Бранжелина дундын эзэмшлийн хөрөнгөө худалдана
Холливудын хамгийн зартай хос хоёр тийш болсон талаарх дуулиан
үргэлжилсээр байна. Жүжигчин Брэд Питт, Оскарын шагналт Анжелина Жоли нар 2012
онд Франц дахь Миравал эдлэнг 60 сая доллараар худалдан авч, 2014 оны
наймдугаар сарын 23-нд тэнд нүргээнтэйхэн хуримаа хийж байсан билээ. Сэтгэл нь
нэгэнт эргэсэн үзэсгэлэнт Жоли болон Брэд Питт нар энэхүү эдлэнгээ “үгүй хийх”-ээр
үл хөдлөх хөрөнгийн газарт хандаад байна. Тэд хамтын, дундын гэсэн тодотголтой
бүхнээ зарж үрэхээр шийдсэн бололтой. 500 га талбайг хамрах Миравал эдлэнд XVII
зуунд хамаарах харш байдаг. Том, жижиг 35 өрөөтэй энэхүү дээд зэрэглэлийн
тансаг ордонд Pink Floyd хамтлаг The Wall цомгийнхоо бичлэгийг хийлгэж байжээ.
Питт-Жолигийн гэр бүл Миравал эдлэндээ ирж амардаг байсан
юм. Энд 2014 онд хуримаа хийсний дараа 2008 оноос эхлэн үе үе ирж цагийг
өнгөрөөдөг байв. Тус эдлэн нь оршин суух бүсээс гадна 30 га усан үзмийн
тариалантай. Бранжелина эдлэнгийнхээ усан үзмээр өөрсдийн нэртэй улаан дарс
үйлдвэрлэдэг байжээ. Одоо тэндээс нэг ургац хурааж тэдний нэртэй дарс гаргаад
дахиж хийхгүй хэмээн Paris Match сэтгүүл мэдээлэв. Салах үйл явц үргэлжилсээр
буйн хажуугаар таагүй мэдээлэл ч хөврөх болов. Брэд Питт Францаас Лос-Анжелес
руу нисч байхдаа хүү Маддокстойгоо эвгүй харилцаж зодсон гэх нэргүй гомдлыг
Холбооны мөрдөх товчоо шалгаж байна. Мөрдөн байцаагчид Жоли болон хүүхдүүдээс
нь энэ талаар гурван цагийн турш мэдүүлэг авсан юм. Мөн цуутай хосын экс бие
хамгаалагч нар тэдний зарим нууцыг дэлгэж эхэлжээ. Армид 27 жил алба хашсан экс
британи цэрэг Марк Биллинхам Бранжелинагийн хамгаалалтын албаны даргаар хоёр
жил ажилласан юм. Тэрээр “Брэд Питт хүүхдүүдээ нэг их анхаардаггүй, цаг зав
зарцуулдаггүй байсан. Бие хамгаалагч нар нь л хүүхдүүдийг нь ийш тийш хүргэж,
харж ханддаг байсан. Миний хувьд би тэдний албан ёсны бус эцэг шиг нь л байсан.
Ер нь бол хүүхдүүдийг нь хэн нэгэн этгээд хулгайлах, барьцаалах вий л гэж айдаг
байлаа. Баргийн хүнийг тэдэнд ойртуулахгүй шүү. Хүүхдүүдийг нь ийш тийш нь зөөх
ажлыг би л хийдэг байсан” хэмээн хэвлэлд ярьжээ. НҮБ-ын сайн санааны элч
Анжелина Жоли Малибуд 27 сая доллараар худалдаж авсан байшин, эдлэн газраа
өөрийн хяналт шалгалт дор засуулж, шинэчилж байна. Тэрээр зургаан хүүхэдтэйгээ
тэнд амьдрахаар шийдээд байгаа билээ.
Гоо сайхны бүтээгдэхүүнийг амьтан дээр туршихыг хориглоно
Хүнд зориулан үйлдвэрлэж буй гоо сайхны бүтээгдэхүүн
болон түүнд орж буй зарим бодисыг амьтан дээр туршихыг хориглосон орнуудын
жагсаалтад Тайвань нэгдэж байна. Энэ хориг тус арал дээр 2016 оноос эхлэн
хэрэгжиж эхлэх юм. Humane Society International байгууллага амьтдыг “туршилтын
туулай” болгохыг эсэргүүцэж дэлхий даяар #BeCrueltyFree кампанит ажил өрнүүлж
нэг тэрбум 700 сая хүний дэмжлэгийг хүлээгээд байна. Амьтадтай харгис ширүүн
харилцахаас сэргийлэх нийгэмлэгээс (SPCA - Society for the Prevention of Cruelty to Animals) явуулсан судалгаагаар, Тайвань арлын оршин суугчдын 69.2 хувь нь дээрх шийдвэрийг
дэмжиж байгаа аж. Иргэдийн 76.5 хувь нь “Амьтад хүний гоо сайхын өмнөөс зовох
ёсгүй” хэмээн үзэж байна. “Хэдийгээр амьтдад харгис, зэрлэг хандах явдлыг
тайвань иргэд буруутгаж байгаа ч харамсалтай нь тэд амьтад дээр туршсан гоо
сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэсээр байна. Гадаадаас их оруулж ирж байна. Бидний
кампанит ажил үргэлжилнэ. Ийм бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох хүртэл нь
тэмцэнэ” хэмээн Humane Society International байгууллагын төлөөлөгч ярилаа.
Гоо сайхны бүтээгдэхүүний
хамгийн том зах зээл болох Европын холбоо, Норвеги, Израиль, Энэтхэг, Шинэ
Зеланд, Өмнөд Солонгос, Турк, мөн Бразилийн хэд хэдэн муж бүтээгдэхүүн
үйлдвэрлэх явцад амьтад дээр туршилт явуулахыг бүхэлд нь, эсвэл хэсэгчлэн
хориглоод байна. АНУ, Канад, Австрали, Аргентин улс дээрх жагсаалтад нэгдэхээр
зэхэж байгааг Humane Society International байгуулагаас мэдэгдлээ.
No comments:
Post a Comment