Египетэд төрийн эргэлт гарлаа
Египетийн армийн удирдлага Ерөнхийлөгч Мохамед Мурсийг
ард түмнийхээ шаардлагыг биелүүл хэмээн 48 цагийн хугацаа өгч байсан билээ.
Тууштай, хүчирхэг Ерөнхийлөгч хэмээн өөртөө эрдсэн Мурси мэдээж “Үгүй” хэмээн
няцаав. Тулган шаардалтын хугацаа ч дуусч армийн удирдагч Абдель Фаттах Аль-Сиси
хэлсэндээ хүрч Каирын гудамжинд танкуудаа гарган, Мохамед Мурси Египетийн
Ерөнхийлөгч биш болсон хэмээн үндэсний телевизээр зарлаж, Үндсэн хуулийн
үйлчлэлийг зогсоолоо. Фаттах Аль-Сиси ард түмэнд хандан үг хэлэхдээ “Хямрал
үүсгэлгүй, гэм зэмгүй хүмүүсийг уруу татахгүйгээр, хүчирхийлэлгүйгээр жагсаал
цуглаанаа хийцгээ. Үндэсний хагарал, хуваагдлыг зогсоох гэж чармайхдаа ийм
үйлдэл хийлээ. Египетийн зэвсэгт хүчин эх орондоо үнэнч хэвээрээ, ард түмний
аюулгүй байдлыг хамгаалахын тулд үргэлж бэлэн байгаа. ” хэмээн онцолжээ.
Шинэ сонгууль хүртэл улс орны жолоог гартаа авсан
Аль-Сиси үндэсний эвслийн Засгийн газар байгуулна хэмээн зарлав. Шинжээчдийн
багийг томилж, үйлчлэлийг нь түр зогсоогоод байгаа Үндсэн хуульд өөрчлөлт
оруулах бололтой. Батлан хамгаалахын сайд шашны удирдагчид болон цэргийн
лидерүүдийн хамтаар мэдэгдэл хийхдээ, зэвсэгт хүчин Мурсигийн Засгийн газрын
эсрэг жагсаж байсан ард түмний хүсэл зоригийг сонссон гэжээ. Үндсэн хуулийн
шүүхийн тэргүүн Адли Мансур Египетийн Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэхээр
болжээ. Тэрээр дотоодын шилжилтийн үеийг удирдаж, зэвсэгт хүчин болон нам,
эвслүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр хугацаанаас өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийг
зарлах юм.
“Эвлэрлийн зүг хийж буй алхам”
“Зургадугаар сарын 30” сөрөг хүчний фронтын төлөөлөгч
Мохамед Барадей Үндсэн хуулийг зогсоож, Мохамед Мурсийг эрх мэдлээс
тусгаарласан зэвсэгт хүчний үйлдлийг “Үндэсний эвлэрэл рүү хийж буй алхам”
хэмээн нэрлэлээ. Армийн удирдагч Абдель Фаттах Аль-Сиси болон шашны удирдагчдын
хамтаар мэдэгдэл хийсэн Барадей “Одоо нэгдүгээр сарын 25-ны хувьсгалын алдааг
засах боломжтой боллоо” хэмээн мэдэгджээ. Нэгдүгээр сарын 25-нд ард түмний
хүсэлт, шахалтаар улс орныг 30 жил удирдсан Хосни Мубаракийг эрх мэдлээс
зайлуулсан билээ. Египетийн лалын шашны удирдагч Ахмед Таеб “Хуваагдсан ард
түмнийг нэгтгэх боломж агрч ирлээ” гэсэн бол коптууд буюу христос шашны
удирдагч Теодоро “Гарцгүй болчихоод байсан гудамжны эмх замбараагүй байдлыг
намжаах зам нээгдлээ” гэжээ. Өчигдөр сөрөг хүчний лидер Барадей, “Лалын ахан
дүүс” хөдөлгөөнийхэн, суннитууд болон коптуудын удирдагч нар уулзаж, цаашид
хэрхэх төлөвлөгөөг ярилцсан байна.
М.Мурси эх орноосоо гарч болохгүй
Цэргийн удирдагч телевизээр мэдэгдэл хийсний дараа
М.Мурси цэргийн удирдагчид болон цэргүүдэд хандан Үндсэн хуулийг биелүүлж,
төрийн эргэлтийг няцааж, цус урсгахаас зайлсхийхийг уриалжээ. Үүнтэй
холбогдуулан Мурсийн ойрын зөвлөхүүдийн нэг, “Лалын ахан дүүс” хөдөлгөөний
өндөр албан тушаалтан Эсам Хадад, цэргийнэргэлт гарч, Үндсэн хуулийг зогсоосон
нь илүү хүчирхийлэл, эмх замбараагүй байдлыг авчирна хэмээн онцолжээ. Цэргийн
эргэлт гарснаас хойш дөрөвхөн цагийн дараа хойд хэсгийн Марша Матрух хотод
таван хүн амь насаа алдсан байна. Цэргийн эргэлтийг дэмжигчид болон
эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн болж хүний амь үрэгджээ. Төрийн эргэлт
хийсэн цэргийнхэн Мохамед Мурси болон “Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагчдыг
эх орноо орхн явахыг хоригложээ. Мөн лалын шашны удирдагчдыг ч гадаад руу
явахыг хориглосон тушаал Каир дахь олон улсын нисэх буудлын удирдлагад ирсэн
байна.
Зэвсэгт хүчин эрх мэдлийг гартаа авснаа зарласны дараа
баярлаж хөөрсөн олон мянган хүн Тахрир талбайд цугласан юм. Харин Мурсийг
дэмжсэн хүмүүс цуглах гэж байсан Рабеа Адау талбайг хаасан байна. Экс
Ерөнхийлөгчийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарч хүний
амь үрэгдэхээс сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авсан бололтой.
Улс орнууд юу хэлэв
Египетэд цэргийнхэн төрийн эргэлт хийсний дараа АНУ Каир
дахь дипломат төлөөлөгчийн газрынхаа ажилтнуудыг татаж, шаардлагатай цөөхөн
хэдэн хүн үлдээхээр болжээ. Ерөнхийлөгч Барак Обама Египетэд өрнөж буй үйл
явдалд санаа зовниж буйгаа илэрхийлээд, шилжилтийн үеийг түргэсгэж, ардчилсан
Засгийн газраа сонгохыг цэргийнхэнд уриалжээ. Европын холбооны дипломат албаны
тэргүүн Кэтрин Эштон, Египетийн шинэ засаг захиргаанд хандаж ардчилсан үйл
явцаа түргэтгэж, чалаат сонгууль явуулахыг уриаллаа. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, цэргийнхэн Ерөнхийлөгч асан Мохамед Мурсийг
баривчилжээ. Мөн түүний ойрын хамтран зүтгэгчид болон “Лалын ахан дүүс”
хөдөлгөөний хэд хэдэн удирдагчийг саатуулсан байна.
No comments:
Post a Comment