Sunday, July 14, 2013



Галт уулын халуун лааванд дүрэлзсэн гэрэл зурагчин

Гэрэл зургийг хаана ч, юугаар ч авч болно. Далайн эрэг дээр гар утсаар зураг авахад ч хачин гоё гарна. Харин дүрс, цаг мөчийг гэрэл зургийн хальсанд буулгах онцгой агшин гэж байх ажээ. Боломжгүй агшныг ч буулгахын тулд ямар ч аюул, эрсдэлтэй тулгарахад бэлэн мэргэжлийн болон сонирхогч гэрэл зурагчид их бий. Галзуурсан орос гэрэл зурагчид Хеопс пирамидын оройд авиран гарч байсан билээ. Хеопсын оройд гарна гэдэг амь насаараа тоглож байгаагаас гадна шоронд ч орж мэдэх хуультай юм. Пирамидын оройгоос ганц эгшний зураг буулгах гэсэн хүмүүст энэ аюул хамаагүй аж.
Тэгвэл шилдэг зургийг авах шилдэг байрлалыг эзлэхийн тулд галт уулын халуун лааван дээр зогсон шатан дүрэлзэж байж болох уу. Болно гэдгийг гэрэл зурагчин Кавика Сингсон өөрийн биеэр харуулав. Цорын ганц агшныг “барьж авахаар” улайрсан түүний гутал болон аппаратных нь хөл халуун лааванд шатаж байгаа агшин гэрэл зургийн хальсанд буужээ.
Хавай арлын Кайлуа-Конад оршин суудаг байгалийн гэрэл зурагчин Сингсон энэ арлын зургийг тал бүрээс нь авчээ. Хүн хүрэмгүй, жуулчдад хориотой газраас авч үзээгүй байж. Тэрээр энэ зургийг 10 хоногийн өмнө авчээ. Харин энэ агшинд яг ямар газар зогсож байснаа дэлгэхийг хүссэнгүй. “Өөрийнхөө газруудыг би дэлгэх дургүй” гэж Кавика Сингсон хэлсэн нь ажлынхаа байрыг бусдад алдахгүй гэсэн үг бололтой.

Өөрөө өөрийнхөө зургийг дарсан Сингсон “Энэ бол жинхэнэ. Халуун гал, лаав, шатаж байгаа гутал. Энэ агшныг буулгахын тулд би лааванд хэдэн хором шатах хэрэгтэй болсон. Ингэснээрээ би тэнгэрийн хаяаны хосгүй зураг болон өөрийнхөө итгэмээргүй хөргийг буулгасан юм” хэмээн ярилаа. Гэрэл зураг гэдэг тийм амар ажил биш, тэр тусмаа байгалийн гэрэл зурагчин хамгийн хэцүү, бэрхтэй учрахад ч бэлэн байх ёстой хэмээн тэрээр өгүүлж байна.

No comments:

Post a Comment