Цагаачдынхаа урсгалыг хязгаарлахыг Индонеиэс хүслээ
Австралийн Ерөнхий сайд Кевин Радд Индонезид айлчлахдаа
дүрвэгч, цагаачдын асуудлыг хэлэлцэхээр төлөлвлөжээ. Азийн цагаачид Индонезиэр
дамжин Ногоон тивд очих нь эрх нэмэгдэж байгаад Канберра санаа зовниж байна. Ирак,
Иран, Шри-Ланк, Афганистаны цагаачид хамгийн ихээр орж ирдэг ажээ.
2012 онд 17 мянган хууль бус цагаач Австралид хөл тавьсан
бол, 2013 оны эхний таван сард 11 мянган цагаач орж ирээд байна. Цагаачид эх
орондоо мөрдөгдөж, хавчигдаж байна гэсэн шалтгаан тоочдог ч Австралийн тал,
ихэнх нь ажил хийх зорилгоор орж ирдэг хэмээн үздэг аж. Ногоон тивд ирж буй
цагаачдын 90 хувь нь далайгаар, завь, усан онгоцоор ирдэг бөгөөд замдаа
осолдож, амь үрэгдэх нь элбэг байдаг.
Сөүл хэлэлцээ хийх санал дэвшүүлэв
Өмнөд Солонгосын тал хамтарсан үйлдвэрлэлийн Кэсон бүсийн
үйл ажиллагааг сэргээх талаар яриа хэлэлцээ хийх санал дэвшүүллээ. Сөүл
санхүүжүүлж, Хойд Солонгосын иргэд ажилладаг үйлдвэрүүдийн ажил энэ оны
дөрөвдүгээр сард зогссон юм. Пхеньян Өмнөд Солонгос, Америкийн хамтарсан
цэргийн хээрийн сургуулийг эсэргүүцэн тус бүсэд ажилладаг ажилтнуудаа татсан
аж. 20-оод хоногийн өмнө хоёр Солонгос Кэсоны асуудлаар ярилцах гэсэн боловч
дахин санал зөрөлдөж хэлэлцээ зогсонги байдалд оржээ.
Аризона дахь түймрийн талыг нь унтраажээ
Америкийн гөл сөнөөгчид Аризона мужийн төв нутагт гарсан
ойн түймрийн 45 хувийг унтрааж дөнгөөд байна. Хэд хоногийн өмнө энэ түймэртэй
тэмцэж байсан 49 гал сөнөөгч амиа алдсан билээ. Гал түймэр 33 кв км газрыг
хамарчээ. 114 барилга, байшин байгалийн гамшигт өртөн шатжээ. Ярнелл хот орчмын
ой модонд аянга буусны улмаас гал түймэр гарсан юм. Зарим оршин суугч орон
гэрээ орхин явахаас татгалзаж байгаа нь гал түймэрт амь насаа алдах эрсдэлийг
бий болгож байна хэмээн албаны хүмүүс мэдээлэв. Одоогоор 600 орчим гал сөнөөгч
түймрийг унтраахаар тэмцэж байгаа ч хүчтэй салхи, хуурай цаг агаар саад
учруулсаар байна.
Анна Чапман Сноуденд гэрлэх санал тавьжээ
Оросын тагнуулч асан Анна Чапман Америкийн үндэсний
аюулгүй байдлын ажилтан асан Эдвард Сонуденд гэрлэх санал тавьжээ. “Би гал
шаргал үстэй, энхрий ялдам бүсгүй байна. Сноуден, чи надтай гэрлэхгүй биз”
хэмээн тэрээр Twitter
хуудсандаа бичжээ. Америкийн тагнуулын албаны нууцыг
илчилсэн Сноуден Орост үлдсэн үү, эсвэл Боливийн Ерөнхийлөгч Эво Моралесийн
онгоцонд суусан уу гэж дэлхий даяараа таамаглаж байх үед Анна дээрх саналыг
“тавьжээ”. Эдүгээ дэлхийн хэвлэлүүд Анна Чапманыг “Эдвард Сноуденд дурласан
тагнуулч бүсгүй” хэмээн нэрлэж, Жеймс Бондын “Надад дурласан тагнуулч”,
“Оросоос хайр тээж ирнэ” кинотой зүйрлэж байна.
Анна Чапман 2010 онд АНУ-д тагнуул хийсэн хэрэгт
буруутгагдан Америкаас хөөгдсөн юм. Тэрээр эдүгээ загвар өмсөгч, олны танил
болсон билээ. Үүн дээр Холбооны мөрдөх товчооны мэдээлэгчид дурласан бүсгүй
хэмээх гуншин нэмэгдлээ.
No comments:
Post a Comment