Хятад дахь авлигын муухай нүүр царай
Түүний нүд бүлтгэр, хөмсөг нь урлаггүй, дээр нь толгой нь
халзарч байгаа аж. Таагүй царайтай түүнийг Лэй Жэнфу гэх бөгөөд Хятад дахь
авлига, секс шуугианы гол нүүр царай болж байна. Тэрээр бие бялдраараа бус, Коммунист
намын өндөр алба хашиж байсан гэдгээрээ “ангуучлагдсан” юм. Жэнфу өөрөөсөө 30
насаар дүү биеэ үнэлэгч бүсгүйтэй наргиж байгаа бичлэг интернэтээр тарж шуугиан
дэгдээсэн билээ.
Үл хөдлөх хөрөнгө наймаалагч Сяо Йе гэгч нөхөр түүнийг
сүрдүүлж, жижигрүүлэхийн тулд занга тавьж энэ бичлэгийг хийсэн нь интернэтээр
өргөн тархжээ. “Гурван хоолой” усан цахилгаан станцаас холгүй орших Хятадын
баруун өмнөд хэсгийн хамгийн том хот болох Чонкинд энэ бичлэг “бөмбөг тэсэлсэн”
юм.
Лэй Жэнфу сүрдүүлгийн мөнгийг төлөхийн тулд өөрийнх нь
албан тушаалын нөлөөгөөр ашиг олж хөлжсөн нэгэн барилгын компанийн захиралд
хандсан аж. Хятадын дэглэмд ноёрхож байгаа авлига, хээл хахууль хэрхэн аалзны
тор шиг бүрхсэнийг энэ хэрэг дахин илчилсэн билээ. Бизнес эрхэлж байгаа хүмүүс
Коммунист намын түшмэдийг ихээхэн мөнгө болон хүүхнүүдээр авлигадан ажил хэргээ
урагшлуулдаг аж. Биеэ үнэлэгчтэй наргиж буй бичлэгийнхээ улмаас шалгагдан албан
тушаалаасаа огцорсон Лэй Жэнфу шүүхээс 13 жилийн ял сонсчээ.
Си Жинпин өнгөрсөн гуравдугаар сард Хятад улсын эрх
мэдлийг гартаа авсны дараа авлигын эсрэг кампанит ажлыг эхлүүлснээр эрх баригч
дэглэмийн дээд түшмэлүүд ар араасаа шүүхэд шилжих болсон юм. Авлигын хэргээр
албан тушаалаасаа хусагдаж, саяхан хорих ялаар шийтгүүлээд байгаа түшмэдээс
дурдвал, Төмөр замын яамны сайд Лиу Жижун, Шинэчлэл, хөгжлийн үндэсний комиссын
дэд дарга Лю Тэнан, Сычуань мужийн Коммунист намын дарга Ли Чунчэн нар байна.
Гэвч Ерөнхийлөгч Си Жинпин хүртэл хардагдахгүй байж
чадсангүй. Өнгөрсөн онд Bloomberg
сайт Хятадын шинэ удирдагчийн гэр бүлийн эд хөрөнгийг
үнэлэн 310 сая еврод хүргэжээ. Си Жинпиний гэр бүл газрын ховор элемент
олборлодог 1.34 тэрбум доллараар үнэлэгддэг компанийн 18 хувийг эзэмшдэг аж.
Авлигыг гол зэвсгээ болгосон Хятадын дэглэм өнгөрсөн онд Коммунист намын нөлөө
бүхий лидер, улс орны ирээдүйн удирдагч хэмээгдэж байсан Бо Силайн “бузар
булай”-г дэлгэж, улс төрийн тавцангаас үүрд зайлуулсан юм. Би Силай авлигын
хэрэгт буруутгагдсан бол, эхнэр Гу Кайлай нь Британийн бизнесмэн Нейл Хейвудыг
хордуулж алсан хэрэгт буруутай нь тогтоогдон шуугиан дэгдээсэн. Бо Силайн гэр
бүл Хятад дахь эд хөрөнгөө зувчуулж, татвараас зугтаалгахад британи эр тусалж
байсан бололтой.
Авлига, хээл хахууль Хятадын дэглэмийн салшгүй нэг хэсэг
болсонд хамаг асуудал байгаа ажээ. Учир нь улс төрийн сөрөг хүчингүй, хараат
бус хэвлэл мэдээлэлгүй Хятад орныг Коммунист нам үйлдвэрлэлийн корпорац мэт
удирддаг. Улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл цуг байдаг тул “гуанши” буюу
холбоо сүлбээ, танил талгүйгээр бизнес хийх боломжгүй ажээ.
No comments:
Post a Comment