“Алеппод зөвхөн ядуус л үлдсэн. Явъя гэсэн ч тэдэнд мөнгө алга”
Сирийн иргэний дайны хамгийн хатуу, ширүүн талбар болоод
байгаа Алеппо хотын Башар Асадын дэглэм болон босогчдын мэдэлд байгаа бүсэд
хэдэн арван мянган иргэн үлджээ. Тэд балгас болсон хотыг орхин явахыг хүсч
байгаа ч мөнгө алга. Алеппо хотын иргэд телефон утас болон Skype-аар өөрсдийн
нөхцөл байдлын талаар El
Pais сонинд ярьсан юм. Сирийн хамгийн том хот, эдийн засгийн
төв болж байсан энэ хотоос өнөөдөр сүнс, сүүдэр л үлджээ. Таван жил хагасын өмнө
эхэлсэн Сирийн иргэний дайн 300 мянган хүний аминд хүрч, таван сая иргэн орон
гэрээ орхин гадаад руу дүрвэжээ.
Хикмат Шайхан, 26 настай. Алеппогийн зүүн дүүргийн
сургуулийн захирал
Агаараас ширүүн довтолгоо ирэх үеэр 26 настай Хикмат
Шайханы удирддаг хоёр сургууль хаалттай байдаг. Тэд бөмбөгдөлтийн улмаас хоёр
багш, дөрвөн сурагчаа алджээ. Өнгөрсөн баасан гаригт Шайханы гэр агаарын
довтолгоонд өртөн сүйрэхэд тэрээр ид шидээр амьд үлдсэн юм. “Дээд давхарт
амьдардаг хүн одоо байхгүй. Бүгд нэг давхар, эсвэл хонгил руу шилжсэн” хэмээн
иргэний дайнаас хойш амьдрал газар дор өрнөх болсон хотыг тэрээр тодорхойлж
байна. Гэвч газар дор хичээллэдэг сургууль энэ хоёроос өөр бараг байхгүй аж.
Газар дээрх сургуулийн барилгууд бүгд бөмбөгдөлтөд сүйрчээ.
Шайханы хоёр сургуульд тэрслүү Алеппо хотод тоологдсон 85
мянган хүүхдийн 720 нь өдөрт дөрвөн цагаар суралцдаг. “Дөрвөн цаг мэдээж
хангалтгүй. Гэхдээ бид үл мэдэгчдийн бүхэл бүтэн үе гарч ирэхээс зайлсхийхийг
хичээж байна” хэмээн Шайхан утсаар өгүүлсэн юм. Алеппогийн бүслэлт үргэлжилсээр
байвал өлсгөлөн газар авч сурагчдынх нь амийг авч эхэлнэ хэмээн тэрээр эмээдэг
аж. “Сурагчид хоолгүй хонох нь энүүхэнд. Бүслэлтээс өмнө тариалсан жаахан
ногоог асар үнэтэй зардаг. Алеппо нь үйлдвэрлэлийн хот байсан болохоор Дума,
Мадаяа шиг ногоо, жимс тариалдаггүй байсан. Бид тамд амьдарч байна. Хэлэх ч үг
алга” хэмээн Хикмат Шайхан үгээ төгсгөлөө.
Мохамед Жалил, 40 настай. Түргэний тусламжийн жолооч,
муур тэжээгч
“Хүмүүнлэгийн зам нээсэн юм алга. Тэр зам нээгддэг бол
олон хүн Турк, эсвэл Идлиб рүү явна биз. Бүгд туйлдаж ядарсан байна. Энд зөвхөн
ядуус л үлдсэн. Явъя гэсэн ч тэдэнд мөнгө байхгүй” хэмээн Жалил өгүүлж байна. Мохамед
Жалил дайны үеэр эзэнгүй орхигдсон муурнуудыг гэртээ авч тэжээсээр Алеппо хотод
“Муур тэжээгч” хэмээн алдаршжээ. Хорь орчим хөршүүд нь дүрвэхдээ “Дараа ирэхдээ
авна” хэмээн түүнд муураа үлдээгээд явсан аж. Өнөөдөр Жалилын муурны тоо 170-д
хүрчээ. Нийтийн сүлжээнд танигдсан Жалил муураа тэжээхийн тулд “Алеппогийн
муурнууд” нийгэмлэгээр дамжуулан хандив цуглуулж чадсан байна. Мөн тэрээр
хандивын мөнгөөр түргэн тусламжийн хоёр автомашин худалдан авсны хажуугаар 50
бэлэвсэн эхнэрийг хүүхдүүдийнх нь хамт тэжээж байна. Жалил 12 сайн дурын
ажилтны хамтаар түргэний хоёр тэргээрээ шархадсан, нурангид дарагдсан хүмүүсийг
олж эмнэлэгт хүргэдэг. Дөрвөн сарын өмнө эхнэр, хүүхдүүдээ Турк руу явуулжээ. “Хүүхдүүд
маань 11, 16 настай. Аав биднийг бичиг үсэггүй болгосон гэж хэлүүлэхгүйн тулд
би хүүхдүүдээ тийш нь явуулсан” хэмээн тэрээр бахархалтай ч гунигтайгаар
өгүүлэв. Гэсэн хэдий ч, цахилгаанчны мэргэжилтэй Жалил эхнэрийнхээ гуйлтыг үл
хайхран Алеппод үлдэхээр шийдсэн юм. “Тэдний минь амь амьдрал минийхээс үнэтэй.
