Татварын өршөөл төсөвт дөрвөн тэрбум доллар авчирлаа
Энэтхэгт зарласан татварын өршөөлийн явцад тус улсын
иргэд нууж хааж байсан 9.5 тэрбум долларын орлого, активаа ил гаргаж мэдүүлжээ.
Татвараас нуусан мөнгө, эд хөрөнгөө ил гаргаж мэдүүлээд харьцангуй бага нөхөн
төлбөр, торгууль төлвөл эрүүгийн хэргийн мөрдлөг хавчлагаас чөлөөлж байгаа аж.
Татварын өршөөлийн улмаас Энэтхэг улсын төсөв дөрвөн тэрбум орчим доллараар
нэмэгдээд байгааг эрх баригчид дуулгалаа. Дөрвөн сар үргэлжилсэн татварын
өршөөл өнгөрсөн баасан гаригт дуусчээ. Засгийн газраас санал болгосон энэ
хугацаанд 64 мянган иргэн нуусан хөрөнгө мөнгөө ил гаргаж мэдүүлсэн хэмээн
Сангийн сайд Арун Жайтли ярилаа. Энэтхэгийн эрх баригчид энэ оны эхээр
мэдэгдэхдээ, татвараас нуугдсан, татвараа дутуу төлсөн, орлогоо нуун
дарагдуулсан 700 мянга орчим иргэн, бизнесмэн байна хэмээн үзэж, тэдгээр
хүмүүсийг татварын өршөөлийг ашиглахыг уриалсан юм.
Дөрвөн сарын хугацаанд олон хүн хөрөнгө орлогоо ил болгож
торгууль, татвараа төлсөн ч энэ нь нууц эдийн засгийн дөнгөж өчүүхэн хэсэг нь
хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Швейцарийн банкууд болон офшор компаниудын
дансанд байгаа ихээхэн хэмжээний мөнгө, актив ил гарсангүй хэмээн зарим хүн
үзэж байгаа аж. Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар авлигатай тэмцэх
хөтөлбөрийн хүрээнд татварын өршөөл үзүүлэхээр шийдсэн юм. Энэ хугацаанд
хөрөнгө орлогоо ил болгож татвараа төлсөн хүмүүст тэрээр талархал илэрхийлжээ.
Францын цагдаа дүрвэгсдийн жагсаалыг тараажээ
Францын Кале хот дахь дүрвэгсдийн хуаранд болсон жагаалыг
цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглан тараажээ. 200 орчим цагаач,
50 орчим идэвхтэн хуаран дахь дүрвэгсдийн нөхцөл байдал хүндэрснийг эсэргүүцсэн
аж. Зарим цагаач Их Британийн далбааг барин жагсаж “Ерөнхий сайд Тереза Мэй
илүү олон цагаач хүлээж авах ёстой” хэмээн мэдэгджээ. Жагсагчид цагдаа нартай
мөргөлдөж чулуугаар нүүлгэсэн байна. Парис хотоос 150 орчим идэвхтэн
эсэргүүцлийн жагсаал болж буй газар руу явах гэсэн ч цагдаа нар замд нь
саатуулжээ.
Кале дахь дүрвэгсдийн хуаранд сүүлийн хоёр жилийн турш
Британид хүрэх гэсэн хүмүүс нэмэгдсээр мянгад хүрээд байгаа аж. Францын эрх
баригчид тус хуарангийн оршин суугчдыг багасгах зорилгоор энэ оны хоёрдугаар
сард хуарангийн өмнөд хэсгийг нь буулгасан юм. Гэсэн хэдий ч цагаачдын тоо
өсчээ. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд энэ оны эцэс гэхэд тус хуаранг бүрэн
хаана хэмээн мэдэгдсэн байна.
Испанийн социалистуудын лидер огцров
Испанийн социалистуудын лидер Педро Санчес намын даргын
албан тушаалаасаа огцорчээ. 2015 оны арванхоёрдугаар сард болсон сонгуулийн
дүнгээр хоср намын ноёрхол (Ардын нам, Социалист Ажилчны нам) төгсгөл болж Podemos
(Бид чадна) нам улс төрд хүч түрэн орж ирсэн
юм. Ямар ч нам олонх болж чадаагүй тул эвслийн Засгийн газар байгуулах хэрэгтэй
болсон ч намууд тохиролцож чадахгүй байсаар өдийг хүрчээ. Социалистуудын лидер
өнгөрсөн гуравдугаар сард Испанийн Засгийн газрын тэргүүнээр тодроход ойрхон
байсан ч парламент дээр хангалттай санал авч чадаагүй юм. П.Санчес огцорсны
дараа социалис намын удирдах зөвлөл Ардын намтай хамтран Засгийн газраа
байгуулахыг дэмжсэн байна.
Шархадсан сурагч нас баржээ
АНУ-ын Өмнөд Каролина мужид есдүгээр сарын 28-нд болсон
буудалцааны үеэр шархадсан зургаан настай сурагч Жейкоб Холл эмнэлэгт нас
баржээ. Сум Жейкоб Холлын хөлөнд онож артерийн судсыг нь тасалсан юм. Тэрээр
цус алдсаны улмаас тархинд нөлөөлж нас барсан хэмээн эмч нар мэдээлэв. Холлоос
гадна Таунвилл хотын сургуулийн бас нэг зургаан настай сурагч, бага ангийн багш
эмэгтэй шархадсан аж. 14 настай жаал гэртээ 47 настай эцгээ буудаж алсны дараа
сургууль дээр ирж хүүхдүүд рүү гал нээсэн ажээ. Цагдаа нар энэ хэргийг шалгаж
байна. АНУ-д сүүлийн хоёр долоо хоногт олон нийтийн газар гал нээсэн хэд хэдэн
тохиолдол гарчээ. Долоо хоногийн өмнө нэг этгээд Иллинойс мужийн их сургуульд
гал нээж нэг хүний аминд хүрч, дөрвөн хүнийг шархдуулжээ. Үүний өмнө Вашингтон
дахь худалдааны төвд нэг эрэгтэй дөрвөн хүнийг буудаж амь насыг нь хөнөөжээ.
Аргентин мини-хөлбөмбөгийн дэлхийн аварга боллоо
Колумбийн Кали хотод болсон мини-хөлбөмбөгийн дэлхийн
аварга шалгаруулах тэмцэээнд Аргентины шигшээ Оросын шигшээг хожиж энэ тэмцээнд
анх удаа түрүүллээ. Аваргын төлөөх тоглолтод аргентинчууд Росын шигшээг 5:4-өөр
хожжээ.Оросын багаас Эдер Лима (16 дахь минут, 21, 40), Дмитрий Лысков (39), Аргентинаас Аламиро Вапораки (17), Леандро Куссолино (20), Алан Бранди (22, 23),
Константино Вапораки (38) нар гоол оруулжээ. Хүрэл медалийн төлөө тоглолтод
Ираны шигшээ Португалыг хожсон байна. Дэлхийн аварга цолоо хамгаалан тоглосон
бразилчууд ¼ шигшээд Иранд хожигджээ.
No comments:
Post a Comment