Парис, Францын шинэ жихадизмийн нийслэл
Хэдэн мянган сэжигтэй этгээд дөрвөн дүүрэг болон дагуул
жижиг хотуудад нь бүгсэн Парис хот Францын лалын радикал үзлийн нийслэл болон
хувирч байна. 65 сая хүн амынх нь 5-6 сая нь лал шашинтай Францын Дотоод
хэргийн яам 15 мянга гаруй лалын радикал үзэлтэй иргэдийг бүртгэж авчээ. Улсын
сургуулиар дамжсан, гэр бүл дотроо, эсвэл шоронд үзэл бодол нь эргэж үндсэрхэг,
радикал болсон франц иргэд сүүлийн 15 жилд Европт жихадист гэмт хэргийн үрийг
тарьж, Франц улсыг Европын холбооны анхны хүчирхэг “лалын” улс болгожээ. Хотуудын
дарга нар сэжигтэй этээдүүдийн талаарх цагдаагийн мэдээллийг гаргаж өгөхийг
Дотоод хэргийн яамнаас шаардаж байна. Энэ мэдээллийг гаргаж өгснөөр юуг ч
шийдэхгүй, шинэ асуудал бэрхшээл үүсгэж магадгүй хэмээн сайд Бернар Казнев үзэж
байна. Дотоод хэргийн сайд Казнев Франц дахь лалын радикализмийн анхны албан
ёсны “газрын зураг”-ийг гаргаж үзэхэд Парис хот Францын ирээдүйн жихадизмийн
нийслэл болон хувирч байгаа нь харагджээ.
Өнөөдөр Парис хотод 300 гаруй тун аюултай лалын дайчин
бүртгэгджээ. Парис болон нийслэл хотын эргэн тойронд байдаг дагуул хотуудыг
оруулбал 1000-1500 орчим аюултай этгээд байна. Метро, галт тэрэгний сайн
ажиллагаа, сүлжээг ашигласан лалын үндсэрхэг үзэлтнүүд нийслэлийн захын
дүүргүүдэд бүгсээр байгаа аж. Эдгээр захын дүүргээс метрогоор 15 минут яваад л
Парисын төвд хүрч болно.
Францад хотын 780 бүс нутаг аюул эрсдэлтэй хэмээн албан
ёсоор тэмдэглэгджээ. Террорист ажиллагаа үйлдэгдэж магадгүй эдгээр бүсээс 50
орчмыг нь маш ауюлтай хэмээн тодотгосон байна. Хотын захын зарим бүс, тухайлбал,
Марсель хотын хойд хэсэг нь гэмт хэргийн
гаралтаар Европт толгой цохиж байгаа юм. Парис хотыг Францын жихадизмийн
нийслэл гэж үзвэл Цэнхэр эрэг болон Хойд эрэг (Бельгитэй хил залгаа) тун аюултай фронт болон бэхжиж байгаа аж. Марсель, Ниц, Лилл, Лион болон
бусад том хотын захын дүүргүүд гэмт хэрэгтнүүдээрээ алдартай ба тэдгээрийн дунд
тун аюултай жихадист дайчид байгаа хэмээн үзэж байна.
Эрх баригчид асуудалтай захын дүүргүүдийг “аврахын” тулд
хэдэн жилийн турш хэдэн сая еврогийн хөрөнгө оруулалт хийсээр байгаа ч олигтой
үр дүн харагдахгүй байгаа юм. Марселийн хойд хэсгийн гэмт хэргийн гаралт Европт
магадгүй хамгийн өндөрт тооцогдож байна. Парисын захын дүүргүүдэд хэрүүл
маргаан, зодоон, танхайн гэмт хэрэг байнга гардаг аж. Өнгөрсөн долоо хоногт хар
арьстай хэсэг франц залуус дөрвөн цагдааг чулуугаар нүүлгэж, галдаж хүнд
гэмтээжээ. Хоёр цагдаагийн биеийн байдал хүнд байна. Парис болон бусад хотод
цагдаагийн нэгжлэг, ажиллагаа үргэлжилж, террорист ажиллагаа явуулж магадгүй
гэж үзсэн иргэдийг баривчилж саатуулсаар байна. 2015 оны арваннэгдүгээр сард
лалын террористууд Парис хотод хэд хэдэн алан хядах ажиллагаа явуулж 137 хүний
аминд хүрсэн юм.
No comments:
Post a Comment