Тэднийгээ энд үлдээсэн бол би өглөө бүр өөрийгөө толинд харж чадахгүй” хэмээн
Мохамед санаа алдлаа.
Мохамед Кантар, 14 настай. Өнчин
Жил хагасын өмнө өнчин хоцорсон Кантар хөвгүүн 3-15 насны
өөр 45 хүүхдийн хамтаар Асрамжийн газар амьдрах болжээ. Найзуудтайгаа хөлбөмбөг
тоглож байхад нь тэнгэр доргих шиг болж нурангид дарагдсан түүнийг хүмүүс татаж
гаргасан аж. Тэр цагаас хойш эцэг эхийнхээ барааг харсангүй. Тэд бөмбөгдөлтөд
өртөн амиа алдсан байв. Эгч нар нь дүүгээ харж хандаж чадалгүй орхин явж, 18
настай ах нь босогчдын отрядад орж байлдах болжээ. Тэрээр газар дор орших
Асрамжийн газар хоноглож өнчин хүүхдүүдтэй сайн найз болсон байна. Хүүхдүүдийг
бөмбөгдөлтөд өртөнө хэмээн гарахыг хориглодог ч тэд Асрамжийн газраасаа зугтаж
гараад гудамж, балгасан дунд баахан тоглож байгаад орж ирдэг ажээ. Эцэг нь
дөрвөн жилийн өмнө шоронд хоригдож байгаад алга болсон 12 настай Самер түүний
хамгийн сайн найз. Самерийн ээж нь бусад олон ээжийн адилаар дайны улмаас
галзуурч, эдүгээ Алеппогоос холгүй орших цөл дахь сэтгэцийн эмнэлэгт байгаа аж.
Гэрэл зурагчин болно хэмээн ярьдаг Кантар Башар Асадын бөмбөгдөлт, нурангинаас
гаргаж байгаа хүмүүсийн зургийг авч дэлхий нийтэд харуулна гэсэн бодолтой
явдаг. Есөн настайгаас нь хойш өөрийг нь мөшгисөн энэ дайн нэг өдөр дуусна
гэдэгт тэрээр итгэлтэй байдаг аж.
Мустафа, 28 настай. Зүүн Алеппод үлдсэн долоон мэс
засалчийн нэг
“Шархадсан хүмүүс шалаар нэг хэвтэнэ. Гэтэл цөөхөн хэдэн
эмч, боох ороос материал ч бараг байхгүй. Бид тэдний нүд рүү харж байгаад аль
нэгийг нь сонгож эмчилдэг. Боолт, эм тариа байхгүй улмаас үхэж буй хүн олон
байна” хэмээн мэс засалч Мустафа ярилаа. Зүүн Алеппо дахь Оман эмнэлэгт
өнгөрсөн амралтын өдрөөр ажиллаж байсан ганц эмч нь тэр байлаа. Тэрээр 20
цагийн турш 15 өвчтөнд хагалгаа хийжээ. Босогчдын мэдэлд байгаа Алеппод 35 мэс
засалч байснаас одоо долоо нь үлджээ. 250 мянган хүний амь нас тэднээс хамаарч
байна. Сүүлийн хэдэн долоо хоногт гэхэд л Алеппо хотын зүүн хэсэгт 338 хүн амь
насаа алдсаны 106 нь хүүхэд. 846 хүн шархаджээ. Найман эмнэлгээс тал нь үлдэж
бусад нь бөмбөгдөлтөд өртөн сүйрсэн аж.
No comments:
Post a Comment