Польшийн Ерөнхийлөгч рүү өндөг шиджээ
Польшийн Ерөнхийлөгч Бронислав Коморовский Украины Луцк
хотод айлчлах үеэр нэгэн залуу түүн рүү өндөг шиджээ. Коморовский дэлхийн II дайны үед Украины босогчдын армийн довтолгоонд өртөн золиос болсон
хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн сүмийн мөргөлд суучихаад гарч ирэхэд нь нэгэн
залуу өндгөөр нүүлгэсэн аж. Шидсэн өндөг нь Польшийн Ерөнхийлөгчийг онож
хувцсыг нь завааруулсан хэмээн Польшийн TVN 24 мэдээлэв.
Шахцалдаанд 18 хүн амиа алдлаа
Индонезийн Набир хотод болсон боксын тулааны дараа
шахцалдаан болж дор хаяж 18 хүн амь насаа алдлаа. Боксын рингэн дээр болсон
тулаанд нутгийн эр ялагдал хүлээсэн аж. Үүний дараа танхимд арав гаруй үзэгч
оролцсон зодоон болж, улмаар шахцалдаан үүсчээ. Хүмүүсийн хөлд дарагдаж үхсэн
хүмүүсийн 12 нь эмэгтэйчүүд байна. 40 орчим хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдлээ.
Хятадууд ураны үйлдвэрийг эсэргүүцэв
Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид уран боловсруулах
үйлдвэр барих гэж байгааг нутгийн ард иргэд эсэргүүцэн жагслаа хэмээн “Синхуа”
агентлаг мэдээлэв. Эрх баригчид цөмийн цахилгаан станцын түлш бэлтгэх
үйлдвэрийг тус мужид барихаар төлөвлөөд байсан юм. Нутгийн иргэд үүнийг хүчтэй
эсэргүүцэж үйлдвэрийн барилгын ажлыг зогсоохыг шаардсан байна. Үүний дараа Бээжингийн
Засгийн газар шууд буулт хийж “Үйлдвэр баригдахгүй” хэмээн мэдэгдээд, барилгын
бүх ажлыг зогсоожээ.
Б.Нетаньяху: Ираны шинэ Ерөнхийлөгч бол хонины арьс
нөмөрсөн чоно
Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху өчигдөр
Америкийн CBS
телевизээр мэдэгдэхдээ Ираны шинэ Ерөнхийлөгчийг “Хонины
арьс нөмөрсөн чоно” хэмээн нэрлэжээ. “Тэр бол хонины арьс нөмөрсөн чоно. Иран
улс цөмийн зэвсэг бүтээх “Улаан шугам”-н дээр ирээд байна. Ираны цөмийн
зэвсгийн санаархал үргэлжилсээр байна” хэмээн анхааруулав. Б.Нетаньяхугийн үзэж
буйгаар, Тегеран 20 хувь баяжуулсан 190 кг урантай болоод байгаа аж. Цөмийн
зэвсэг бүтээхэд 250 кг баяжуулсан уран хэрэгтэй байдаг ажээ.
Иракт халдлага болжээ
Иракт болсон цуврал халдлага, дэлбэрэлтийн улмаас нэг
өдрийн дотор 33 хүн амь насаа алдлаа. Кут хотод талхны дэлгүүрийн гадаа
автомашинд тавьсан бөмбөг дэлбэрч есөн хүний амийг авч оджээ. Хилла хотын хойд
хэсэгт болсон халдлагад хоёр цагдаа өртсөн байна. Кербела хотын зах дээр
автомашинтай бөмбөг дэлбэрч дөрвөн хүний аминд хүрлээ.
Иракийн хоёр дахь том хот Басрад дэлбэрэлтийн улмаас
найман хүн нас барлаа. Мосул хотод хоёр цэргийг буудсан бол, Фаллужад нэг
цагдаа амиа алджээ. Ийнхүү амиа алдсан хүний тоо 33-д хүрч шархадсан хүний тоо
200 даваад байна. Долдугаар сар гарсаар Иракт 370 хүн амь насаа алдаад байна.
2013 он гарсаар амиа алдсан хүний тоо 2600-д хүрчээ.
No comments:
Post a Comment