Sunday, October 2, 2016



Босогчид Энэтхэгийн цэргийн бааз руу дайрчээ

Кашмир мужийн Энэтхэгийн хэсэгт буюу Барамулла хотод байдаг цэргийн баазыг босогчид довтолжээ. Үүний улмаас нэг хилчин амь эрсдэж, бас нэг цэрэг шархаджээ. Босогчид гранат, буугаар зэвсэглэсэн байв. Кашмир мужийн томоохон хот Шринагараас 50 км-ийн зайд орших Барамулла хотод Энэтхэгийн армийн босогчидтой тэмцэх сумангийн төв штаб байрладаг аж. Босогчид есдүгээр сарын 18-нд Кашмирийн Ури хот дахь Энэтхэгийн цэргийн баазыг довтолж 18 цэргийн аминд хүрчээ. Энэтхэгийн арми хариу цохилт өгч Пакистаны дэмжлэгийг хүлээдэг босогчдын дэд бүтцийг сүйтгэжээ.
Кашмир мужийг Энэтхэгээс тусгаарлаж Пакистанд нэгтгэхийн төлөө тэмцлэг босогчид Пакистанаас зэр зэвсгийн тусламж авдаг хэмээн Дели буруутгаж байна. Лал шашинтнууд дийлэнх хүн амыг нь бүрдүүлдэг Кашмир муж нь Энэтхэг-Пакистаны хоёр ч дайны шалтгаан болж байсан юм. Эдүгээ Энэтхэг улс Кашмирийн төв болон өмнөд хэсгийг, Пакистан улс баруун хойд хэсгийг хянаж байна. Тус мужийн зүүн хойд хэсэг Хятадын мэдэлд байдаг ажээ.

Deutsche Bank цомхотгол хийнэ

Германы Deutsche Bank ойрын үед Герман дахь салбаруудынхаа мянга орчим ажилтныг цомхотгохоор боллоо хэмээн Bloomberg мэдээлэв. Тус банкны тэргүүн Жон Кряны санаачилгээр дээрх шийдвэр гарч байгаа аж. Тэрээр 2015 оны аравдугаар сард мэдэгдэхдээ, Deutsche Bank-ний дэлхий даяарх салбаруудаас нийтдээ есөн мянган ажилтныг цомхотголд оруулна гэсэн юм. Банкны бичиг хэрэг, бүртгэлийг хариуцдаг арын албаны ажилтнууд хамгийн түрүүнд халагдах бололтой. Тус банк 2016 онд бүтэц, зохион байгуулалтаа өөрчлөх зорилго тавьжээ. АНУ-ын Сангийн яам тус банк үнэт цаасны арилжаа наймаан дээр хууль зөрчсөн хэмээн торгууль тавьсан юм. Deutsche Bank торгуулийн асуудлаа нэг тийш нь шийдэхийн тулд АНУ-ын Сангийн яамтай хэлэлцээ хийж эхлээд байна.

Гуантанамо дахь ажилтнуудаа шилжүүлжээ


АНУ-ын эрх баригчид Кубын Гуантанамо цэргийн бааз дахь 700 орчим ажилтан, тэдний гэр бүлийн хүмүүсийг “Мэттью” хар салхинаас хамгаалан нүүлгэн шилжүүлжээ. Иргэдээ байгалийн гамшгийн аюулаас зайлуулахын тулд хэд хэдэн цэргийн онгоц илгээсэн байна. Тэднийг Флорида мужид авчирчээ. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн ихэнх нь цэргийн баазад чухал үүрэг гүйцэтгэдэггүй хүмүүс аж. Гуантанамо дахь цэргийн баазын шоронд хоригдож буй 61 хоригдлыг тэнд нь үлдээсэн байна. Тэднийг хэд хэдэн харгалзагчтай цэргийн баазад үлдээж, тэд хар салхины үеэр хоргодох байранд нуугдсан юм. “Мэттью” нь 2007 онд Атлантын далайгаас боссон “Феликс” хар салхинаас хойшх хамгийн хүчтэй шуурга ажээ. “Мэттью” хар салхи Пуэрто-Рико, Венесуэль, Аруба арал, Курасао, Колумб, Доминикан, Гаитийг дайрчээ. 

No comments:

Post a Comment