Италийн сайдыг орангутантай зүйрлэв
Италийн “Хойд лиг” консерватив намын улстөрч Роберто
Калдероли Нийгмийн бодлогын сайд Сесили Кайенгегийн үзэл бодлыг орангутан
сармагчинтай зүйрлэжээ. “Би баавгай, чоно гээд амьтанд хайртай. Гэвч
Кайенгегийн үзэл бодлыг харахаар орангутан сармагчингийн ааш, зан харагдаад
байх юм” хэмээн Калдероли нэгэн уулзалт дээр хэлсэн байна. Консерватив улстөрч
Италийн Засгийн газрын анхны хар арьст сайдыг “Өөрийн улс”-даа сайдаар
ажиллахыг зөвлөжээ.
Роберто Калдеролийн үгэнд Италийн Ерөнхий сайд Энрико
Летта ихэд эгдүүцэв. Тэрээр улстөрчийн мэдэгдлийг хүлээн зөвшөөрч боломгүй зүйл
гээд, Ардчилсан бүгд найрамдах Конго улсаас гаралтай сайд Кайенгег бүрэн дэмжиж
буйгаа илэрхийлсэн байна. Италийн Сенатын дэд спикерийн албан тушаалтай
Калдеролийг хэлсэн үгнийхээ төлөө огцрохыг зарим улстөрч шаарджээ. Үүний дараа
консерватив улстөрч “Орангутаны тухай яриа нь тоглоом, наргиа байсан юм” хэмээн
мэдэгдсэн юм. Хар арьст эмэгтэй Сесили Кайенге 2013 оны дөрөвдүгээр сард
Италийн Засгийн газарт сайд болсноос хойш байнга арьс өнгөөр ялгаварлагчдын
довтолгоонд өртсөөр байгаа билээ.
“Хойд лиг” намын
Калдероли нэг бус удаа шуугиан дэгдээж байсан нөхөр. 2006 онд тэрээр лалын
шашныг үндэслэгч Мохамедийг даапаалсан зурагтай цамцыг Италийн төв телевизээр
үзүүлж байжээ. 2006 онд Италийн хөлбөмбөгийн шигшээ баг дэлхийн аварга болоход
Калдероли олон үндэстэн, ястнаас бүрдсэн Францын шигшээ багийг доромжлон, арьс
өнгөөр ялгаварлах үзэл гаргаж байсан юм.
No comments:
Post a Comment