Saturday, July 27, 2013







Эцэг Буш юуны тулд үсээ хусуулав?

АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч эцэг Жорж Буш хамгаалагчийнхаа хоёр настай өвчтэй хүүг сэтгэлээрээ дэмжиж, эв санаагаа илэрхийлэхийн тулд үсээ хусуулжээ. Хамгаалалтын албаны хэд хэдэн гишүүн цусны өвчнөөр шаналж байгаа хамгаалагч Жоны хүү Патриктэй эв санаагаа нэгтгэн үсээ хусуулсан байсныг 89 настай Буш мэдээд дээрх шийдвэрийг гаргасан байна. Ерөнхийлөгч асан Ж.Буш Патрик хүүгийн хамтаар инээмсэглэн суугаа зураг олон хэвлэл сонин дээр гарчээ. Ж.Буш, түүний гэргий Барбара нар 1953 онд анхны охин Робиноо гурван настайд нь мөн ийм өвчнөөр алдаж байсан юм. Тэгээд хорт хавдрыг судлах, эмчлэх ажилд бүхий л амьдралынхаа туршид тусалж, дэмжсээр ирсэн аж. Хамгаалагчид жаал хүүгийн эмчилгээнд хандив цуглуулахаар www.patrickpals.org сайт нээсэн бөгөөд Буш, Барбара нар ч өөрсдийн хандиваа өргөсөн байна.

Кубын “heavy metal” хамтлагийнхан АНУ-аас орогнол хүслээ

Кубын Hipnosis heavy metal” хамтлагийн зургаан гишүүн АНУ-д аялан тоглолтоор газардсан даруйдаа тус улсаас оршин суух эрх хүсчээ. Тэд нэгэн хувийн промоуторийн урилгаар АНУ-д тоглохоор Майами хотод ирээд байсан аж. “Боломж, бололцоо байдаггүй, хэн ч хэнээс ч юу ч хүлээдэггүй улс орныг орхиж, ирээдүйнхээ эзэн болохыг бид эрмэлзлээ” хэмээн хамтлагийн дуучин, гитарчин Жиовани Милет интернэтэд байрлуулсан мэдэгдэлдээ онцолсон байна. Тэд Гавана хотоос нисч Майамид буунгуутаа орогнол хүсчээ.
Hipnosis хамтлаг 2002 онд шилдэг хамтлагийн шагнал хүртэж, тэр ондоо анхны цомгоо гаргаж байжээ. 2012 онд гаргасан “Revelation цомог нь олон улсын “heavy metal” уралдаанаас шилдэг цомгийн шагнал хүртэж байв.  

Туркийн элчин сайдын яамыг дэлбэлэв

Сомалийн нийслэл Могадишо хотод амиа золиослогч этгээд Туркийн элчин сайдын яамыг дэлбэлжээ. Хоёр хүний амь үрэгдэж, есөн хүн шархадсан байна. “Аль-Кайда”-тай нягт холбоо сүлбээтэй “Аль-Шабаб” лалын хөдөлгөөн Сомалийн Засгийн газрыг дэмждэг Турк улсад ийнхүү дургүйцлээ илэрхийлэв. Нийтдээ гурван алан хядагч элчин сайдын яамыг довтолжээ. Хоёр нь хамгаалагчдыг устгаж, гурав дахь нь дэлбэрэх бодис ачсан машинаар нэвтрэн орж элчин сайдын яамыг дэлбэлсэн аж.
“Аль-Шабаб” нь Сомалийн эрх баригчид болон олон улсын байгуулагын эсрэг байнга халдлага үйлддэг. Тус бүлэг Сомалийн үлэмж хэсгийг хянаж, шариатын хууль дээр үндэслэсэн лалын улс байгуулахыг эрмэлздэг ажээ.

М.Ахмадинежад их сургууль удирдана

Албанаасаа бууж буй Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Тегеранд байгуулагдаж буй технологийн их сургуулийг удирдахаар болжээ. Тэрээр Лалын бүгд найрамдах улсын Соёлын дээд зөвлөлөөс их сургууль байгуулах зөвшөөрлийг авсан байна. Шинэ их сургууль нь мэдээллийн болон нано технологи, сансрын, цөмийн судалгаа шинжилгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх аж.
2005-2013 онд Ираныг удирдсан М.Ахмадинежад наймдугаар сарын 4-нээс шинэ албан тушаалдаа очно. Энэ өдөр шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хасан Рохани тангараг өргөх юм. Ахмадинежад Тегераны их сургуулийг шинжлэх ухаан, технологийн чиглэлээр төгсчээ.

Афганистанд 45 босогчийг устгажээ

Олон улсын цэргийн хүчин Афганистаны Хельманд мужид агаараас довтолж 45 босогчийг устгалаа хэмээн “Синхуа” мэдээлэв. Зэвсэгт босогчид сууж явсан таван авмомашиныг нисэх онгоцноос буудаж 45 босогчийг устгаж, гурвыг шархдуулсан аж. Агаарын довтолгоог талибуудын үүр болоод байсан Бахрамч хотод хийсэн хэмээн Хельманд мужийн засаг захиргааны төлөөлөгч Омар Завак мэдэгдлээ.

Хар арьст сайд руу гадил шиджээ

Италийн Засгийн газрын анхны хар арьст эмэгтэй сайд Сесиле Кайенге Червия хотод олны өмнө үг хэлж байхад нэгэн этгээд түүн рүү гадил шиджээ. Хэдийгээр “гадилан довтолгоо” байндаа хүрэлгүй наана унасан ч шуугиан дэгдэхээс зайлж чадсангүй. Хэд хоногийн өмнө хэт барууны үзэлтэй “Шинэ хүч” намынхан улаан өнгөөр будаж, “Цагаачлал биднийг хөнөөж байна” гэсэн зурагт хуудас барьсан хиймэл хүмүүсээр хар арьст сайдыг угтжээ. С.Кайенге Италийн иргэншил олгох журмыг хөнгөвчлөх хууль санаачилсныг ийнхүү эсэргүүцсэн бололтой. Сенатч Роберто Калдеро саяхан бас түүнийг орангутан сармагчинтай зүйрлэн доромжилсон билээ.

No comments:

Post a Comment