Мерседес Барча: Маркес намайг дандаа л инээлгэж, хөгжөөж
байдаг
Нобелийн шагналт, агуу Габриель Гарсия Маркестэй 56 жил
ханилж, ядуурал, зовлон гачигдал болон суу алдрыг нь үнэнчээр хуваалцсан
Мерседес Барча Пардо эдүгээ 84 насыг зооглож Мехико хотод энх тунх амьдарч
байна. Египет өвөөгөөсөө Нил мөрний нууцлаг гоо үзэсгэлэнг уламжилж авсан
дэндүү даруухан бүсгүй Мерседес амьдралдаа хэвлэлд хоёрхон удаа ярилцлага өгч
байсан юм. Габо 1982 онд Нобелийн уран зохиолын шагнал авсны дараа Мерседесийн
энэ ярилцлага Semana сэтгүүлд
гарч байжээ.
-Та Гарсия Маркестэй яаж танилцаж байсан бэ?
-Яг санадаггүй юм аа. Бид хоёулаа жаахан хүүхэд байлаа. Хэн
нэгнийг бодож өсч өндийж буйгаа мэдэрч эхэлсэн тэр цаг мөчийн нэг учрал байсан.
-Түүнтэй гэрлэнэ, амьдрана гэдгээ хэзээ, яаж мэдсэн бэ?
-Габо нэг өдөр давхиж ирээд “Чи надтай гэрлэх ёстой” гэж
хэлж билээ. Би илүү романтик, гоё үг хэлэх байх гэж хүлээж байсан юм. Гэтэл тэр
ингэж захирангүй маягаар хэлэхэд нь гайхсан. Гэвч эцэст нь жаахан айсан ч
хүлээн зөвшөөрсөн.
-Маркестэй гэрлэхдээ түүнийг алдартай хүн болно гэж мэдэж
байсан уу?
-Тэгэлгүй яахав! Тэгээд л түүнтэй гэрлэсэн хэрэг.
-Габриель Гарсия Маркесийн зохиолын ямар баатар танд илүү
таалагддаг вэ? Яагаад?
-Урсула Игуаран. Гэхдээ яагаад таалагддагийг хэлж
мэдэхгүй юм. Ямар ч байсан надад түүнтэй адил төстэй тал байхгүй.
-Габогийн уран бүтээлийн болон хувийн амьдралд хамгийн их
нөлөөлсөн зүйл юу вэ?
-Уран бүтээлд нь юу нөлөөлснийг мэдэхгүй. Харин хувийн амьдралд
нь намайг л их нөлөөлсөн гэж ярьдаг юм.
-Тэр мачист (эрэгтэй хүйсийг илүүд үзэх үзэлтэн) уу?
-Үгүй ээ, яалаа гэж дээ!
-Та феминист (эмэгтэй хүйсийг илүүд үзэх үзэлтэн) үү?
-Би феминизмийг үзэн яддаг.
-Та их өлсгөлөнгөөс бүдүүн, язрах шахсан үхрүүд гээд янз
бүрийн цаг үед амьдарчээ. Таны амьдралын хамгийн жаргалтай үе юу вэ?
-Тэр их өлсгөлөн гэдэг чинь жаахан дэгсдүүлсэн яриа
байсан л даа. Габо “Зуун жилийн ганцаардал”-аа бичиж байхад бид ядуу байсан.
Тэр төлөвлөсөн хугацаандаа дуусгаж чадалгүй сунжирч бидний мөнгө дуусчихсан. Гэвч,
одоо харахад тийм ч аймшигтай юм огт байгаагүй. Залуу явахад бэрхшээл зовлонг
нэг их анзаардаггүй, хүндээр тусгаж авдаггүй юм байна. Хөгшрөөд ирэхээр
асуудал, бэрхшээл өөрөө байхгүй болчихдог.
-Маркес зохиол бүтээлдээ худлаа юм их бичдэг байсан
гэдэг. Танд том худлаа ярьж байсан тохиолдол байдаг уу?
-Тийм юм байдаггүй байсан. Надад худлаа ярьж байгаагүй.
-Габриель зохиолчийн хувиар их уран сэтгэгч, санаанаасаа
зохиохдоо гаргуун. Амьдрал дээр ямар байсан бэ?
-Эсрэгээрээ, бодит байдалтай зохицсон, хөрсөн дээрээ
буусан хүн.
-Таны дуртай зохиолч хэн бэ?
-Кафка.
-Габо зохиолч болоогүй бол юу болох байсан бол?
-Уран барилгач.
-Ийм алдартай хүнтэй хамт амьдрах хэцүү юу?
-Ямар ч хэцүү юм байхгүй.
-Түүний зохиолыг уншихад амттай байдаг шиг Маркестай
амьдрах хөгжилтэй юу?
-Тун хөгжилтэй. Намайг дандаа л инээлгэж, хөгжөөж байдаг.
-Танд Нобелийн шагнал олгох эрх байлаа. Та хэнд өгөх вэ?
-Габод.
-Таныг, Мерседесийг Габогийн гэргий гэж бүгд мэднэ. Гэвч
Мерседес Барча гэж хэн юм бэ?
-Би бол Мерседес Барча, Габогийн эхнэр.
No comments:
Post a Comment