аюулгүй байдал, хар тамхи, хууль бус наймаа терроризмын эсрэг тэмцлийн тал дээр бидэнд асар их туршлага байна. Энэ туршлагаа монголчуудтай харамгүй хуваалцмаар байна.

- Та дөрөв дэх удаагаа ирж байна. Хөдөө нутгаар аялж амжив уу?

- Нэг их явж чадаагүй ээ. Тэрэлжид очиж Монголын сайхан байгальтай танилцах боломж гарч байсан. Нэг гоё түүх ярихад, арваад жилийн өмнө АНУ-д батлан хамгаалах чиглэлээр курст сурч байхад нэг монгол залуу байсан. Бид танилцаж сайн найз болсон ч курсээ төгсөөд дахиж уулзаагүй. Нэрийг нь мартаж орхисон байсан. Хоёр жилийн өмнө УБ хотод ирж Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барьчихаад гарч ирэхдээ нөгөө найзтайгаа таарч билээ. Тэр Монголын армийн генерал болсон байсан. Их сайхан уулзалт болсон. Монгол найз минь намайг хэд хэдэн газраар авч явсан. Одоо Монгол сэрүүхэн, хүйтэн байна. Гэхдээ би Монгол оронд их дуртай, өвөл ирж үзэхийг хүсч байна.
Колумб нь онгон зэрлэг байгаль, ширэнгэ ойгоороо алдартай улс. Монголчуудыг манай улсад зочилж таньж мэдээсэй гэж хүсч байна. Үзэсгэлэнтэй хот, газар их бий. Картахена хот байна. Испанийн үеийн гоёмсог, уран барилга ихтэй орчин үеийн хот. Габриель Гарсия Маркес нэг хэсэг амьдарч уран бүтээлээ туурвиж байсан хот гэдгээрээ бас их алдартай. Нийслэл Богота хот ч мөн их гоё.

-Габриель Гарсия Маркесийг колумб хүн гэдгийг олон хүн мэддэггүй..?


-Колумб улсад хоёр Нобелийн шагналтан байдаг. Нэг нь Нобелийн уран зохиолын шагналт Габо, нөгөө нь одоогийн Ерөнхийлөгч Мануэл Сантос. Босогчидтой энхийн гэрээ байгуулж, 40 орчим жил үргэлжилсэн дайныг зогсоосныг нь ийнхүү үнэлсэн юм. Габо цэвэр колумб хүн, олон жил Мексикт амьдарсан л даа. Энэ өдрүүдэд Улаанбаатар хотод Колумбын хоёр киног үзүүлэх гэж байна. Колумбын байгаль, ургамал, амьтны дэндүү баян, хосгүй гайхамшгийг харуулсан киног танилцуулна. Мөн суут Габриель Гарсия Маркесийн тухай сонирхолтой баримтат киног монголчуудад үнэ төлбөргүй үзүүлэх юм. Монголчууд Габог тун сайн мэддэг. Суут зохиолчийг илүү сайн танилцуулах, түүний талаарх нэртэй хүмүүсийн санаа бодлыг сонсох боломж гарч ирж байгааг дуулгахдаа таатай байна. Эцэст нь, Колумб нь сайн хөгжсөн, хүчтэй эдийн засагтай, аюулгүй, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд, сайн хөлбөмбөгчидтэй, сайн хүмүүстэй улс шүү гэдгийг дахин хэлмээр байна. 

No comments:

Post a Comment