Saturday, October 15, 2016




Хойд Солонгосын туршилт бүтэлгүйтжээ

Хойд Солонгос баллистик пуужин харван туршсан ч амжилтгүй боллоо хэмээн Америкийн цэргийнхэн мэдэгдэв. Улс орны баруун хойд хэсгийн Кусонг хотоос пуужинг харвасан хэмээн Пентагоны төлөөлөгч ярилаа. Пхеньяны эрх баригчид энэ мэдэгдлийн талаар ямар нэг тайлбар хийсэнгүй. Хойд Солонгосын цэргийнхэн өнгөрсөн наймдугаар сард хэд хэдэн баллистик пуужин туршихад нэг нь гараан дээрээ дэлбэрсэн хэмээн АНУ мэдэгдэж байв. Пхеньян цөмийн зэвсгийн тав дахь туршилтаа амжилттай хийснээ есдүгээр сард зарласан юм. Тэрхүү туршилтын улмаас таван магнитудын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд хойдуудын хамгийн хүчтэй туршилт боллоо хэмээн Өмнөд Солонгосын тал үзсэн байна. Хойд Солонгос үүний өмнөх цөмийн туршилтыг 2016 оны нэгдүгээр сард хийсэн билээ. НҮБ ч тус улсын эсрэг хориг арга хэмжээ авсан юм.

Хүүхдийн хүйс тодорхойлдог сүлжээг илрүүлэв

Хятадын цагдаа жирэмсэн эмэгтэйчүүдэд хүүхдийнх нь хүйсийг тодорхойлж өгье хэмээн хууль бусаар мөнгө авдаг сүлжээг илрүүлж 75 хүнийг баривчилжээ. Тэд жирэмсэн бүсгүйчүүдийн цусны шинжилгээг Хонконг руу илгээж хүүхдийн хүйсийг нь тодорхойлж өгдөг байсан аж. Энэхүү хууль бус сүлжээнд 300 гаруй хүн ажиллаж байв. Хятадад 1995 онд баталсан “Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах” хуулийн дагуу төрөх хүүхдийн хүйсийг тодорхойлохыг хориглодог. Ураг өвчтэй эсэхийг тогтооход л хүүхдийн хүйсийг мэдэхийг зөвшөөрдөг байна. Ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг мэдэхийг хүссэн эцэг эх нар тэдгээр хүмүүст ихээхэн хэмээний мөнгө төлдөг байжээ. Хятадад олон гэр бүл хүүтэй болохыг хүсч, гэдсэнд нь охин хүүхэд байвал тэр хүүхдээс татгалзахыг хүсдэг нь олон жилийн турш баримталж ирсэн “Нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлоготой холбоотой. 1979 оноос хойш үйлчилж байсан энэ бодлого хүйсийн тэнцвэргүй байдлыг бий болгож байна хэмээн үзэж өнгөрсөн жил цуцалсан юм. Гэвч 113 охинд 100 хүү ногддог хүйсийн тэнцвэргүй байдал ойрын жилүүдэд үргэлжилнэ хэмээн үзэж байна.

Мосулыг чөөөлөх ажиллагаа эхэллээ


Иракт Мосул хотыг террорист “Исламын улс” бүлгээс чөлөөлөх ажиллагаа эхэллээ хэмээн DHA агентлаг уламжиллаа. АНУ, Францын нисэх хүчин Мосулын зүүн хэсэг дахь “Исламын улс”-ын байрлалд цохилт өгч эхэлснийг Туркийн NTV телевиз мэдээлжээ. “Исламын улс” бүлгийн дайчид өөрсдийгөө хамгаалах зорилгоор Мосул хотын эргэн тойронд ухсан нүхэнд нефть асгаж шатааж байгаа аж. Мосул хотыг лалын босогчдын гараас чөлөөлөх ажиллагааны идэвхтэй үе шат арай эхлээгүй байгаа юм. Турк улс энэхүү ажиллагаанд оролцох бодолтой байгааг Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган мэдэгджээ. Иракийн хоёр дахь том хот Мосулыг чөлөөлөх нь Иракийн цэргийнхний гол зорилго бодоод байна. “Исламын улс” бүлгийнхэн 2014 оноос хойш Мосул хотыг эзэлж өөрсдийн нийслэл хэмээн зарласан билээ. 

No comments:

Post a Comment